Г.Маралмаагийн бие муудаж, шүүх хурлыг дахин хойшлууллаа

948

Г.Маралмаагийн бие муудаж, шүүх хурлыг дахин хойшлууллаа

Дөрвөн настай охиноо зодож улмаар амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шүүх байсан ч хойшиллоо. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 21-нд болохоор товлогдсон байсан ч прокурорууд сургалтанд суусан гэх шалтгаанаар хойшилсон билээ. Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарын өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн аваагүй. Дүүргийн эрүүгийн хэргийн I прокурорын газраас талийгаач охины эцэг Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл түүнийг охины амь нас аюултай байдалд байхад тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллагад мэдээлээгүй гэх хэрэгт буруутгасан байна. Харин талийгаач охины хойд эх 27 настай Г.Маралмааг охиныг зодож тархинд нь гэмтэл үүсгэн, уушгийг нь няцалснаас амь насанд нь хүрсэн хэрэгт шүүгчдэгчээр татсан. 

Шүүгдэгч Г.Маралмаа нь шүүх хурал руу ирэх замдаа их хэмжээний цус алдаж, биеийн байдал нь муудсан учир шүүгдэгчийн өмгөөлөгч н.Хувцагаан Шүүх бүрэлдэхүүнд "Г.Маралмаагийн биеийн байдал муудаж, улмаар үр зулбах хүртэл аюултай байгаа учраас хүндэтгэн үзэх шалтгаан хэмээн хүлээн авч шүүх хурлыг энэ сарын 17-ныг хүртэл хойшлуулж өгөх хүсэлтэй байна.

Мөн дараагийн шүүх хурлыг 461-р хорих анги дээр хийх хүсэлт гаргаж байна. Учир нь хэвлэл мэдээллээр хэт нэг талыг барьсан мэдээлэл түгээж, шүүгдэгчийн сэтгэл санаанд нөлөөлж байгаа нь биеийн байдалд нь ч муугаар нөлөөлж байгаа. Үр зулбах юм бол амь насанд нь ч аюултай" гэв.  

Одоогийн байдлаар шүүгдэгч Г.Маралмааг Тахарын албаны хамгаалалт дор эмнэлэгт хүргэжээ. Гэсэн ч хохирогчийн талын өмгөөлөгч Б.Манлайжав "461-р хорих ангид саатуулагдаж байгаа хүнийг жирийн эмнэлэгт хүргэж байгааг хүндэтгэх үзэн шалтгаан гэж харахгүй байна. Хорих ангийнх нь харъяа эмнэлэгт хэвтүүлэх ёстой" гэсэн юм. Г.Маралмаагийн биеийн байдал муу байгаа учир Шүүх бүрэлдэхүүн Г.Маралмаагийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч өнөөдрийн шүүх хурлыг энэ сарын 17-ныг хүртэл хойшлууллаа. Мөн шүүх хурлыг 461-р ангид хийхийг хүссэн хүсэлтийг хүлээж авсан юм.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>