Чингисийн хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар боллоо

1038

Чингисийн хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар боллооОХУ-ын Буриад улсын нэрт уран барималч Даши Намдаковын "Чингис хаан” уран барималыг УИХ гишүүн Д.Бат-Эрдэнэ худалдан авч эх оронд нь авчирах асуудал гаалийн албан татвараас болоод хил дээр гацаад байсан. Тэгвэл энэ асуудал өчигдөр УИХ-ын үдээс хойшхи чуулганаар шийдвэрлэгдлээ.

Үүнд,  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм. Тус байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн юм. Харин хуулиудын төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2-71.2 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Уг хуулийн төслүүд батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд ихээхэн үнэ цэнтэй, ховор нандин хөшөө баримлыг эх орондоо авч ирж улсдаа хандивлаж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэд гишүүдийнхээ өмнөөс баяр хүргээд энэ бүтээлийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар болж буйг дуулгалаа.

Ингэснээр иргэдийн дунд нилээдгүй маргаан өрнүүлээд байсан Чингис хааны хөшөө Чингисийн талбайд биш, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах нь тодорхой болсон юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>