"Өөрийнхөө алдааг өрөөлд тохох нь хамгийн арчаагүй улстөр"

Ардчилсан нам түүхэндээ парламентийн танхимд хоёр дахь удаагаа олонх болсон нь хурдацтай өсч байсан эдийн засгийг зогсоож улмаар уруудах эхлэлийг нь тавьсан гэхэд болно. "Шинэчлэл”-ийн тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газар танхимаа бүрдүүлсэн даруйдаа "Чингис”, "Самурай” бонд гаргасан нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хормын дотор хоёрдугаар зэрэглэлд оруулаадхав. Өнөөдрийн шалдаа буутал унасан эдийн засаг, ноён долларыг царайчлах төгрөгийн сулрал эндээс эхлэлтэй. Харин Ардчилсан намын нөхдүүд энэ бурууг Монгол Ардын Намынхан хийсэн юм шиг харагдуулах гэж хичээж буй нь үнэхээр харамсалтай. Үнэн хэрэгтээ Монгол Ардын Нам засаг барьж байхдаа "Эх орны хишиг-Эрдэнийн хувь” хэмээн иргэн бүртээ тараасан 21.000 төгрөг ард түмний амьдралд ихээхэн нэмэр болж байсныг иргэд одоо ч ярьдаг. Харин Ардчилсан намынхан, тэр дундаа "Шинэчлэл”-ийн Засгийн газар "Чингис”, "Самурай” бондоо "хогны ногоон уут” хийж хогийн цэг дээр хаяж, нэг жилийн настай цэцэг "тарьж” үхүүлэн үр ашиггүй зарцуулсан нь өнөөдрийн эдийн засгийн хямралын гол үндэс болсныг ард түмэн мэднэ. Их Британийн аугаа улстөрч Уинстон Черчилль нэгэнтээ "Өөрийнхөө алдааг өрөөлд тохох нь хамгийн арчаагүй улстөр” хэмээсэн нь өнөөдрийн Ардчилсан намд зориулсан гэлтэй санагдана.
Уинстон Черчилль