“Масктай хүн” хэн байв

8639

“Масктай хүн” хэн байвӨчигдөр "Цензурьгүй яриа" нэвтрүүлэгт маск зүүсэн нэгэн эрхэм оролцож, Монголын улс төр, эдийн засгийн хөшигний ард нуугдсан булай булхайг баримттай дэлгэсэн билээ. Түүнийг хэн болохыг улс төрийн хүрээнийхэн төвөггүй таньжээ. Тэрээр Нүрзэдийн Дугар гэгч эдийн засагч мэргэжилтэй нэгэн бөгөөд "1990 оноос хойшхи улстөрийн үйл явдлын амьд архив” гэдгээр нь хүмүүс анддаггүй байна.
Нэг хэсэг улс төрийнхний хамаг булхайг дэлгэсэн "Аалзны тор” хэмээх нийтлэлийг нууц нэрээр бичиж байсан түүнийг тухайн үедээ эрж хайж сүйд болцгоож байжээ. Тэр ч битгий хэл жинхэнэ эзэн нь гараад ирвэл 500 мянган төгрөгөөр шагнана гэж хүртэл шуугисан удаатай.
Н.Дугар гэж хэн бэ?
Нүрзэдийн Дугар 1950 онд төрсөн, эдийн засагч мэргэжилтэй. Урчуудын артель, Улсын банкны ерөнхий хороо, Үнэ стандартын улсын хороо, Төлөвлөгөө эдийн засгийн улсын хороо, Эдийн засгийн гадаад худалдаа хангамжийн яаманд мэргэжилтэн, Тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн студид инженер, эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын олонхийн бvлгийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Одоо хувийн судалгааны төвтэй. Энэ судалгааны төв нь улс төр, нийгмийн чиглэлээр судалгаа хийж дүгнэлт гаргадаг.
Тэрбээр 2003-2004 онд "Өдрийн сонин”-д "Ирэх сонгуулийн чимээ” буланг сэтгүүлч Г.Дашрэнцэнгийн хамт Ц.Лхагважав нэрээр хөтөлж нийтийн хүртээл болгосон. Энэхүү булан нь УИХ-ын 2004 оны ээлжит сонгуулиар ямар, ямар намаас хэд, хэд дvгээр тойрог дээр хэн, хэн нэр дэвшиж, сонгогдох талаар нэр устай нь гаргаж байсан юм. Түүний өөрийнхөө судалгаанд түшиглэн хийсэн уг дүгнэлт нь УИХ-ын ээлжит сонгуулийн дvн гарахад яг тохирч байжээ.
УИХ-ын ээлжилт сонгууль болохоос дөрвөн сарын өмнө МАХН-ын 76 нэр дэвшигчийн нэрийг тодруулж хэвлүүлж байсан аж. Энэ нь тус намын нэр дэвшигчидтэй тохирчээ. МАХН-ын нэр дэвшигчдийн нэрийг "Өдрийн сонин”-д нийтлэгдсэний дараа тус намын Удирдах зөвлөлийнхөн нэр дэвшигчдийнхээ нэрсийг гадагш алдчихлаа гэж бие биеэ хардаж, эцэст нь тухайн үеийн УИХ-ын гишүүд тэр нууцыг задалсан ялд унаж байсан гэдэг.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>