Яруу найрагчид Өгий нуураа аргадан дуулав
"Өгий сан” төрийн бус байгууллага, БОНХАЖЯ, "Байгаль хамгаалах сан”, МЗЭ, "Шинэ Мянган” утга зохиолын нэгдлийн хамтран зохион байгуулсан "Өгийн цом” яруу найргийн наадмын хоёрдугаар шатанд 15 найрагч тунаж үлдсэн бөгөөд тэд эхний ээлжид Өгий нуурыг магтан дуулсан шүлгээ уншиж сонсгосон бол дараагийн шатанд байгалийн сэдэвт шүлгээр хурсан олны сонорыг мялаасан. Тус наадмын ерөнхий шүүгчээр Ардын уран зохиолч Т.Галсан гуай ажилласан бол шүүгчдээр МЗЭ-ийн дарга Г.Мөнхцэцэг, Ардын уран зохиолч П.Бадарч, Д.Цоодол нарын хүмүүс ажиллалаа. Ингээд шалгаруулалтын дүнд "Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Моломжамц түрүүлж, аман хүзүүнд П.Нямлхагва, Л.Ганзул нар шалгарлаа. Харин тэдний араас яруу найрагч Б.Баттулга, Д.Нямаа нар шалгарав. Энэхүү наадмын тэргүүн байрт шалгарсан яруу найрагч Л.Моломжамц нэг сая таван зуун мянган төгрөгийн эзэн болж, цом, өргөмжлөөөр шагнуулсан бол дэд байр нэг сая төгрөг, өргөмжлөл, гуравдугаар байр 800 мянган төгрөг, өргөмжлөлийн эзэн болсон. Түүнчлэн хоёр хүн тусгай байрт шалгарч, тус бүр 500 мянган төгрөг, өргөмжлөл хүртлээ.