Д.Баярбат: Монголын газар нутгийн 77.8 хувь нь цөлжилтөд өртсөн
Х.МОНГОЛХАТАН
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын Цөлжилтийн үндэсний хорооны зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баярбаттай ярилцлаа.
БАЙГАЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭСРЭГ АВАХ АРГА ХЭМЖЭЭ БАЙХГҮЙ
-1995 оноос хойш НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос жил бүрийн зургадугаар сарын 17-ныг "Олон улсын цөлжилттэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан байдаг. Манай улсын хувьд 2007 оноос эхлэн иргэд олон нийтэд мэдээлэл түгээх, байгаль орчны мэдлэгийг нь дээшлүүлэх өдөр болгон тэмдэглэж ирлээ.
Цөлжилт гэдэг байгаль болон хүний хүчин зүйлийн нөлөөгөөр газар түүний биологийн төрөл зүйл, хөрсний доройтол үүсч байгаа үйл явцыг хэлдэг. Салхи, хуурайшил, хүний хүчин зүйлийн нөлөөгөөр газрын доройтлын үйл явц явагддаг.
Цөлжилтийн судалгааг 10 жилийн давтамжтайгаар хийдэг. 2010 онд хийсэн судалгаагаар Монгол орны нийт газар нутгийн 77.8 хувь нь цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөн байгааг тогтоосон.
Хамгийн сүүлд гаргасан Цөлжилттэй тэмцэх атласт Дорнод аймгийн газар нутгийн зарим хэсэгт цөлжилтийн үйл явц явагдаж байгааг харуулсан. Гэтэл Дорнодын тал чинь ногоон өвстэй байхад яагаад цөлжилттэй гэлээ гэсэн хүмүүс ч гарсан. Үнэндээ харахад цөл болоогүй ч үйл явц нь явагдаж байдаг юм. Цөлжилтийн эцсийн үр дүн цөл үүсдэг. Үүнээс урдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй.
Манай орон хуурай бүс нутагт оршдог, хур тунадас бага ордог, их дулаарч байгаа цаг агаартай. Тухайлбал, Өмнөд Солонгост жилд 1200-2400мм хур тунадас ордог байхад Монголын хамгийн их хур тунадас ордог хойд хэсэгт жилд 400мм л ордог. Сүүлийн 60-70 жилийн дунджаар авч үзэхэд дэлхийн дулаарал 0,7 градус байхад Монголынх 2,1 градус буюу гурав дахин их дулаарсан байна. Хуурай бүс нутагт ургамлын хэмжээ багасаад ирэхээр дулаарал их явагддаг юм байна. Тиймээс энэ байгалийн хүчин зүйлийн эсрэг авах арга хэмжээ байхгүй.
МАЛЧИД БЭЛЧЭЭРИЙН ЦӨЛЖИЛТӨД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
-Хүний хүчин зүйлийн хувьд олон асуудал байна. Тухайлбал, бэлчээрээ зөв ашигладаг уламжлал сүүлийн жилүүдэд алдагдаж малчид нэг газар байшин барьж суучихаад тэр хавийн газраа талхлаад дуусах болсон. Мөн малчид бэлчээртээ зориулан мал сүргийнхээ тоог тодорхой түвшинд барьдаг, бэлчээрээ сэлгэж ашигладаг, сүргийн бүтцээ зохицуулдаг малч ухаангүй болжээ. Ямаа гэхэд нийт мал сүргийн 10-15 орчим хувиас ихгүй байх ёстой байдаг. Яагаад ямааг онцлоод байна гэхээр говийн бүсэд үржүүлэхэд ургамал хөрсөнд хор нөлөө багатай амьтан. Учир нь говийн бүсийн ургамал гүн үндэстэй учраас ухаад авчихдаггүй. Хонь, ямаа хоёрыг харьцуулсан эрдэмтдийн хийсэн судалгаа бий. Үүнд ямаа өдөрт 11 мянган удаа ургамал хазаж байхад хонь 3000 хазах жишээтэй. Тэгэхээр хээр, хангайн тодорхой бүс нутагт ямааг үржүүлэх хэрэггүй гэсэн санаа юм.
