Д.Жигмэдцэрэн: Төрийн хишиг, уулын буян, олны хайр ивээсэнд СҮСЭЛЖ явдаг

771
Д.Жигмэдцэрэн: Төрийн хишиг, уулын буян, олны хайр ивээсэнд СҮСЭЛЖ явдагМонгол улсын хөдөлмөрийн баатар Д.Жигмэдцэрэнтэй ярилцлаа.

-Таны бага насны дурсамжаар хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-Бололгүй яахав. Миний аав нягтлан бодох мэргэжилтэй. Санхүү бүртгэлийн тэргүүний ажилтан Магсарын Дулмаа гэдэг хүн байлаа. Ээж маань Дарханд энх тунх амьдарч байна. Цамбын Ванчигдорж гэдэг. Бид эхээс олуулаа. Миний дүү нар хоёр оронтой тоонд багтана. Би айлын ууган хүү. Эмээ, өвөөгийн хайртай зээ. Эрх танхи өссөн. Тэгэхдээ одооны хүүхдүүдээс арай зөв эрх байсан юм болов уу. Томчуудын ярианд оролцохгүй. Өглөө их унтвал айлын хүүхэд шоолно гэнэ. Хөрш айлын Осорын Бямбажавыг эрт боссон явна гэхээр нүдээ нухлаад л сэрнэ. Гэтэл тэр маань унтаж байх жишээтэй. Би бригадын дарга Чойжилын хээр морийг авч унамаар байна гээд тас гэдэргээ савж унаад л... Манай өвөө тэр хээр морийг 700 төгрөгөөр надад авч өгсөн. Тухайн үед их өндөр үнэ. Хурдан морь ч 700 төгрөг хүрч байгаагүй цаг үед шүү. Тугал хариулалгүй, хонины хишиг өдөр таарахаар их баярлана. Өөрөөр хэлбэл хонь хариулахаар бол. Сарлагийн тугал чинь зэрлэг гөрөөс гэсэн үг. Манай нутгийн өндөр цавчим уул хадаар сарлагийн тугалтай хөөцөлдөөд гүйх их хэцүү. Говь-Алтай аймгийн Тайшир сум. Хасагт хайрхан уулын гуу жалга, салаагаар л үхэр тугал, адуу малтай хөөцөлдөж явлаа. Харин хонь хариулах сайхан. Хонио нэг сайхан налайлгаж аваад морио чөдөрлөчихөөд ном уншаад суух жаргал. Тугал хариулахаас хэд дахин амар ажил. Орой ирэхдээ хоёр шуудай аргал мориндоо тохож ирнэ. Энэ бол байх зүйл. Ингэж л Говь-Алтайн малчин айлын хүүхдийн жишгээр л өссөн.

-Та эмээ, өвөө дээрээ өссөн гэж ярилаа. Хоёр буурлынхаа талаар дурсахгүй юу?

-Баярлалаа. Манай өвөө 1939 онд Халх голын дайнд Гонгор баатартай нэг салаанд тулалдаж явсан хүнд пулемёнтын научик Баарангийн Цамба гэж хөгшин байлаа. Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат. Эмээг маань Галдангийн Дүнгэл гэдэг. Энэ хоёр буурай миний бурхад. Гонгор баатар Говь-Алтайчуудтай хоёр уулзалт хийхдээ миний өвөөг дуудан авчраад энэ Цамбын салга ногоон пулемёнтын хүчээр бид хэд хэдэн хүнд байдлаас гарсан гэж ярьсан. Танай аймагт амьдарч буй энэ Цамба баатар хүн шүү гэж Гонгор гуайн ярьсныг олон хүн сонссон доо. Одоо надад Гонгор баатартай авахуулсан өвөөгийн маань зураг л үлдэж.

-Та дотуур байранд амьдарч байсан уу?

-Амьдралгүй яадаг юм. Сумандаа бага анги, аймгийн төвд дунд сургууль төгссөн. ЗХУ-ын тусламжаар барьсан 1-р 10 жилийн жигтэйхэн гоё сургуульд элсэн суралцаж байлаа.

-Дотуур байрны хүүхэд арай дэгтэй өсдөг. Та шал зүлгэж байв уу?

