Хариу хүлээх захидал

853
Хариу хүлээх захидалАрхангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин Н.Батсайхан МАН-аас иргэддээ илгээж буй захидлыг гардаж авсан анхны хүмүүсийн нэг болов. Түүнд энэхүү захидлыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, тус намын Хангайн бүс хариуцсан нарийн бичгийн дарга О.Содбилэг нар өнгөрсөн бямба гаригт хүргэж өглөө. МАН-ынхан ард түмний санал бодлыг сонсож, төрийн бодлогод тусгахаар "Бид хамтдаа” аяныг эхлүүлж энэ захидлыг хүргүүлж байгаа юм. Захидал нь хариу бичиж, улс орны хөгжилд санал бодлоо нэмэрлэхийг уриалсан агуулгатай юм. Мөн тэд "хариу хүлээх” захидлаа Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Тээл багийн иргэн С.Нямхүү, Тариат сумын Хорго багийн иргэн Ж.Мөнхжаргалын гэрт зочлон гардуулж өгсөн. "Бид хамтдаа” аяны хүрээнд Архангай аймгийн сум, суурин бүрийн иргэд МАН-аас захидал хүлээн авсан юм. Ж.Мөнхбат, О.Содбилэгээс гадна УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ж.Батсуурь, Д.Оюунхорол, Су.Батболд, С.Бямбацогт, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар Архангай аймагт сум бүрээр өртөөлөн давхиж, иргэдийн төлөөлөлд захидал хүргэж өгөв.

МАН-ын аймаг, сумын хорооны ажилтнууд "хариу хүлээх” захидлыг айл өрх бүрт түгээх аж. Уг захидалд хариу илгээхдээ та МАН-д хаяглаж болох нь. Мөн санал бодлоо бичээд харьяа аймаг, дүүрэг, сумын МАН-ын хороонд хүргүүлж болох юм байна. МАН-аас "Бид хамтдаа” аяны хүрээндээ "Захидал” нэвтрүүлгийг эрхлэн гаргахаар болжээ. Нэвтрүүлгээр иргэдийн МАН-д илгээсэн захидалд бичсэн санал бодлыг танилцуулах аж. Улмаар хариу захидал илгээсэн сонгогчдын санал бодлыг ангилж, нэгтгээд МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах гэнэ. Энэ үеэр тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат "Иргэдийн санал бодол манай намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тулгуур болно” гэж ярьж байлаа. МАН-ын удирдлагууд айл өрхөд захидал хүргэж өгөхөөс гадна тухайн орон нутгийн иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсож явав. Ж.Мөнхбат, О.Содбилэг нар Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат сумын иргэдтэй уулзсан.

Хөдөөгийн иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэсэн бодлого малын түүхий эдийн үнийг буурлаа, суманд жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж арав таван төгрөг тарааж аманд ч үгүй, хамарт ч үгүй устгаж байхаар таван сумын дунд тов хийсэн үйлдвэр барих бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгтэй, уул уурхайгаас илүүтэй үржиж, төлждөг мал аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлэх хэрэгтэй гэх мэт санал гаргаж байв. Мөн төрийн зохион байгуулалттай холбогдуулан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох нь зөв, алдаа дутагдал гаргасан, улсын хөрөнгийг идэж шамшигдуулсан бол төрийн албанд дахиж томилохгүй байя, сонгуулийг мөнгө тараахгүй, архидуулахгүйгээр хийдэг болгох хууль батлах шаардлагатай, мэдлэг, боловсролтой хүнээр орон нутгийг удирдуулдаг болмоор байна гэсэн санал хэлж байлаа. Өндөр-Улаан, Тариат суманд зочилсон айл, уулзалт бүрт ажилгүйдлийн тухай шүүмж яриа өрнүүлөв. "Хүүхэд их сургууль төгсөөд ажилд орж чаддаггүй ээ, танил талаараа хөөцөлдөөд ч арга чарга нь барагдаж байна” гэж ярих хүн олон таарсан.

