Засгийн газар тагнуулын програм ашигладаг нь ил болжээ
Италийн тагнуулын програм хангамж үйлдвэрлэдэг "Hacking Team” компани хакердуулж дэлхийн олон орны засгийн газруудтай хамтарч ажиллаж байсан нь илэрсэн тухай өчигдөр ikon.mn цахим хуудаст иш татан мэдээлжээ. Хакерууд энэ компанийн 500GB орчим хэмжээтэй хэрэглэгчдийн мэдээлэл, санхүүгийн бичиг баримт, электрон шуудан зэрэг маш нууц зүйлсийг хулгайлж авсан гэнэ. Нэгэнт байдал ингэж эргэсэн тул тус компани хакердуулсан бүх бичиг баримтаа нийтэд дэлгэхээр шийдсэн байна. Кибер аюулгүй байдлын ертөнц энд байрлуулсан мэдээллүүдийн тухай ид шуугиж эхэлжээ. Нэгэн мэргэжилтэн уг материалууд дотор Монголын Засгийн газартай холбоотой мэдээлэл байгааг жиргэсэн байна. Ноднин Германы ижил төстэй үйлчилгээ эрхэлдэг "Fin Fisher” компанийн бүтээгдэхүүнийг манай Засгийн газар хэрэглэдэг нь илэрч байсан бол ийнхүү бас нэг тагнаж чагнадаг компанитай холбоотой болох сэжүүр гарлаа гэж Motherboard эх сурвалжаас тус цахим хуудсанд мэдээлсэн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин