“Ягааны гудамж”-тай болъё

421

“Ягааны гудамж”-тай болъё

Г.ЖАРГАЛ

Ардчилал дандаа сайхныг дагуулаагүй. Хүний эрх, эрх чөлөө гэгч хязгааргүй тунхагийн дор биеэ үнэлэлт, янхандалт цэцэглэсэн.

1990-ээд онд "Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэцэрлэг, Хөрөнгийн бирж, "Ард” кинотеатр  хавиар биеэ үнэлэгчдийн төв нь байсан гэдэг. Харин "өндөр зэрэглэл”-ийнх нь тэр үедээ хамгийн томд ордог байсан "Улаанбаатар”  зочид буудалд нутагшчихсан байсныг тэр үеийн сонин хэвлэлээс харж болно.

Биеэ үнэлэлт тэр үеэс ч өмнө байсан байх. Гэхдээ л ардчиллын он жилүүдэд илүү "хөгжсөн”нь үнэн.

Тэрхүү гадаах цэцэрлэг, кинотеатрын гадуур эргэлддэг байсан биеэ үнэлэгчдийг цагдаагийнхан байсгээд л хураан цуглуулдаг байж. Ихэнх нь амьдралын эрхээр... гэсэн жижүүрийн хариулттай. Олон удаа баригдаж ирснийг 111-ээр хэд хоног саатуулдаг. Өөрөөр яах ч аргагүй байж л дээ.

Монгол Улсын Садар самуунтай тэмцэх хууль гэж 1998 онд гарсан. Гэлээ гээд тэр хууль нь биеэ үнэлэгчдийг яг хэрхэн цэгцлэх, энэ явдлыг яаж сааруулах талаар тодорхой тусгаагүйг хуульчид хэлдэг. Энэ нь ч амьдрал дээр батлагдсан.

Хэрэвзээ хууль нь сайн байгаад, биеэ үнэлэлтийг таслан зогсоож чадсан бол өнөөдрийн харамсалтай нөхцөл байдал үүсэхгүй байсан биз.

Биеэ үнэлэх явдал өнөөдөр жинхэнэ утгаараа хөгжиж, улам бүр боловсронгуй болсон байна. Цагдаагийнхан "Гулгаа массаж гэдэг чинь биеэ үнэлэлтийн далд хэлбэр юм байна” гэдгийг саяхан илрүүлэв. Зочид буудлууд яагаад нэг цагт 5000 төгрөгөөр, хоногт 10 мянган төгрөгөөр үйлчилдгийг сая нээв. Бас л янхандалт ард нь байжээ.

Дэлхий глобалчлагдаж, монголчууд хаа сайгүй хэрэн явах болсон. Антрактидад хүртэл монгол хүн амьдарч байна гэсэн. Харин монгол охид өмнөд хөршийн Эрээнээс эхлээд, Хонгконг, Макаод олноороо биеэ үнэлэх болсныг мэр сэр мэдээлээд байдаг боллоо. Манайхан явж байгаад таардаг гэж байгаа.

Чухамдаа гадаадад сурч байгаа гэх монгол охидын нэлээд хэсэг нь ийм ажил хийгээд явдгийг эх сурвалж мэдээлж байсан.

Сүүлийн жилүүдэд гадаадад биеэ үнэлж байгаад хүний наймааны золиос болох шахсан, болсон тохиолдлууд хэд хэд бүртгэгдээд авлаа. Хүний нэр хүндийг хамгаалах нэрийдлээр нэр усыг нь зарладаггүй болохоос иймэрхүү эмгэнэлт явдлын золиос болсон монгол охид, бүсгүйчүүд цөөнгүй болов. Үнэндээ тэд бас л мөнгөний төлөө ингэж "ажиллаж” байна гэсэн үг.

Ийн биеэ үнэлэлт, янхандалтаас үүдсэн өвчний гаралт сүүлийн жилүүдэд гамшгийн хэмжээнд хүрээд байгааг манай албаны хүмүүс яагаад нууцлаад байдаг нь тун ойлгомжгүй. Өнөөдөр ДОХ-ын халдвар тээгчийн тоо 185-д хүрсэн байна. Яг одоо ч энэ тоо ахиж байхыг үгүйсгэхгүй. Бэлгийн замын халдварт өвчнүүд бол хяналтаас гарчихсан. Эрүүл мэндийн байгууллага энэ талаар дорвитой тогтсон тоо хэлж чадахаа больсон. Тэмбүүгийн өвчлөлөөр тэртээ хувьсгалын дараах үеийн тархалтын рекордыг эвдсэн ч байж болзошгүй гэх.

