Хотоос ачдаг архины шил, ундааны сав хаана “шингэдэг” вэ?

1788

Хотоос ачдаг архины шил, ундааны сав хаана “шингэдэг” вэ? "Нарантуул” худалдааны тєвєєс єдєр бїр 150 орчим автомашинд хїнсний бараа ачиж орон нутгийг зорьдог. Їїний дотор архи, ундааны тєрлийн бїтээгдэхїїн багагїй хувийг эзэлж байна.

 

Гадны улс оронд хэрэгцээгүй болсон бараа бүтээгдэхүүн, байгаль орчинг бохирдуулагч эд зүйлс Монголд "булшлагдаж” байгааг "Зууны мэдээ” сонин өмнөх дугаарууддаа хөндөн бичиж байсан. Хуучин автомашин, хуучин дугуйны импорт одоогийн дундаж амьдралтай монголчуудын хэрэгцээг хангаж байгаа ч хэдэн жилийн дараа байгальд хог болж эцэст нь та бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл  байгальд хаягдвал 100-4000 жил хадгалагдаж хөрсийг бохирдуулж байдаг шил, хуванцар савны тухай та хэр мэдэх вэ. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон ус, ундааны хуванцар сав, баяр наадам, тэмдэглэлт өдрүүдээр сөн түших архины шил хаана "шингэдэг” юм бол.

Баянзїрхийн товчоо. Архи, ундааны їйлдвэрийн борлуулалтын машин болон бараа ачсан бїхээгтэй тэргїїд голдуу оройн цагаар зїїн аймгийг зорьдог.

 

ХОГ ХАЯГДЛЫН 35 ХУВИЙГ НЬ ДАХИН БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Монголын хог хаягд­лыг дахин боловсруулах үндэсний холбооноос мэдээлснээр манай улсын хэмжээнд жилд дунджаар нэг сая гаруй тонн хог хаягдал үүсдэг ажээ. Үүнээс 35 хувийг нь ангилан ялгаж, дахин боловсруулдаг байна. Хоёрдогч түүхий эдийн 225 цэг Улаанбаатарт, 330 цэг орон нутагт ажиллаж байгаа ч хог хаягдлыг бүрэн төвлөрүүлж чадахгүй байгаа нь дээрх судалгаанаас харагдана. 

Нийт хог хаягдлын 35 хувийг эргүүлэн татаж чаддаг гэвэл үлдсэн хэсэг нь та бидний эргэн тойронд хог болон хөнгөрсөөр байна. Үүний багагүй хувь нь бидний онцолж буй архины шил, ундааны хуванцар сав, лаазнууд.

Архи, ундааны үйлдвэрүүдийн дээрх түүхий эдийг БНХАУ-аас импортолдог бөгөөд тэдний олонх нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг. Тиймдээ ч Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 20-30 хувийг хуванцар сав, шил, лааз эзэлдэг юм байна.

Гэхдээ архи, ундааны төрлийн үйлдвэрүүдийн худалдан авагчид нийслэлд төдийгүй орон нутагт ч бий. Үйлдвэрүүд эдгээр бүтээгдэхүүнээ хэчнээнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа талаарх мэдээлэл тэр бүр нээлттэй биш. Нийслэлчүүдийн хэрэгцээг хэр хэмжээгээр хангаж буйг тодорхойлж болохгүй ч хэрэглээд хаясан шил, лааз нь гудамж талбайд хог болж хэвтэхгүй. Заримыг нь компани өөрөө эргүүлэн татдаг бол хоёрдогч түүхий эд цуглуулагчид түүгээд тушаачихдаг сайн талтай. Харин хөдөө хээр бол "өнгө алаглан” хөглөрч харагддаг. Нэг үгээр архи, ундааны импортын түүхий эд Монголын хөдөө талыг бо­хирдуулсаар байгаа нь тэр.

"Нарантуул” зах. Єдєрт 150 автомашин бараа ачиж хотоос гардаг.

 

"НАРАНТУУЛ”-Д ӨДӨРТ 150 МАШИН БАРАА АЧДАГ

Орон нутагт бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгч томоохон төв нь "Нарантуул” худалдааны төв. Тиймээс манай сурвалжлах багийнхан орон нутаг руу архи, ундаа тээвэрлэж байгаа автомашины тоог гаргахаар "Нарантуул” зах болон зүүн, баруун аймгууд руу зорчдог хоёр тээврийн товчоог зорьсон юм.  "Нарантуул” захаас орон нутаг руу бараа ачих нь долоо хоногийн аль ч өдөр үргэлжилнэ. Зөвхөн үдээс хойш гэхэд л 80 орчим ачааны машин бараагаа аччихаад захаас гарсан юм. Машинуудад хүнсний бараа, ус ундааг хольж ачих бол зарим нь тэр чигтээ архи, ундааны төрлийн бараа тээвэрлэж харагдсан. Өдөрт дунджаар 150 орчим машин бараа ачдаг бололтой.

Харин хотоос гарах товчоонуудад байдал арай өөр. Зөвхөн "Нарантуул” худалдааны төвөөс ачсан бараанаас гадна архи, ундааны үйлдвэрүүдийн түгээлтийн машинууд орон нутгийг зорьж байв. 22-ын товчоогоор баруун аймгууд руу чиглэх урсгал хамгийн их.  Ачаатай тэргүүд голдуу үдээс хойш болон оройн цагаар замдаа гардаг юм байна. Товчоогоор гарах өдрийн цагийн оргил үе нь 14:00-18:00 цагийн хооронд. Энэ үед цаг тутамд 20 гаруй том болон бага оврын ачаатай машин орон нутгийг зорьж байна. Үүн дотор үйлдвэрүүдийн түгээлтийн машин цөөнгүй байлаа. Оройн цагаар үүнээс ч олон ачааны тэрэг аймгуудыг зорьдог тухай товчооны байцаагчид ярьж байсан. Голдуу портер загварын автомашин бараа ачсан харагдав. Тэгвэл зүүн аймгуудын чиглэлийн Баянзүрхийн товчоогоор автомашины урсгал арай бага. Биднийг ажилласан хугацаанд мөн л архи, ундааны үйлдвэрийн машин болон бараа ачсан бүхээгтэй тэргүүд товчоогоор гарсаар байсан юм.

Нэг өдрийн талд товчоодод ажиллахад Монгол Улсын 21 аймгийг зорих бараа бүтээгдэхүүний урсгал ийм байдалтай байлаа. Хэдийгээр бид товчоогоор өнгөрөх автомашин бүрийг ямар бараатай явааг шалгах боломжгүйг цагдаагийн ажилтнуудтай хамтран шалгасан автомашин бүрт архи, ундааны төрлийн бүтээгдэхүүн ачигдсан байсан юм. Тэдгээр нь хөдөөгийнхний хэрэгцээг цаг алдалгүй хангаж байгаа нь сайшаалтай ч түүхий эд нь тал нутгийн хөрсийг бохирдуулсаар байна. Эрдэмтдийн тооцоолсноор байгальд 100-1000 жил хадгалагддаг нь хуванцар сав гэнэ. Харин шар айрагны лааз бол 10-100 жилийн настай. Тэгвэл шилний задралын хугацаа 4000 жил шаарддаг юм байна. Хамгийн удаан настай шил, шилэн бүтээгдэхүүний түүхий эдийг орон нутгаас эргүүлэн татах боломжгүйг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбооны ерөнхий менежер н.Ганзориг онцолсон юм. 

22-ын товчоо. Цаг тутамд 20 гаруй ачааны машин орон нутгийг зорьж байна.

 

НЭГ КОМПАНИ ХАГАС ЖИЛД 25 САЯ ШИЛ АРХИ ҮЙЛДВЭРЛЭДЭГ

Манай улсад архи, согтууруулах ундааны зөвшөөрөлтэй 145 аж ахуй нэгж байдаг бөгөөд тэд жилд дунджаар 100 гаруй мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлж байна. "Жем Интернэйшнл”, "UFC”, "АПУ”, "Спирт бал бурам” компани зэрэг архины 92, шар айрагны 23, дарсны 15 үйлдвэр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Архины тусгай зөвшөөрөлтэй нэгэн томоохон компани гэхэд л хагас жилд таван сая литр цэвэр спирт үйлдвэрлэдэг гэнэ. Албаны хүмүүсийн ярьж буйгаар таван сая литр цэвэр спиртээр 25 сая шил архи үйлдвэрлэж худалдаанд гаргах боломжтой юм байна. Үүнээс харвал архины үйлдвэрүүд жилд 800 гаруй сая шил архи үйлдвэрлэдэг гэж тооцож болохоор. Ингэж тооцоолоод байгаа учир нь зөвхөн архины хувьд л гэхэд шил нь жилд сая саяараа хэрэглээнээс гарч таарна. Дарсны хэрэглээ архинаас бага гэж бодовч шар айрагных бас л дутахааргүй тоогоор байгальд хог болон хаягддаг аж. Түүнчлэн ус, ундааны хэрэглээ үүнээс ч илүү гэдгийг та бид мэднэ.

*Жилд дунджаар 126 сая ширхэг буюу 63100 тн шил,  7126 тн хуванцар сав, 1287 тн лаазыг эргүүлэн татдаг.

*Монголд жилд нэг сая тонн хог хаягдал үүсдгээс 35 хувийг нь ангилан ялгаж, дахин боловсруулдаг.

*Архины томоохон нэг компани жилд таван сая литр цэвэр спирт үйлдвэрлэдэг. Тус спиртээс 25 сая шил архи гарна.

*Хоёрдогч түүхийг эд авах цэг Улаанбаатарт 225, орон нутагт 330 байршилд ажилладаг.

*Шил 4000 жил, хуванцар сав 100-1000 жил, лааз 10-100 жилийн турш байгальд хадгалагддаг.

Сурвалжилсан

Б.ЭНХЗАЯА,С.ХОНГОРЗУЛ, Г.ГЭРЛЭЭ, Э.ОДОНТУЯА, Н.ЦЭВЭЛМАА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>