Мэдээж мал өссөнтэй холбоотойгоо бэлчээрийн талхлалт явагдаж байгаа. Бэлчээр бол Монголын газар нутгийн 72 орчим хувийг эзэлж байгаа юм. Гэтэл бэлчээрийн газрын 66 орчим хувь нь доройтолд орсон гэхээр монголчууд дээр үеэс уламжилж ирсэн малч ухаан, уламжлалаа дахин сэргээх зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Газар тариаланг ашиглаж байгаад газраа хагалаад орхичихсон газрууд байдаг. Гэтэл хөрсийг нь эргүүлээд хаячихсан талбайн хөрс нь салхиар элэгдээд нүүдэг. Шар шороон шуурга ч үүнтэй холбоотой. Үүнээс үүдээд хөрсний үржил шим үгүй болж хөрсний доройтол үүсдэг. Тиймээс малчид бэлчээрийн цөлжилтөд анхаарах хэрэгтэй.
ХҮН БҮР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ОРОЛЦОЖ БАЙЖ ЦӨЛЖИЛТТЭЙ ҮР ДҮНТЭЙ ТЭМЦЭНЭ
Цөлжилттэй тэмцэхийг төр засаг, нэг яамны ажил гэж ойлгож болохгүй. Хүн бүрийн ялангуяа малчдын оролцоо маш чухал болоод байна. Монгол орны нийт газар нутгийн 70 гаруй хувийг малчид ашиглаж байгаа учраас байгальтайгаа зөв харьцаж, зохистой ашиглах хэрэгтэй. Бэлчээрээ сэлгэж, нүүдэллэж явах нь хөрсийг эргэн сэргэх, ургах боломжийг олгоно.
Цөлжилт нэгэнт явагдаж цөл үүссэн газар нутаг эргэн сэргэх боломжгүй. Хятадад гүний усаа дээш нь гаргаад мод тарьж байна. Үүнд асар их мөнгө, олон хүний хүч хөдөлмөр шаардана. Монгол орны хувьд ийм чадвар байхгүй. Тэгэхээр бидэнд хамгийн гол арга нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх юм.
Бусад улс орныхон дэлхийн дулаарал, цөлжилтөд 100 хувь анхаарч байхад манайх 300 хувь анхаарахаас өөр аргагүй байдал үүсч байна. Цөлжилт гэдэг аажмаар удаан хугацаагаар явагддаг учраас бид одооноос сайн анхаарч байгаль дэлхийтэйгээ зөв харьцах хэрэгтэй.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос "Хамгийн гол нь тухайн орны иргэд ард түмэн олон нийт цөлжилтийн тухай ойлголтоо нэмэгдүүлж байж үр дүнд хүрнэ” гэсэн байдаг. Цөлжилттэй тэмцэхэд ажиллахад мөнгө шаардлагатай нь мэдээж. Гэхдээ ихэнх тохиолдолд иргэн бүр оролцож сэтгэл зүтгэл гаргаж байгалиа хайрлан хамгаалж зүй зохистой харьцаж чадвал бид цөлжилтэй үр дүнтэй тэмцэж чадна. Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийг сайн хийж чадвал байгаль дэлхий эргээд хэвийн байдалдаа орох боломжтой.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос Монгол орны нийт нутгийн 90 орчим хувь нь цөлжилт газрын доройтолд орох магадлалтай гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл одоо 77,8 хувьд нь цөлжих үйл явц явагдаж байгаагаас 10 хувь нь нэн хүчтэй, эрчимтэй явагдаж байна. Энэ 10 хувьд Дорноговь, Дундговь, Дорнодын нутгууд орж байгааг бид анхааруулж ажиллаж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин