Элсэлтийн шалгалт пүрэв гаригт эхэлнэ

366

Элсэлтийн шалгалт пүрэв гаригт эхэлнэБ.ТУУЛ

Элсэлтийн ерөнхий шалгалт  энэ сарын 18-нд Монгол Улсын түүх, Хими, Англи хэлний хичээ­лээр эхэлнэ.  Шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлж  гурав хоног үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 21-нд  Физик, Нийгмийн тухай мэдлэг, Орос хэлний шалгалт өгснөөр энэ жилийн элсэлтийн ерөнхий шал­галт өндөрлөх юм.  Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийн элсэлтийн  шалгалт хэд хэдэн онцлогтой. Элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн сурагчдын тоо 5-13 мянгаар буурсан. Энэ жил ердөө 21.500 орчим хүү­хэд элсэлтийн ерөнхий шал­галт өгнө. Хоёрдугаарт, энэ жи­лээс эхлэн элсэлтийн шалгалт өгөх төгсөгчид Монгол хэл, бич­гийн шалгалтыг заавал өгч, БСШУЯ-наас баталсан 400 оноог авсан байх ёстой. Гуравдугаарт, их, дээд сур­гуу­лиудад бүтцийн болон бодлогын шинэчлэл хийгдэж, бү­рэлдэхүүн сургуулиудын тоо, мэргэжлийн чиглэлүүд цөөр­­сөн. Үүнтэй уялдуулан их, дээд сургуулиуд энэ жилээс эх­лэн элсэгчдийнхээ тоог цөөлж, цөөхөн мэргэжлээр цөөн тооны оюутан элсүүлж, чанартай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарна.  Иймд энэ жилийн элсэгчид  элсэлтийн ерөнхий шалгалтдаа сайн бэлт­гэх, дор бүрнээ хичээх, элсэх сургууль, мэргэжил сон­голтдоо хариуцлагатай хандах шаард­лагатай байна. Иймд элсэлтийн шал­галтад хэрэг болох зарим мэдээллийг элсэгчдэдээ дуулгая.

 

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

 

ЦАХИМ ҮНЭМЛЭХЭЭ АВААГҮЙ ХҮҮХДҮҮД ЛАВЛАГАА АВЧРААРАЙ

 

Боловсролын үнэлгээний төвийнхөн өнгөрсөн сарын дундуур элсэлтийн ерөнхий шалгалтын эрхийн бичгээ элсэгчдэд  өгч эхэлсэн. Тиймээс  2015 оноос өмнөх оны төгсөгчид  шалгалтад орох эрхийн бичгээ энэ сарын 15-ны дотор БҮТ-өөс ирж аваарай гэдгийг албаныхан анхааруулж байсан. Харин шалгалт өгөх  байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас  буюу  суудлын хуваарийг  өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан  www.eec.mn сайтаас хэвлэж аваарай гэдгийг дуулгасан. Шалгалтад орохдоо бүртгэлийн хуудсаа мартав. Энэ онд Ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд төгссөн шалгуулагчид аймаг, дүүргийнхээ элсэлтийн шалгалт  хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх шаардлагатай. Мөн суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг, цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг зэргийг бүрдүүлж ирэх шаардлагатай” гэж байв. Хэрэв цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2015 оны зургадугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирээрэй гэдгийг элсэгчдэд сануулж байна. 

 

ГАДААДАД СУРГУУЛЬ ТӨГССӨН БОЛ

 

Элсэлтийн шалгалтын үеэр гадаадад дунд сургууль төгсөөд ирсэн хүүхдүүд хаана хандаж, ямар бичиг баримт бүрдүүлж ирэх тухай цөөнгүй эцэг, эх асуудаг. Иймд БҮТ-өөс бас дараах хариултыг бас авлаа. "Гадаадад дунд сургууль төгсөөд ирсэн хүүхдүүдэд бүртгэлийн журам адилхан үйлчилж байгаа. Харин гадаадад сургууль төгссөн хүүхэд БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газраас аль улсын ямар сургууль төгсөөд ирснийг нь баталгаажуулах шаардлагатай. Ингэхдээ онлайнаар бүртгүүлээд, баталгаажсан бичиг баримтаа бариад шалгалтад орно. Элсэлтийн ерөнхий шалгалт бол тухайн хүүхэд бүрэн дунд боловсролоор юу үзсэн байх шаардлагатай вэ гэдгийг л шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл, гүнзгийрүүлсэн сургалттай сургууль төгссөн, гадаадад сургууль төгссөн зэргээс үл хамааран нэг л төвшинд шалгалт авна” гэсэн  юм.

 

ГАР УТАС, ТООНЫ МАШИН АВЧ ОРОХЫГ ХОРИГЛОДОГ

 

Шалгалтад орохдоо элсэгчид анхаарвал зохих хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, элсэгчид  бүртгүүлэхдээ бусдын картын мэдээллийг хулгайлан луйврын гүйлгээ хийсэн тохиолдолд, мөн шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн нийт шалгалтыг хүчингүй болгож хоёр жилийн хугацаагаар шалгалт өгөх эрхийг нь хасдаг. Мөн шалгалтын анги, танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, толь бичиг, компьютер зэрэг бусдад саад болох зүйл авч орохыг хориглодог. Зарим хүүхэд үүнийг мэдэхгүйгээсээ болж,  шалгалт өгөх эрхээ хасуулах тохиолдол байдаг.  Тиймээс эдгээр зүйлийг санахад илүүдэхгүй болов уу. Түүнчлэн шалгалт өгөхдөө хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод, засваргүй бөглөнө гэсэн  дүрэм, журам элсэлтийн шалгалтад үйлчилдэг.

Дээр нь нэмж анхааруулахад, өмнөх жилүүдийн шалгалтын туршлагаас харахад шалгалт өгөх өглөө зарим элсэгч шалгалт өгөх байраа хайж, шалгалтаас хоцрох, үүнээс болж жил алдах  тохиолдол гардаг. Иймд  элсэлтийн  шалгалт өгөх байрандаа  шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагатай. Шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон хүнийг шалгалтад оруулахгүй гэдгийг БҮТ-ийнхөн онцгойлон анхааруулсан.

 

ШАЛГАЛТЫН ДЭВТРЭЭ НООРОГ БАЙДЛААР АВЧ ҮЛДЭХ БОЛОМЖТОЙ

 

Шалгалтын явцад элсэгчид юуг илүүтэй анхаарах вэ гэсэн асуултад "Шалгалт өгч буй хүмүүст шалгалтын дэвтэр, хариултын хуудас, гэрээний хуудас, бар код гэсэн дөрвөн зүйл очно. Тэгэхээр шалгуулагч шалгалтын дэвтрээ ноорог байдлаар ашиглаад өөртөө авч үлдэх боломжтой. Хариултын хуудас, бар кодыг шалгалтын комисст хураалгана. Тэгээд сүүлийн шалгалт дууссаны долоо хоногийн дараа  цахим хуудаст зөв хариулт гарна.

Мөн "Зууны мэдээ” сонинд шагналтай түлхүүрийг нийтэлдэг. Тэр үед шалгуулагч ноороглосон шалгалтын дэвтэр дэх хариулттайгаа тулгаж үзэх боломжтой. Тулгаж үзээд ямар нэгэн алдаа, асуудал байвал  манайд өргөдөл гаргаж болно”гэдгийг БҮТ-ийн Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ө.Төгөлдөр хэлсэн.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.