Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн чуулганы хуралдаанд үг хэлэв

1030
Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн чуулганы хуралдаанд үг хэлэвЕвропын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн ээлжит 24 дүгээр жилийн хуралдаан Финландын нийслэл Хельсинки хотноо 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр эхэллээ.
 
Энэ удаагийн хуралдааныг ЕАБХАБ-ын үндэс суурийг тавьсан Хельсинкийн гэрээний 40 жилийг тохиолдуулан тус хотод зохион байгуулж байна. 7 дугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх энэ хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга, М.Батчимэг, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Тэрбишдавга нар оролцож байна.
 
ЕАБХАБ өнөөдөр аюулгүй байдлын хамтын ажиллагааны дэлхийн хамгийн том байгууллага болж өргөжсөн бөгөөд Монгол, Төв Азийн орнуудыг эгнээндээ элсүүлснээр зөвхөн Европ бус, Евразийн бүс нутгийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Манай улс 2012 онд энэхүү байгууллагын 57 дахь гишүүнээр элссэнээр Монгол Улсын Их Хурал тус байгууллагын Парламентын ассамблейн гишүүн болсон.
 
Европын Холбооноос ОХУ-ын эсрэг гаргасан хориг арга хэмжээний хүрээнд Финландын Засгийн газар ОХУ-ын Төрийн думын дарга С.Нарышкин нарын парламентын 5 гишүүнд виз олгохоос татгалзжээ. Үүнээс үүдэн Оросын тал энэ удаагийн Хельсинкийн хуралдаанд төлөөлөгчдөө оролцуулахаас татгалзаж энэ оны 9 дүгээр сард Улаанбаатарт болох дараагийн хуралдаанд төлөөлөгчид оролцуулахаа мэдэгдсэн байна.
 
Финландын Засгийн газрын шийдвэрт шүүмжлэлтэй хандаж Герман, Англи, Австри, Норвеги, Испани, Беларусь, Киргиз, Португали зэрэг олон орны төлөөлөгчид хуралдаанд үг хэллээ.
 
Манай төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын гишүүн М.Батчимэг мөн үг хэлж тус байгууллагын түүхэн ойтой давхцаж буй энэ хуралд Оросын парламентын гишүүд оролцоогүйд харамсаж буйгаа илэрхийлээд УИХ ирэх 9 дүгээр сарын 15-19-нд Улаанбаатар хотноо болох Парламентын Ассамблейн намрын хуралдаанд гишүүн орнуудад яриа хэлэлцээний таатай уур амьсгал бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллана гэж мэдэгдлээ.
 
Тэрээр мөн Улаанбаатарт болох хурлын ерөнхий сэдэв, зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл хийв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>