Ш.Хаан, Ц.Минжинхүү нарын хооронд дахин санал хураалт явуулахаар төлөвлөжээ

1160

Ш.Хаан, Ц.Минжинхүү нарын хооронд дахин санал хураалт явуулахаар төлөвлөжээНалайхын захирагчийн сонгуулийн нэгдсэн дүн гарлаа. Нийт 20 мянган 315 сонгогч сонгуульд оролцохоос 10 мянга 540 иргэн сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгчээ.  Үүнээс 140 сонгогчийн саналын хуудсыг хүчингүйд буюу алдаатай бөглөсөнд тооцсон байна. 

 

Сонгогчдын нийт ирц 51.88 хувьтай байж, сонгууль хүчинтэй болсон гэж сонгуулийн нэгдсэн хороо үзэж, саналыг гараар тоолсон. Ингээд сонгуулийн нэгдсэн дүнгээр нэр дэвшигч Д.Батбаатарт 1744 сонгогч буюу 16.7 хувь нь,  Б.Баяндэлгэрт 969 сонгогч буюу 9.32 хувь нь, Г.Болдбаатарт 304 сонгогч буюу 2.92 хувь нь, Д.Ганболдод 458 сонгогч буюу 4.4 хувь нь, Н.Мандуулд 550 сонгогч буюу 5.29 хувь нь, Ц.Минжинхүүд 2121 сонгогч буюу 20.39 хувь нь, Ш.Хаанд 3215 сонгогч буюу 30.91 хувь нь, Д.Цогоод 1039 сонгогч буюу 9.99 хувь нь саналаа өгчээ. Гэсэн ч Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар нэр дэвшигч санал өгсөн нийт сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг авснаар ялалт байгуулсанд тооцох ёстой юм. Энэхүү болзолыг хангаж санал өгсөн сонгогчдын 50-иас дээш хувийн дэмжлэгийг авсан нэр дэвшигч байхгүй учраас сонгуулийг дахин явуулахаар болжээ.


Ингэхдээ хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин сонгуульд оролцуулах юм байна. Сонгуулийн нэгдсэн дүнгээр Ш.Хаанд нийт сонгогчдын 30.91 хувь нь, Ц.Минжинхүүд 20.39 хувь буюу сонгогчдын олонх нь саналаа өгчээ. Одоо дээрх сонгуулийн нэгдсэн  дүнг ажлын хэсгийнхэн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулж,  саналын тоогоороо бусдыг тэргүүлж байгаа Ш.Хаан, Ц.Минжинхүү нарын хооронд дахин санал хураалт явуулахаар төлөвлөжээ.  "Дахин саналт хураалтыг энэ долоо хоногтоо багтаан явуулна” гэж сонгуулийн нэгдсэн хорооны дарга О.Манарбек мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>