-Тэр үеийн ах нар биднийг маш дэг журамтай сургаж хүмүүжүүлсэн. Ах нар байрны хүүхдүүдийг биеийнх нь дүрс шаланд харагдсан нөхцөлд амраана. Эхлээд угаалгын нунтагтай усаар шал угаалгана. Дараа нь лаа түрхүүлж зүлгүүлнэ. Хүн бүр өөр өөрийн шал арчдаг таартай. Эгнүүлж суулгаад нэг банзыг 30 удаа арчихад гялалздаг. Орнуудаа нэг тийш нь шахаж байгаад талд нь хүртэл арчина. Дараа нь нөгөө талыг нь арчих жишээтэй. Өмдний шуумгийг өвдгөө өнгөртөл шуу гэнэ. Орыг маш гоё хураалгана. Захны даавуу, оймс хиргүй. Ингэж л багаасаа бие дааж сурсан. Бага сургуульд пионерийн зөвлөлийн дарга, эмжээртэй зангиа-тай, таван онцын эзэн банди явлаа. Ахлах ангидаа алтан дундаж сурлагатай, сургуульдаа нэлээн сайн хөгжимчин байсан.

-Таны урлагийн авьяас насны багад илэрсэн үү?

-Ер нь багаасаа би хөгжим тоглож сурсан. Алтай хотын хүүхдийн "Од” чуулгад гармон тоглоно. 9, 10-р ангидаа "Од” чуулгын гоцлол хөгжимчин явлаа.

-Тэгээд хэзээ дуулж эхэлсэн бэ?

-Эрдэнэтэд ирээд "Эрдэнийн ундраа” хамтлагийн гоцлол хөгжимчин болсон. Урт үстэй, өргөн өмдтэй нөхөр сэгсгэнэж явлаа. (Инээв) Тэр үеийн залуусын имиж. 1989 онд Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар чуулган болсон юм. Энэ чуулганыг угтаж Эрдэнэт хотод Монгол ардын богино дуу дуулаачдын уралдаан явагдсан. Монгол телевизийн Болдхүү "Уурхайчин” соёлын ордны хөгжмийн багш байлаа. Чи нэг дуулаад үз гээд суулгадаггүй. Багаасаа хөгжим тоглосон болохоор ардын дууны үг ая цээжинд явдаг юм билээ. Тэгээд Болдхүүгийн ятгалгаар анх дуулсан. Манай цехийн Туяахүү агсан бид хоёр тэмцээнд орлоо. Би дуулж, морин хуурч Ганболд, шанзчин Батхүү, хуучирчин Сарнайцэцэг нар хөгжим тоглоно. Болдхүү нөгөөдүүлд ноот бичиж өгнө. Ингэж 4-р шатанд тэнцэн том шалгуур давж тэргүүн байр эзэлсэн. Засвар механикийн заводад хийсэн лимбэ тоглож буй хүний дүрстэй алтан медаль, улсын амралтанд үнэ төлбөргүй амрах эрхийн бичгээр шагнуулж байлаа. Ингэж миний уран сайханч болох зам нээгдсэн.

-Таны сэтгэлд үлдсэн хамгийн анхны шагнал юу вэ?

-МХЗЭ-ийн Төв хорооны "Тэргүүний ажилчин залуу” алтан медалиар энгэрээ мялаасан явдал надад их урам зориг өгсөн. Энэ медалийг Хотын Эвлэлийн хорооны дарга Далантайгаас гардсан. Эрдэнэт хотын МХЗЭ, ҮЭ-ийн хороо гэсэн тамгатай эрхийн бичиг одоо ч надад хадгалаатай байгаа.

-Хэдэн онд БелАЗ-ын жолооч болсон бэ? Таныг ажиллаж байгаад цэрэгт татагдсан гэж сонссон.

-1980 оны хавар "Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх Сургалтын төвийн анхны БелАЗ-ын курсыг бид хорин хэдүүлээ төгсч байлаа. Тэднээс өнөөг хүртэл Завхан аймгийн харьяат Балдоржийн Алтангэрэл, Эрдэнээгийн Наран-цацралт, бид гурав үйлдвэртээ ажиллаж байна. Бид таван жил ажиллаад цэрэгт татагдсан.

-Та хаана цэргийн алба хаав. Ингэж хөдөлмөрлөж явсан хүн цэрэгт нэг их зүдрээгүй байх. Тийм үү?