Тухайлбал, Өндөр-Улаан сумын иргэн Э.Доржготов "Их, дээд сургууль төгссөн гэх "хоосон” диплом, ромботой хүүхдүүд олширлоо. Аав, ээжийнхээ хөлс хүчийг шавхан төлбөрөө төлүүлээд их, дээд сургууль төгсдөг. Гэтэл ажил олддоггүй. Эцэг эх нь төлбөрийг нь төлөх гэж хэдэн малаа зарсаар байгаад ядуурч хоцорч байна. Чанаргүй дээд сургуулиудыг татан буулгавал яасан юм бэ. Тэгээд мэргэжил олгодог сургууль байгуулбал дээр” гэж ярилаа. Ж.Мөнхбат, О.Содбилэг нарын зочилсон Тариат сумын иргэн Ж.Мөнхжаргал ч хүүхдэд нь ажил олдохгүй байгааг учирлаж байсан. УИХ дахь МАН-ын бүлгээс Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, Малчны тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах, Ахмадуудад ач санах зэрэг хуулийн төслийг хэлэлцүүлэхээр болсон. Малчид эдгээр хуулийн төслийг дэмжиж байлаа. Сум орон нутагт тэтгэврийн зээлгүй хүн ховор болжээ. Хөгшид маань голдуу ач, зээгийнхээ сургалтын төлбөрийг төлөхөөр зээл авснаа ярьж байв. Уулзалтын үер нэгэн өндөр настан "Барьцаанд тавьсан тэтгэврийн дэвтрийг минь авч өгөх арга тал байна уу” гэж гуйж байх жишээтэй.

Жилийн дөрвөн улиралд ямар ч амралтгүй ажилладаг учраас малчны хөдөлмөрийг хүнд хөдөлмөрт тооцох нь зүйтэй гэдгийг уулзалтад оролцсон хүмүүс дэмжсэн. Мөн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тухай ярих болсныг шүүмжилж байв. Тариат сумын иргэн Ц.Дашравдан "Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх гэж буй нь ажилгүйдлийг улам өсгөх аюултай” гэж санал бодлоо хуваалцав. Сумдаар явж, захидлаа хүргэж, иргэдийн санал бодлыг сонссон МАН-ынхан ням гаригт Архангай аймгийн төвд цуглан нэгдсэн уулзалт зохион байгууллаа. Уулзалтад оролцогсод "Орон сууцны урт хугацаатай зээлийн хүүг 10 хувь болгох шийдвэр хэзээ гарах вэ”, "УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин шүүхийн бүтцийг өөрчлөн, бүсийн шүүхийг Өвөрхангай аймагт төвлөрүүлснээр хүндрэл учрах боллоо. Хэзээнээс өөрчилж, аймагтаа давж заалдах эрхтэй болох вэ” гэж асууж байлаа. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат "Зургадугаар сард багтаж орон сууцны зээлийн төлбөрийг 10 хувь болгож бууруулна.

Санхүүгийн нөхцөл боломжийг нь шийдвэрлэсэн” гэж хариулсан. "Шүүхийн шинэчлэл амьдралгүй, Монголын нөхцөлд тохирохгүй. Шууд АНУ-ын тогтолцоог хуулбарлан тулгасан” гэж О.Содбилэг гишүүн байр сууриа илэрхийлэв. Аймгийн төвд зохион байгуулсан уулзалтад ардчилсан Үндсэн хуулийг баталцсан Т.Ядамсүрэн гуай оролцож, Үндсэн хууль болон сонгуулийн хуулийн талаар санал бодлоо хэлэв. Тэрбээр "Үндсэн хуулийг өөрчилнө гэж ярихаасаа өмнө "дордуулсан долоон” өөрчлөлтийг авч хаях хэрэгтэй” гэв. Мөн "Хэрвээ намын жагсаалтаар УИХ-д нэр дэвшүүлбэл сонгуульд саналаа өгөхгүй байхыг уриална” гэлээ.

Өндөр-Улаан сумын иргэн Н.Оюун, Тариат сумын иргэн Р.Баасанпүрэв нар ч түүнтэй адил байр суурьтай байсныг энд дурдъя. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Ж.Мөнхбат уутныхаа амыг уруу нь харуулаад сэгсэрчихсэн өнөө цагт эдийн засгаа босгох, зүй зохис нь алдагдан, доголдож буй боловсрол, эрүүл мэнд зэрэг салбараа өөд нь татахын тулд иргэдийн санал бодол чухал байгааг дуулгаж байв. "Бид хамтдаа” аяныг 21 аймагт өрнүүлэх аж. Архангай аймгаас эхэлсэн "буухиа” Ховд, Өмнөговь аймагт үргэлжлэх юм байна.

Т.ЭНХБАТ

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>