24 цагийн оюуны баар
Зураг дээр дарж үзнэ үү.
Тайванийн нийслэл Тайпей хот бол шөнийн цагаар хамгийн их хөл хөдөлгөөнтэй байдаг газрын нэг бөгөөд хотын оршин суугчид олон зүйлийг амжуулах ажээ. Хүмүүс неон гэрэлтэй гудамжаар гэр рүүгээ тайван алхана. Зарим нь гэрэл гялбаж, хөгжим цангинасан шөнийн цэнгээний газар руу гүйлдэнэ. Харин хэсэг хүмүүс шөнийн цагаар нэгэн онцгой газрыг зорьдог байна.
Тайпей хотод барууны орнуудаас ялгаатай нь 24 цаг ажилладаг номын дэлгүүр хамгийн түгээмэл байдаг аж. Энд шөнийн цагаар өдөр ирдэгээс ч олон хүн цуглардаг байна. Мөн хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй гээд төрөл бүрийн хүмүүс 24 цагийн номын дэлгүүрт зочлох бөгөөд суух нь сууж, суудалгүй нэг нь шалан дээр тухлаж, номондоо шимтэх ажээ. Энд хүмүүс сонирхсон номоо худалдан авахаас гадна хэдэн цагаар ч хамаагүй уншиж суух боломжтой байдаг.
Тайванийн "Eslite” групп одоогоос 25 жилийн өмнө анх 24 цагийн номын дэлгүүр нээж байсан бол эдүгээ улсдаа 42 салбарыг нээгээд байгаа гэнэ. Саяхан үйл ажиллагаагаа өргөжүүлж Хонконгод салбараа нээсэн төдийгүй удахгүй Хятадад 24 цагийн номын дэлгүүрээ ажиллуулахаар төлөвлөж байгаа аж. Шөнийн цагаар ч завгүй байдаг Тайваньчуудын хувьд ийнхүү 24 цагийн номын дэлгүүрт тухлах нь нэг төрлийн оюуны цэнгэл гэнэ.








