М.Нямжав: Хилийн боомт дээр хятад компаниуд тусгай гарц эзэмшиж, өөрсдөдөө давуу байдал бүрдүүлсэн

137

М.Нямжав: Хилийн боомт дээр хятад компаниуд тусгай гарц эзэмшиж, өөрсдөдөө давуу байдал бүрдүүлсэн

 

Нүүрс гаргадаг Монгол Улсын хилийн боомт хэсэг бүлэг хүнд зарагдаж, давуу эрх бий болсон талаар тээвэрчид мэдээлэл хийлээ.
“Баянзам тээвэрчдийн холбоо”-ны тэргүүн М.Нямжав: Манай улсад нүүрсний тухай ярихгүй хүн гэж бараг үлдсэнгүй. Ковид цар тахлын үеэс хойш нүүрсний салбарт улс төрийн оролцоо эрс нэмэгдэж, хамгийн түрүүнд тээвэрчдийн эрх ашигт нөлөөлсөн. Нүүрснээс олдог орлогоосоо шалтгаалан Засгийн газраас гарсан шийдвэр, тогтоолууд нь бидний ажил, орлогод сөргөөр нөлөөлөөд багагүй хугацаа өнгөрч байна.
Энэ асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор аравдугаар сарын 6-нд Засгийн газар болон Ерөнхий сайдад албан мэдэгдэл хүргүүлсэн. Үүний дагуу арваннэгдүгээр сарын 3-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас биднийг хүлээн авч уулзаж, асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлсэн. Уулзалт, хэлэлцээ хийхийн өмнө бид өнөөдрийн хэвлэлийн хурлаар тулгамдаж буй асуудлуудаа олон нийтэд ил тод хэлэхийг хүслээ.
Нүүрс худалдах, худалдан авах үйл ажиллагаанд Хятадын тал өөртөө илт давуу эрх бий болгож байгаа. Манай нүүрс тээврийн салбарт давуу эрхтэй хүмүүс олон болсон. Тухайлбал, зарим жолооч өдөр бүр хил нэвтэрч тээвэр хийдэг байхад, зарим нь гурван хоногийн дараа нэг удаа хил нэвтрэх эрхтэй байдаг. Харин энэ салбарт олон жил ажилласан, эгэл жирийн тээвэрчид хамгийн ард нь үлдэж, 30 хоногийн дараа л нэг рейс хийж чаддаг болсон.
Мэдээ мэдээллээр нүүрсний экспорт өсөж, хилийн нэвтрэлт сайжирч байна гэж гарч байгаа ч бодит байдал дээр 50 орчим хувь нь тодорхой хүмүүсийн эрх ашигт хуваарилагдаж байна. Үүнээс шалтгаалж тээврийн эргэлт удааширч, жирийн тээвэрчдийн орлого, амьдрал хүндэрсэн. Хилийн боомт дээр Хятадын компаниуд тусгай гарц эзэмшиж, өөрсдөдөө давуу нөхцөл бүрдүүлсэн нь энэ байдлыг улам хүндрүүлж байна.
Нүүрсний хулгай гэж ярьдаг шиг нүүрс тээврийн гэрээ, ханш хүртэл хулгайлагдсан асуудал үүсээд байна. Тиймээс бид, нүүрс тээвэрчид өөрсдийн хүчээр энэ шударга бус байдлыг таслан зогсоох арга хэмжээ авч эхэлсэн. Маргааш болох Засгийн газрын байнгын хуралдаанаар энэ давуу эрх олгосон, хуучин Засгийн газрын шийдвэрүүдийг цуцалж, шинэчлэл хийхгүй бол бид дараагийн шатны тэмцлийн арга хэмжээг авахаас өөр аргагүй. Тээвэрчид Сүхбаатарын талбай болон Гашуунсухайтын боомт дээр жагсаал хийхэд бэлэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>