Бай нь МАН биш Тавантолгой

667
Бай нь МАН биш Тавантолгой
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2000 оны эхээр хэлсэн нэг үг байдаг юм. "Таныг С.Зориг агсны аллагад холбоотой гэж зарим улстөрч хэлж байна” гэсэн асуултад тэрээр, "бай”-гаа онохгүй, буруу хараалж байна даа гэж хариулсан гэдэг. Тэрэн шиг сүүлийн үеийн улстөрийн үйл явдал өрнөлд манай зарим улстөрчид, хэвлэлийнхэн ёстой "бай”-гаа онохгүй байгааг хэлье. Асуудлын гол нь МАН-ыг Засгийн газраас гарах юмуу, Ерөнхий сайдыг огцруулахад байгаад биш юм шүү дээ. АН-ын генсек Л.Эрхэмбаярын хэлж байгаа шиг засгийн ажилд МАН нь садаа болоод, хэрвээ гаргачихвал бүх ажил "гэрлийн хурд”-аар урагшилчих ч юм ерөөсөө энд байхгүй. Засгийн газрын ажил хэрвээ гацахдаа хүрвэл МАН-тай, МАН-гүй л гацна. Урагшаа явахдаа тулбал МАН-тай, МАН-гүй л явна. Яагаад гэвэл МАН-ыг засгаас гаргах шийдвэрийг АН биш, тус намын хэдхэн хүн гаргаж байгаатай адил Засгийн газарт МАН бус, энэ намын маш цөөхөн хүн орсон юм.
Тэгэхээр асуудлын гол нь, МАН-ыг засгаас гарах гээд байгаагийн цаад шалтгаан, Засгийн газарт сэлгээ хийх гээд байгаагийн учир нь ердөө л Тавантолгой. Түүнээс бус, Ерөнхий сайдын суудал, хэнтэй засагт хамтрах нь бүлэглэлүүдэд ерөөсөө сонин биш юм. Тавантолгойн тендерийн хөзрийг хэн атгах, хуваарилалтыг хэн хийх вэ гэсэн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн зодоон л энд явж байна. Одоогийн Ерөнхий сайд ба түүний багийнхан Тавантолгойд нэгэнт явуулсан тендерийн оролцогчдоо хамгаалж үлдэхийг улааран хүсч байгаа бол З.Энхболд тэргүүтэй хэсэг нь шинэ хуваарилалт хийхийг илүүд үзэж байгаа.
УИХ-ын Тамгын газраар хянуулсан Тавантолгойн Засгийн газрын шинэ хувилбарт "төмөр замын төсөлд Монголын төмөр зам компанийг 51 хувийг эзэмших”-ээс өөр өөрчлөлт ороогүй нь зарим улстөрч, бүлэглэлд хэтэрхий чамлалттай санагдсан бололтой. Одоо тэд Тавантолгойн шинэ хувилбарыг УИХ дээр гацаавал, ахин ажлын хэсэг томилбол өөрсдөө муухай, буруу харагдаж эхэлнэ. Тийм учраас МАН-ыг гаргаж Засгийн газарт тогтворгүй байдал үүсгэх, улмаар үгэнд орохгүй, ойлголцохгүй бол Ерөнхий сайдыг огцруулах "Б хувилбар”-ыг ч бэлэн байгаа. Харин Тавантолгойн одоогийн оролцогчид, тендерийг хадгалж үлдэх хэсгийнхэн "энэ төслийг л хөдөлгөхгүй бол улс орон сүйрлээ дампуурлаа, өрөө төлж чадахгүй боллоо” гэж олон нийтийг худал ухуулан тархийг нь базаж дэмжлэг авах гэж оролдсоор.
Ийм л зодоон болж байна. Харин МАН-ыг засгаас гаргана гэдэг бол олон нийтийн анхаарлыг өөр тийш татах гэсэн санаа. Өөрөөр хэлбэл обьект нь, "бай” нь Тавантолгой болохоос, МАН биш. тохиролцсон ёсоор энэ тоглоомд нь МАН-ынхан орж, амьдаараа намаараа АН-ын хэвлэлийн PR болж байна. Яаж гэхээр:
Нэгд, тус намыг гаргаснаар Ерөнхий сайд, түүний танхимыг балиашигладаг хэсгийнхний чих зөөлөрнө. Хэрвээ зөөлрөхгүй бол танхимаар нь огцруулчихна. Тэдэнд ядаж Тавантолгой дээр санасандаа хүрэхийн тулд Ерөнхий сайдын алхыг авах хэрэгтэй. Хэрвээ алх өөр хүний гарч шилжвэл Тавантолгойн одоогийн хувилбар, оролцогчид нь орвонгоороо өөрчлөгдөж болзошгүй.
Хоёрт, МАН-ын зургаан сайдыг нөхөх шинэ зургаан сайд дотор Тавантолгойн одоогийн тендерийг хүчтэй эсэргүүцэгчдийг оролцуулна. Ингэснээр талуудын буюу хүчний харьцаа тэнцвэржиж Тавантолгойн шинэ хувилбар дээр ажиллах бололцоо гарна.
Гуравт, МАН засгаас гарснаар Тавантолгойн төсөл одоогийн хувилбараараа ч УИХ-аас дэмжлэг авах магадлал бага болно. "Хөөгдсөн" МАН-ынхан улстөрийн тоглолт хийнэ. Тэгэхээр Тавантолгойн төслийг УИХ дээр унагаасан, гацаасан буруутан нь АН-ын бүлэглэл биш, засгаас хөөгдсөн МАН-ынхан болж таарна. Энэ мэтээр цаашхи өрнөл нь тодорхой улстөрийн наймаа өнөөдрөөс эрчимжиж эхэллээ.
Тэдний хувьд ард түмний амьдрал, энэ орны байдал огт чухал биш, наадмын комисс даргатай байна уу, даргагүй байна уу ердөө хамаагүй. Харин энэ төслийг нэг хэсэг нь хүссэнээрээ хөдөлгөж, нөгөө хэсэг нь хүссэнээрээ гацааж "Тавантолгойн найр”-аас аль болох ихийг хүртэхийг л илүүд үзнээ.
Эдийн засгийн бүлэглэлүүдийн энэ тохироо, зодоонд УИХ танхимаараа чирэгдэж, ач холбогдолгүй зомби-гишүүдийн олонхи нь учрыг огт ойлгохгүй зөвхөн кноп дарах үүрэгтэй оролцож байна.
Д.Сүхбат

Цааш түгээ SHARE SHARE

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>