Баялгийг ашиглагч нь байгалийг хамгаалах зарчмыг баримталж байна

1032

Баялгийг ашиглагч нь байгалийг хамгаалах зарчмыг баримталж байна 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас  "Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган"-ыг Төрийн ордонд зохион байгуулж байна.

 

Иргэдийн байгаль хамгаалах хандлага, ухамсартай үйл ажиллагаа, идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа эрс идэвхжин шинэчлэгдэж, улсын хэмжээнд 40 гаруй мянган иргэнийг нэгтгэсэн 1600 гаруй нөхөрлөл 8,2 сая га талбайг хариуцан хамгаалж, үйл ажиллагаа явуулж байна.  

 

Чуулганд оролцогчддод хандаж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ирүүлсэн илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг уншиж, гардууллаа.

 

Уг илгээлтэд "Засгийн газраас улс орныхоо хөгжлийг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхдээ байгалийн нөөц баялгийг түүний даац чадавхид нь нийцүүлэн зохистой ашиглах, нөхөн сэргээх замаар экологийн тэнцвэрийг хадгалах, орчны бохирдол, доройтлоос хамгаалах  зорилтыг гол хандлагаа болгон ажиллаж байна.

 

Нутгийн  иргэдийнхээ эрх, үүргийг өргөтгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр  ажиллаж, байгалийн баялгийг ашиглагч нь хамгаалж, бохирдуулагч нь түүнийг нөхөн сэргээхэд  шаардагдах зардлыг нь төлөх зарчмыг тууштай баримталж байгаа юм.

 

Өнөөдөр мал аж ахуйн үйлдвэрлэлийн үндэс суурь болсон бэлчээрийн асуудал, гамшгийн менежментийн асуудал ч малчдын нөхөрлөл бүлэг дээр суурилан хэрэгжих болсон.

 

Эдгээр салбарын уялдаа холбоог хангахгүйгээр байгалийн нөөцийн хамтын менежментийн асуудал үр дүнд хүрэхгүй тул Засгийн газар энэ тал дээр зохих анхаарал тавих болно” гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>