Аянга цахилгаан буух эрсдэл өндөр байгааг анхаарууллаа

943

Манай орны ихэнх нутгаар хэт халалтын улмаас ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрч, төв, баруун зүгийн нутгаар зуншлага муу, гантай байна.

 Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, тушаал, удирдамжийн дагуу Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг төв болон баруун зүгийн нутагт ажиллаж байна.

 Ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Булган, Архангай, Төв, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт ажиллах юм байна.

 Манай орны ихэнх нутгаар өдөртөө хэт их халж байгаа нь аянга цахилгаан буух эрсдэлийг бүрдүүлж байгааг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа.

 Ажлын хэсэг гангийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан үнэлгээ хийх, шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч, шийдвэрлүүлэх, яаралтай тохиолдолд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах арга хэмжээ авах, зайлшгүй тохиолдолд Улсын онцгой комисс, Засгийн газарт асуудлыг танилцуулж ажиллах юм.

 2015 он гарсаар 3 аймгийн 5 суманд аянга буусны улмаас 1 иргэн түлэгдэж гэмтэн, 53 толгой мал хорогджээ.

 Мөн цаашид долоо, наймдугаар сард өдрийн их халалтын улмаас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр орох, үер буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж болзошгүй талаар цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

 Он гарсаар 4 аймгийн 8 суманд уруйн үер бууж 38 айл өрх, 4 аж ахуйн нэгж, байгууллага усанд автаж, 6,913 толгой мал хорогдсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>