Зовхины үрчлээнээс яаж сэргийлэх вэ?

1094
Ямарваа хүний арьсанд асуудал үүсэхэд хамгийн эхлээд тухайн хүний удамшил нөлөөлдөг байна. Харин хоёрт нь амьдралын гадаад болоод дотоод орчин нөлөөлдөг гэнэ. Тийм болохоор арьс арчилгааны ухаанаар гадны нөлөөллөөс арьсыг хамгаалж тухайн хүний амьдралын хэвшил болоод зуршлыг бага багаар засахад хэр баргийн арьсны асуудлыг шийдэж болдог аж. Зовхио хамгаалахад хамгийн эхлээд зовхинд үзүүлэх сөрөг нөлөөгөө багасгах хэрэгтэй гэнэ.

Зовхинд нөлөө үзүүлэх зүйлст агаарын бохирдол, тоос, хэт хурц гэрэл, хараа муудах зэрэг ордог байна. Нэгдүгээрт дээр өгүүлсэн энэ бүгд ордог бол харин хоёрдугаарт нүдээ будах аргад суралцах нь хамгийн чухалд тооцогддог байна. Зориулалтын зовхи, уруулын будаг арилгах тос усны хольцтой шингэнээр  зовхины будгаа арилгах хэрэгтэй. Нүүр цэвэрлэгч, тос, шингэнээр зовхины будгаа арилгавал үрэлт үүсгэж ачаалал их өгдөг учраас амархан үрчлээтэх нэг нөхцөл бүрддэг байна.

Хэт хатуурч дэрвийлгэдэг сормуусны будгаар нүдээ будах нь арилгахад тийм ч амар биш бөгөөд маш их арчилгаа шаарддаг аж.

Зовхины үрчлээнээс салахад амаргүй

Харин одоо нэгэнт бий болчихсон үрчлээгээ хэрхэн арилгах вэ гэдэг асуулт гарч ирэх нь мэдээж. Хүний амьдралын хэв маяг нүд зовхины үрчлээст нөлөөлдгийг гоо сайханч дээр хэлсэн шүү дээ.

Харин эдгээрээс гадна тамхины утаа, хүчтэй салхи, нарны хэт ягаан туяа, хараа муутай хэдий ч харааны шил зүүдэггүй, нүдний зузаан будалт, унтахдаа хэвтэх байрлал, дэрлэх дэр зэрэг нь зовхи үрчлээтэхэд нөлөөлдөг болохыг гоо сайханч мөн анхааруулж байна лээ. Тэр байтугай явахдаа нуруугаа зөв цэх алхах, суухдаа мөн ялгаагүй зөв цэх суух нь хүртэл зовхи үрчлээтэхээс хамгаалах нэг арга болдог байна.

Тийм болохоор хамгийн гол гоо сайхны бүтээгдэхүүнээс арьс арчилгаа тэр дундаа зовхины зориулалтын тос, цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй маскийг сонгох нь чухал гэнэ. Үнэндээ хэт унжиж гүн үрчийсэн зовхийг гэнэт залуужуулах боломж бага байдаг гэдгийг анхаарахад илүүдэхгүй хэмээж байсан.

Харин эмнэлгийн орчинд өөрөөр хэлбэл пластик хагалгаа хийлгэсэн тохиолдолд зовхины үрчлээг  тэнийлгэж болдог байна. Гэхдээ энэ нь таны эхээс заяасан гоо сайхныг чинь гүйцэх нь үгүй гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ. Нөгөө талаар зовхиндоо гоо сайхны мэс засал хийлгээд залуу харагдах ч гэлээ түүнийг арчилна гэдэг түүнээс хэцүү байдаг аж. Арчилгаа сайн байх юм бол залуу сайхан байх хугацаа тань мөн тэр хэрээр урт удаан байдаг ажээ. Тийм учраас зовхи арчилгааны тос болон чийг тэжээлээр тэтгэдэг тос түрхэх нь чухал байдаг байна.

Хамгийн чухал нь тосоо зөв сонгох

Залуу бүсгүйчүүд маань үргэлж залуугаараа байх мэт санаж зовхио хамгаалахгүй явснаас арчилгаа ихээр шаардах үед нь сая нэг анзаарч эхэлдэг байна. Тиймээс залуу насаа удаан хугацаагаар хадгалахын тулд өөрийнхөө насанд тохирсон зовхины тос түрхэх нь хамгийн чухал гэнэ.

Ер нь зовхины тосыг хэрхэн түрхэхээ  бүсгүйчүүд маань мэддэг хэдий ч харин тэр бүр амьдрал дээр түүнийгээ хэрэгжүүлэх нь ховор байдаг. Зовхины тосыг түрхэхдээ зовхиныхоо эргэн тойронд цэг үүсгэж түрхээд зөөлөн тогшиж тараан хооронд нь холбох нь хамгийн зөв арга байдаг ажээ. Хүмүүс нүдтэйгээ хэт ойр, ядам хуруунаас өөр хуруугаар хүчтэй дарж илж түрхэхээр зовхины арьсыг сулруулах магадлал өндөр байдаг аж. Зовхины тосыг анх түрхэж байгаа хүн нэгээс хоёр өдрийн зайтайгаар бага хэмжээгээр нимгэн түрхэж байгаад 7-14 хоногийн дараагаас эхлэн өдөр бүр түрхэх хэрэгтэй гэнэ.

Нүдний аяга хамгийн их хөдөлдөг хэсэг учраас тосныхоо хэмжээ болоод хоорондох зайд нь сайн анхаарал хандуулах хэрэгтэй. Хамгийн гол нь өглөө, оройдоо заавал түрхэж занших нь чухал юм байна. Зовхины тос хэрэглэж эхэлж байгаа үед зовхи чинь хатуураад хуурайшаад байвал тосоо түрхэхээ хэд хоног хүлээзнэх хэрэгтэй бөгөөд зүгээр болсных нь дараа дахин тосоо түрхэж болох талаар гоо сайханчид зөвлөж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>