Монгол дахь АНУ-ын ЭСЯ-наас нэгэн тайлан мэдээлэл гаргажээ. Лав бидэнд зориулаагүй нь тодорхой. "Монголын 2012 оны хүний наймааны талөв байдлын тайлан” гэх тэрхүү мэдээлэлдээ "...Монгол Улс нь бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг гаргагч, дамжуулагч, мөн хүлээн авагч орон юм. ...Зүүн хойд Азийн бусад хүлээн авагч улсуудад хүчээр биеийг нь үнэлүүлэх, Хятад болон ОХУ-аас Монгол Улсаар дамжин хүний наймаа явагдаж байсан. ...Сингапур улс бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүний наймааны хохирогч болсон монгол иргэдийг хүлээн авагч орон болсны сацуу мөн хууль бусаар Монгол руу филиппин гэрийн үйлчлэгч нарыг элсүүлэх ажиллагааны бааз болсон байв. Монгол эмэгтэйчүүд гэр бүл зуучлалын төвөөр дамжуулан ялангуяа Өмнөд Солонгосын эрчүүдтэй гэр бүл болсныхоо дараа боолчлогдох нөхцөл байдалтай тулгардаг асуудал байсаар байна.

...Массажны газруудад охид, эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан ба зочид буудал, караоке клубууд, уурхай дээр охидын биеийг үнэлүүлдэг хэвээр байна.

...Өмнөд Солонгос болон Японы жуулчид Монгол Улсад хүүхдийн секс аялалд хамрагддаг гэсэн мэдээлэл ирсээр байна.

Тайлангийн хугацаанд бусдын биеийг хүчээр үнэлүүлсэн 15 хэргийг мөрдөн шалгаж, есөн хэргийг хянан шийдвэрлэсэн ба насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлсэн нэг хэргийг шийдвэрлэсэн байсан. Түүнчлэн, 2011 онд циркийн үзүүлбэрт уран нугараач охидыг хил дамнуулан худалдсан хэргээр хүний наймаачныг анх удаа шийтгэсэн. Гэхдээ гэмт хэрэгтнийг 113 дугаар зүйлээр шийтгээгүй, харин тамлан зовоосон, бусдын биед харгис хэрцгийгээр гэмтэл учруулсан гэж 5.5 жилийн хорих ялаар шийтгэсэн.

Монгол Улсын Засгийн газар тухайн тайлант хугацаанд урьдчилан сэргийлэх талаар болон биеэ үнэлэгчээр үйлч­лүү­лэгчдийн үйлчилгээг хүр­тэх эрэлт хэрэгцээг буу­руу­лах, тус улс дах хүүхдийн секс аяллаас үүдсэн тулгамдсан асууд­луудыг шийдвэрлэх тал дээр ямар ч арга хэмжээ аваагүй” гэж бичжээ. Бүхэлдээ үнэн л дээ. Хамгийн гол нь биеэ үнэлэлт, түүнээс үүдсэн хүний наймааны талаар АНУ биднийг ингэж дүгнэж суудаг байна.

Бид биеэ үнэлэгчдэд дургүй. Үзэн ядна. Гэвч манай нийгэмд биеэ үнэлэгчид байсаар л байна. Хамгийн гол нь биеэ үнэлэгч, янхны хэрэгцээ байгаа болохоор тэд байсаар байгаа ажээ. Нэгэн эрүүл мэндийн судалгааны байгууллага энэ талаар судалж үзэж л дээ. Түүгээр бол Монголд янхан хэрэгтэй байгаа нь нотлогдсон байна. Ер нь зөвхөн Монгол ч гэлтгүй улс орон бүрт ийм хэрэгцээ, хэрэглээ байдаг аж.

Биеэ үнэлэгчдийг байнга хэрэглэдэг бүлэг байх. Ганц бие эрчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эсвэл гадна төрх, бие галбиртаа гутарч явдаг хүмүүст "тус” болдог улс нь өнөөх биеэ үнэлэгчид л байдаг гэнэ. Бас хөдөө, гадаанаас ирсэн хүмүүс энэ хэрэглээг илүүтэй сонирхдогийг судалгаа харуулжээ. Ингэхээр энэ нь манай нийгэмд байх ёстой үзэгдэл гэсэн гаргалгаа гарч байгаа юм.

Гэтэл цагдаа, янхан хоёр муур хулгана болоод 25 жил явж ирсэн шигээ байх юм бол юу болох бол... Үүнийг бусад орнууд бол "ягааны гудамж”-аар л шийдчихдэг ажээ. Тэнд очсон биеэ үнэлэгчид нь бүртгэлтэй, эрүүл мэндийн үзлэгт байнга орно. Хүнийн наймаа, ДОХ тэмбүүний халдвар, цаашлаад хүчирхийллээс хүртэл "зугтаж” болно гэсэн үг. Хятад, Солонгос, Америк... хаа сайгүй л "Ягааны гудамж” байна. Тиймээс Улаанбаатарт "Ягааны гудамж”-тай болъё. Яагаад болохгүй гэж?!

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.