-Би Зүүнбаянгийн дивизэд гурван жил цэргийн алба хаасан. БелАЗ-ын жолооч нарыг цэрэгт татдаггүй байлаа. Тэр жил "Эрдэнэт” үйлдвэрийн хэдэн инженер, БелАЗ-ын жолооч нарыг бүгдийг нь цэрэгт татсан. Цэрэгт тэнцсэн хүмүүсийг сарын өмнө ажлаас чөлөөлдөг байлаа. Бид ажлаа хийж яваад шууд цэрэг болсон. Манай ангийн гурван нөхөр Зүүнбаянд ахлах дэслэгч цолтой, цэргийн албан хаагч болчихсон явдаг юм. Өөр ангиудад. Тэгэхэд би шинэ цэрэг Зүүнбаянд очиж байлаа. (Инээв) 18-20 настай залуучуудтай маршид гүйхэд оройлдоггүй юм гэхэд ёроолд нь үлдэж үзээгүй. Савлуур дээр шинэ цэргийн нормоо ягштал хийчихнэ. Энэ нь уулан дээр ажиллаж сурсны ач тус. Тэгэхэд хөдөө адуу хариулж байсан нөхдүүд хүлээтэй байх жишээтэй. Манай 1985 оныхон Монголын Ардын армийн хамгийн сүүлийн гурван жилийн цэрэг. 10 мянган цэрэгтэй Зүүнбаянгийн гаринзонд алба хаана гэдэг эр хүн болж төрсний хувьд нэр төрийн хэрэг. Бүтэн гурван жил цэргийн албыг би нэр төртэй хаасан. Зүүнбаянгийн дивизийн захирагчийн жолооч явлаа. Манай дивизийн захирагч хурандаа Гомбосүрэнгийн Дамдинсүрэн гэж Завхан аймгийн харьяат хүн байлаа. Сүүлд хошууч генерал болсон. Өнгөрөгч онд бие барсан дуулдана билээ.

-Ажил хөдөлмөрөөс та юу олж авсан бэ?

-Хөдөлмөр хүнийг тэсвэр тэвчээртэй болгодог. БелАЗ бариад халуунд халж, хүйтэнд хөрч явсан. Хажуугаас мотор халаана. Дээрээс нар төөнөнө. Тэгэхэд би говьд хашин морьтой тэмээ хариулахаас хамаагүй дээр гэж бодоод л ажилладаг байлаа. Хаврын ногоо хөөсөн тэмээ жалгын нэг цацсан будаа шиг салхи сөрөөд тараад явна. Тэр олон тэмээг хашин морьтой цуглуулах ч бас л чанга ажил даа. Багаас минь хөдөлмөрөөр хүмүүжүүлсэн өвөг, дээдсийн их ухаан намайг амьдралын хат суулгасан. Тэсвэр хатуужилтай хувь хүн болгон төлөвшүүлсэн санагддаг.

-"Эрдэнэт” үйлдвэрийн талаарх таны бодлыг сонсоё?

-"Эрдэнэт” үйлдвэр ашиглалтанд ороод 37 дахь жилдээ ажиллаж байна. Манай үйлдвэр ашиглалтанд орсноосоо хойш Монгол улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулж ирснийг бид мэднэ. Монголчуудыг тэжээж буй үйлдвэрээрээ бахархалгүй яахав. Энэ үйлдвэрт ажиллаж буй баялаг бүтээгчдийн хөдөлмөрийн үр шим монгол айл бүрт очиж байна гээд бодохоор омогших сэтгэгдэл төрдөг.

-Залууст хандаж юу хэлэх вэ? Тэднийг та хэрхэн яаж ажиллаасай гэж бодож байна.

