|
Видео

Шинэ мэдээ

Орон сууцны урьдчилгаа VII сараас 10 хувь болно

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Төрийн ордонд болсон Монголын эдийн засгийн чуулганы үеэр Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нэгэн мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг маш их татсан. Энэ нь орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулах тухай байв.

Тэгвэл БХБ-ын сайд Д.Цогтбаатар өчигдөр орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгохоор Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан дахин мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.Ингээд түүний ярианаас бид урьдчилгаа төлбөр 10 хувь болох асуудлаас олон нийт хамгийн их сонирхож байгаа хэсгүүдийг хүргэж байна.

- Судалгаа хийж, өрхүүдийг амьжиргааны түвшин, нийгмийн даатгал төлсөн зэргээр нь 20 ангилалд эрэмбэлсэн. Уг ангиллын 5-16-д эрэмбэлэгдсэн хүмүүс энэ зээлд хамрагдах боломжтой. Энэ тодорхойлолтыг хорооны Засаг даргаасаа авна.

- Урьдчилгааг 10 хувь болгосноор барилгын салбарынхан нийлүүлэлтийг давуулах юм уу, хэтрэх тухай ойлголт байхгүй. Тийм учраас эрэлт нь нийлүүлэлтээ давахгүй учраас үнэ нэмэгдэх боломж байхгүй. Орон сууцны үнийн хөөрөгдөл гарахгүй.

- Журам батлагдчихвал ирэх долдугаар сараас хэрэгжээд явна.

- Зах зээлд нэмэгдсэн шинэ барилгуудад зээлийг түлхүү олгоно. Энэ бол барилгын салбарыг бүхэлд нь дэмжих, нөгөө талаас ард иргэдээ орон сууцжуулах зорилготой.

- Нийтдээ 200 тэрбум төгрөгийг засгийн газраас 20 хувийн зээлийн баталгаа болгож байна. Өнөөдрийн зах зээлийн тооцооллоор 10-аад мянган өрхөд хамаарна. Цаашид зах зээл өөрөө зохицуулаад явна.

- 30 хувийн зээл ч давхар үргэлжлээд явж байгаа. 30 хувиа шууд төлөөд байр авах боломж нь ч нээлттэй.

- Одоогоор зах зээлд нийлүүлэгдсэн өнгөрсөн жил, энэ оныхтой нийлээд 32-36 мянган айлын орон сууц байна.

- Банкууд өөрийнхөө эрсдлийг бодоод шалгуур тавьдаг. Гэхдээ банкууд энэ зээлийг найдвартай гэж үзэж байгаа. Банкуудын шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт орохгүй байх. Гэхдээ банкны шалгуур үзүүлэлтийг хүндэтгэх хэрэгтэй. Ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн сайн, хуримтлагдсан мөнгө байгаа. Банкуудад 20 хувийг санхүүжүүлэхэд нэмэлт ачаалал бий болгохгүй.

- Өнөөдөр иргэд 30 хувийг шууд төлж чадахгүй байна. Тиймээс бид боломж олгоод 20 хувь дээр нь баталгаа гаргаж байгаа тул үүн дээрээ 8 хувийнхаа хүүг төлөөд явна.

- Гэхдээ банкууд урьдчилгаанд нийт зээлийн 30 хувийн төлбөрийг шаарддагаараа шаардана. Харинэнэ мөнгөний 10 хувийг төлөөд, 20 хувьд нь батлан даалт авах хүсэлтээ Хөгжлийн банкинд тавих юм.

- Энэ нь барилгын компаниуд болон иргэдийн аль алийг нь бодсон шийдвэр

- Барилга, хот байгуулалтын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг ипотекийн зээл олгох шинэ журам боловсруулж байна. Ерөнхий сайд энэ журмыг ирэх сард багтаан боловсруулах үүрэг өгсөн.

- Энэ боломжийг ашиглах иргэдийн тоо хязгаартай. Учир нь өнгөрсөн даваа гаригийн Засгийн хуралдаанд шийдвэрлэснээр эхний ээлжинд 200 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт олгох эрхийг Хөгжлийн банкинд олгосон. Зээлийн баталгааг арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр Хөгжлийн банк гаргана. Тэгэхээр зээлийн нийт баталгаа 200 тэрбум төгрөгт тулсан цагт 10 хувийн урьдчилгаа авах арилжааны банкуудын зээл зогсох магадлалтай.

- Гэхдээ энэ бүтээгдэхүүнийг цаашид ч үргэлжлүүлэн олгохын тулд Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайдад үүрэг өгч, ирэх жилийн төсөвт ипотекийн зээлийн батлан даалтад тодорхой хөрөнгө хуваарилах үүрэг өгчээ. Мөн Засгийн газраас гаргах өрийн баталгааны дээд хэмжээнд тусгах юм байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.