Хүнд даацын машинууд мөргөлдөж хоёр хүн амиа алджээ
Мягмар гаригаас лхагвад шилжих шөнө (VI/24)-ийн 03:20 цагийн орчим Төв аймгийн Баян сумын Цочир багийн нутаг Сундуйл гэдэг газар автозамын зорчих хэсэгт 12-08 ТӨА улсын дугаартай ачааны автомашин, 77-18 ХЭА улсын дугаартай ачааны автомашинтай мөргөлдөж, хоёр хүн амиа алдсан ноцтой осол гарлаа.
Осол болж, эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар 03:30 минутад хүлээн авч, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Г /40 настай, эрэгтэй/, О /38 настай, эмэгтэй/, Л /9 настай, эрэгтэй/, П /1 настай, эрэгтэй/, Д /14 настай, эмэгтэй/ нар эд ангид хавчуулагдаж гэмтсэн байсныг гаргаж дүүргийн эмнэлэгт хүргэж өгчээ. Ослын улмаас амиа алдсан иргэн О /40 настай, эрэгтэй/, Б /40 настай, эрэгтэй/ нарын цогцсыг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус хүлээлгэн өгсөн байна.