-Манай залуус их азтай юм аа. Би харьцуулж ярьж байна. Бидний залуу насанд үйлдвэр маань төлөвшөөгүй байлаа. Бүх юм шинэ. БелАЗ-ын жолооч, засварчдыг дөнгөж бэлтгэсэн ажлын туршлага байхгүй. Одоо бүх юм жигдэрч төлөвшсөн, гар нийлсэн хамт олон дунд залуус орж ажиллаж байна. Хамт олон нь бүх юмыг зааж сургаад өгнө. Бүх юм хяналттай. Бид сайн ажиллах ёстой гэсэн зарчмаар л явж ирсэн. Тухайн үеийн БелАЗ-ын чанар ч муу байж. Эвдрэл их гарна. Ямартаа БелАЗ-ын жолооч нарыг тоосонд дараатай, тосонд боодолтой хэдэн борчууд гэж хочилж байхав дээ. Сүүлийн үеийн БелАЗ-ын жолооч нарын ихэнх нь миний гараар дамжиж байна. "Эрдэнэт”, "Мак”, Оюутолгойн боловсон хүчнүүд. Яагаад гэвэл би Автотээврийн байгууллагад сургагч багшийн алба хашдаг болохоор. Өнөөдөр айл бүхэн авто машинтай. Тиймээс залуучууд юм сурах нь хурдан юм. Ядаж л зам оноод явчих жишээтэй. Тэгэхээр залуус ажилдаа мэрийлттэй, тэвчээртэй байвал амжилтанд хүрэх боломж урд нь нээлттэй. Уйгагүй хичээл зүтгэл, оролдлого хэрэгтэй гэсэн үг. Залуус хөдөлмөр хамгааллын хэрэгслийн чанар сайжирсан цаг үед амьдарч буй нь их аз. Өнөөдөр хөдөлмөр хамгааллын хэрэгслээ заавар журмын дагуу тогтмол хэрэглээд хэвшчихвэл аюул эрсдэл өвчлөлөөс өөрийгөө аварч чадна. Та энэ нүдний шил, чихний бөглөөг хэрэглэ гээд өгч байна. Хөдөлмөр хамгааллын бүх хэрэгсэл зориулалтын болсон. Тавьж өгсөн бүгдийг нь зөв хэрэглэчих. Өөр танд юу ч хэрэггүй. Тэгэхэд л эрүүл, ажиллаж хөдөлмөрлөх болно.

-Танай хүүхдүүдээс аавынхаа мэргэжлийг өвлөсөн үү?

-Манайх гурван банди, нэг охинтой. Банди нар инженер, цахилгаанчин, жолооч мэргэжил эзэмшсэн. Хоёр нь "Эрдэнэт” үйлдвэртээ мэргэжлээрээ ажиллаж байна. Бага хүү маань миний мэргэжлийг өвлөсөн. БелАЗ-ын жолооч.

-Хамт олныхоо талаар ямар бодолтой явдаг вэ?

-"Эрдэнэт” үйлдвэрийн нэлээн хүндхэн хэс-гийг үе үеийн БелАЗ-ын жолооч нар нуруун-даа үүрч ирсэн гэж би боддог. Биний ажил тэсвэр тэвчээр, анхаарал сэрэмж шаардана. Нэг замаар, ижил хурдаар адилхан даацтай ачаатай явдаг болохоор бүх БелАЗ-ын жолооч нарын хөдөлмөрийн үр дүн нэгэн цул юм. Миний гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн Ховд аймгийн харьяат хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Лхагвадоржийн Шонхор гэж хүн байна. Би Л.Шонхор багшдаа их баярлаж явдаг. Тухайн үеийн алдартай БелАЗ-ын жолооч Д.Загд, Г.Батбаатар, Л.Төмөртогоо, Г.Долгор, Д.Дондог нарыг дурсахгүй байхын аргагүй юм. Эдгээр хүмүүс машин техниктэйгээ хэрхэн харьцаж, биеэ яаж зөв авч явж байгаагаас суралцсан хүний нэг нь би. Ажил, амралтаа хэрхэн зохицуулан ажиллаж ирснийг нь асууна. Тэд харамгүй хэлдэг байсан даа. Ахмадуудын хэлж ярьснаар ажил, амралтаа зохицуулж ирсэндээ өдий зэрэгтэй яваа гэж боддог. Бид цэргээс ирээд монгол экипаж байгуулсан. Гомбожавын Баасансүрэн, Нанжидын Ганболд, Дагвын Ганзориг агсан бид дөрөв нэг экипаж байлаа. Говь-Алтайн дөрвөн хөгшин цэрэг халагдаж ирээд нэг ээлжинд ажилласан. Нэг нь Налайхад гурав нь Зүүнбаянд алба хаасан байдаг. Өмнөх хоёр онд БелАЗ дээр хүн аваагүй. Нөгөө талаар би цэрэгт явахдаа МХЗЭ-ийн Төв хорооны "Тэргүүний залуу” алтан медалиар шагнуулсан. Энэ бүхэн Монгол экипаж бүрдүүлэн ажил-лахад түлхэц болсон юм. Цехийн боловсон хүчин асан Лхаажав гуай МХЗЭ-ийн тэргүүний алтан медальтай Д.Жигмэдцэрэн өөрөө санаачилга гаргаж монгол экипаж байгуулсан гэж хэл ам гаргасан хүмүүст ярьсан байдаг. Бид дөрөв 1989 онд үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, 1990 онд хотын хөдөлмөрийн аварга хамт олон болж байлаа. Одоо Г.Баасансүрэн маань үе залгамжилсан хүүтэйгээ нэг экпажид ажиллаж байна. Н.Ганболд хувийн аж ахуйтай сайхан амьдарч явна. Д.Ганзориг маань л цэл залуу насандаа бурхан болсон. Миний ажиллаж байсан 040 дугаартай экипажиас Бямбажавын Пүрвээ алтан гадас одон хүртлээ. Цэен-Ойдов маань үйлдвэрийн хөдөлмөрийн аварга боллоо. Бямбабадрах яамны том шагнал хүртсэн. Энэ мэтчилэн хамтран ажиллаж байсан үе үеийн хүмүүсийн ажил үйлс өөдрөг явахад сэтгэл хангалуун байдаг.

