БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Туул голд бохир ус цутгаж болохгүйг санууллаа

379

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр Төв цэвэрлэх байгууламжид тулгарч буй асуудалтай газар дээр нь очиж танилцлаа.Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнгийн хэлснээр, өнөөдөр орой 22:00 цагаас   цэвэрлэх байгууламжийн засварын бэлтгэл ажлыг, шөнийн 00:00 цагаас засварын ажлыг эхлүүлэх ажээ. Уг байгууламжийн аэротенкийн хэсэг элэгдэж муудсанаас цэвэрлэгдээгүй бохир ус, цэвэрлэсэн усандаа холилдон, тусгаарлагч хана өнөө маргаашгүй нурах эрсдэлд хүрсэн. Хэрвээ энэ тусгаарлагч хана цөмөрч, нурвал бохир ус халин асгарах аюул учраад байгаа юм.   Ямар нэгэн хүндрэл гарахгүй бол засварын ажлыг 24 цагийн хугацаанд дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. Засварын ажлын үеэр орон сууцны хэрэглэгчдийн усны хэрэглээг бууруулж, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, гурилын гэх мэт шаардлагатайгаас бусад үйлдвэрүүдийн усыг таслах гэнэ.  Харин БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, бохирдол ихтэй усыг Туул голд цутгаж болохгүй тухай Усны тухай хуулийн заалтыг сануулж, уг асуудалд хяналт тавьж ажиллахыг Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнд үүрэг болголоо. Цаашид Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулж, төсөв төлөвлөгөөнийхөө хамгийн эхэнд оруулах ёстой гэж хэллээ. Энэ удаагийн засварт нийт 40 сая төгрөг зарцуулах бөгөөд бүрэн шинэчлэлт хийж, шинэ цэвэрлэх байгууламжтай болоход ойролцоогоор 900 орчим тэрбум төгрөг шаардлагатай тооцоо гаргаад байна. Төв цэвэрлэх байгууламжийн засварын асуудал хөндөгдсөнөөс хойш БОНХАЖЯ уг асуудалд онцгой анхаарч, холбогдох мэргэжилтнүүдийг газар дээр нь ажиллуулсан. Мөн  БОНХАЖЯ  бохир усыг Туул голд шууд нийлүүлж болохгүйг мэдэгдсэн албан бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Барилга хот байгуулалтын яам зэрэг холбогдох газруудад хүргүүлсэн  гэж БОНХАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.