Энэ жилийн наадмыг 15 телевиз шууд дамжуулна

895

Монголчуудын үндэсний баяр болох Эрийн гурван наадмыг энэ жил өргөн нэвтрүүлгийн 15 телевиз шууд дамжуулахаар боллоо. Монголын телевизүүдийн холбоо, телевизийн удирдлагууд хуралдаж энэхүү шийдвэрт хүрсэн байна. Энэхүү шийдвэрийг Үндэсний баяр наадмын комисс дэмжсэн байна. Энэ удаагийн Үндэсний их баяр наадмын дамжуулалтыг өндөр технологиор мэргэжлийн түвшинд, тив дэлхийн олимпийн наадмын хэмжээнд шууд дамжуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна. 15 телевизийн шилдгийн шилдгүүдийн нийлсэн баг хамт олон баярын өдрүүдээр үзэгчдэд наадмын үеэр болох бүхий л үйл ажиллагааг шууд дамжуулан үзүүлэх юм.

Сүүлийн жилүүдэд арилжааны ТВ-үүд олширч, тэр ч хирээрээ шууд дамжуулалтын үеэр зарим тохиолдолд үзэгчдээсээ илүү уран бүтээлчид газар дээр нь ажиллах болсон. Энэ нь үзэгчдэд наадмыг газар дээрээс нь үзэх нөхцөлд саад учруулж байгаа нь нууц биш ээ. Энэ байдлыг цэгцлэх, ТВ-үүд нэг баг болж ажиллах нь хаа хаанаа ашигтай байгааг хурлын үеэр хэлж байлаа. Мөн реклам сурталчилгаа нэгдсэн журмаар үзэгчдэд хүрэх юм. Шууд нэвтрүүлгийн тайлбарлагч нарыг салбар бүрийнх нь холбооноос шалгаруулан шилдгийн шилдгүүдээр бөхийн барилдаан, хурдан морь, сур шагайн харвааг тайлбарлуулах юм байна. Харин наадмыг сурвалжлах мэдээний багаа телевизүүд тус тусдаа гаргаж, өөрсдийн өнгө аясаа харуулах юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>