-Та аль хэр азтай хүн бэ?

-Над шиг азтай хүн хаана байна. Миний ангийн хүүхэд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр олон сонгогдсон Гантулга надад ингэж ярьсан. 1990-ээд онд алтан гадас одонд чамайг тодорхойлсон. Манай ангийн Жигмэдцэрэн биш биз дээ гээд овгийг нь сонссон мөн байлаа. Би хамгийн түрүүнд дэмжээрээ та бүхэн гэсэн. Алтан гадасаа авчихсан. 2000 оны үед хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд тодорхойлоход нь дэмжсэн. Энэ одонг чи зүүчихсэн явж байлаа. Дараа нь хөдөлмөрийн баатар болох гэж байгааг Х.Ганболд агснаас сонссон гэдэг. Стамбул гуайг баатарт хэд хэд тодорхойлоод сая гавьяат авлаа. Энэ мөдгүй гэж Гантулга маань дотроо бодож явж л дээ. Тэгсэн хэд хоногийн дараа нөхөр Жигмэдцэрэн хөдөлмөрийн баатар болсон байх жишээтэй. Үүнийг аз гэхээс өөр юу гэх үү. Энд би нэг юм хэлье. Урлагийн буян бас бий. Би урлагаар явж хүмүүсийн танил болсон. Тэгэхээр би шавь нартаа хэлдэг. Хос морьтой бай гэж. Зөвхөн ажлаа хийгээд эхнэрийнхээ гарын лавшаа идчихээд гэртээ зурагт үзээд хэвтээд байвал хөгжихгүй. Чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүл. Тэгэхдээ сонирхдог урлаг, спортын төрлөөр хичээллэ гэдэг. Та бод. 2006 онд үйлдвэрээс нэг хөдөлмөрийн баатар, хэд хэдэн гавьяат төрсөн. Тухайлбал, МУГД Д.Баясгалан сагсан бөмбөгийн 1-р зэрэгтэй, МУАҮГ ажилтан О.Зоригт ширээний теннисний 1-р зэрэгтэй, МУГУурхайчин Т.Батсайхан чөлөөт бөхийн 1-р зэргийн тамирчин, хөдөлмөрийн баатар Д.Жигмэдцэрэн МУСТА байсан гээч. Хэрвээ би урлагаар яваагүй бол хэн ч танихгүй нэг тарган нөхөр яваа биз.

-Баатар аа, та таарах болгонд инээчихсэн явах юмаа. Таны инээмсэглэж яваа дүр төрх сэтгэлд нэг л дулаан байдаг шүү.

-Тийм үү. Инээд олон янз хө. Улнаас нь толгой хүртэл хараад хөгжүүн гэгчийн хөх инээд байна. Америкчууд хүнтэй дан инээж харьцана. Тэр нь ямар ч амт байхгүй. Худлаа инээд байхгүй юу. Матар хочит Данди кинон дээр гардаг биз дээ. Тэгэхдээ инээмсэглэсэн хүний сэтгэлд хар буруу санаа явдаг гэж надад буухгүй байна. Хүн сайхан үгэнд баярладаг сэтгэлийн амьтан. Өдөрт гурван хүнд сайхан үг хэлж баярлуулж бай гэсэн ухаантны үг бий. Ер нь хүн нэгэндээ сайхан үг хэлж явахад юу хорогдох юм. Та үнэхээр сайхан харагдаж байна гээд чин сэтгэлээсээ хэлэхэд л ахмадууд жигтэйхэн баярладаг шүү дээ.

-Урлагт бие сэтгэлээ зориулж ирсэн хүний хувьд юу хожсон гэж боддог вэ?

-Бор уулын буян их. Уран сайханч явсны буян хишгийг би бишгүй хүртсэн. Монголын урлагийн зарим хүний хүсч мөрөөддөг замналаар би явсан байдаг. Манай "Уурхайчин” соёлын ордон олон талт үйл ажиллагаа явуулдаг. Улсын хэмжээнд нэрд гарсан урлагийн их мастеруудтай хамтран ажилладаг буянтай газар. Энэ газрын буянаар би Монголын дуурийн болон филормонийн найрал хөгжимтэй дуулсан байна. Монгол улсын морин хуурийн чуулга, Зэвсэгт хүчний жанжин штабын үлээвэр найрал хөгжимтэй дууллаа. Баян монгол чуулгатай өөрийн бие даасан хоёр уран бүтээл хамтран хийсэн байна. Энэ нь миний амьдралд тохиосон их аз завшаан. Ямартаа морин хуурч Алтайсайхан агсан манай Жийгаа ахад Баян-Өлгийн доомборын чуулгатай дуулах л үлдлээ гэж байхав дээ. Хөдөөний нэг уран сайханч Дуурийн театрын тайзан дээр 3-4 удаа тоглосон. "Учиртай гурван толгой”-д тоглож байлаа. Анх "Уурхайчин” соёлын ордны Ерөнхий найруулагч Одончимэг надад тайлан тоглолт хийгээч гэсэн санал тавьсан юм. 1996 онд хоёр морин хуур, хоёр хийл, 20-иод гуулин хөгжимтэй, Баян монгол чуулгатай нийт 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй жааз хөгжимтэй, Эрдэнэтэд анх уран сайханч Жигмэдцэрэн тайлан тоглолт хийсэн. Түүнээс хойш уран сайханчид "Уурхайчин” соёлын ордонд уран бүтээлийн тайлан тоглолт хийж эхэлсэн дээ. Нийгмийн асуудал хариуцсан захирал асан Байгал "Жигмэдцэрээн чиний машин томроод байх юм. Дуугаа дуулж байна уу” гэж асуусан. Дуулахад энгийн амьсгаа авахаас хэд дахин илүү хүч шаарддаг. Би дуулахдаа хоёр маск давхарлах нь холгүй явна гэхгүй юу. Тэгэхэд үүнийг л чамаас сонсох гэсэн юм гэж билээ. Дуулдаг хүн хоолойгоо гамнаж, эрүүл мэндээ давхар бодож явах ёстой. 2010 оны "Дуунд дуртай болов оо би-2” миний уран бүтээлийн тайлан тоглолтонд Баян монгол чуулга, МУГЖ Болормаа, алдарт баян хуурч Тэрбиш, саксафонч Сүхбаатар нарын алдартнууд оролцсон. Бахархал биз дээ. Энэ бүхэн "Эрдэнэт” үйлдвэрийн буян. Бид нэг замаар бүтэн 8 цаг тээвэр хийнэ. Тэгэхээр ая дуу миний ажлын хань болдог. Ер нь урлагаас авсан сэтгэлийн таашаалыг үгээр хэлэхийн аргагүй.

-Өдий олон жил ажиллахдаа өвчин хуучгүй яваагийн нууц юунд байна вэ?

-Багаасаа эрүүл агаарт өсөж, цагаан идээгээр хооллож байсных гэж боддог. Урлагаар хичээллэж сэтгэлийн эрч хүч авч явсны дэм тус ч байгаа.

-БелАЗ машин эхэлж харсан хүнд сүрд-мээр шүү. Танд ямар санагдсан бэ?

-Нэг их гайхшрал төрүүлээгүй санагдана. Харин 5 жил БелАЗ жолоодсон хүнд цэргийн даргын УАЗ-469 машины дугуй товч шиг юм харагдаж билээ. Манай нэг ажилчны эхнэр, нөхөртэйгээ уулзахаар ирж. Тэгээд нөхрөө хүлээгээд зогсож байхгүй юу. Гэтэл нэг байшингийн хана хажуу тийш болтол дотроос нь том дугуйтай байшин гараад ирсэн гэж ярьсан байдаг. Тэр нь БелАЗ. Том дугуйтай энэ байшин миний хоёр дахь гэр болж, намайг алдар хүндэд хүргэсэн.

-Таны шүтээн юу вэ?

-Надад гурван шүтээн бий. Тэгэхдээ бурхан биш. Би ээж, аав, эрдэнэт уул, эвсэг хамт олноо шүтдэг. Намайг төрийн хишиг, уулын буян, нөхдийн хайр хүндлэл ивээсэнд сүсэлж явдаг даа.
Т.БАТЧУЛУУН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>