Төрийн далбааны өдөр маргааш тохионо

424
Төрийн далбааны өдөр маргааш тохионо"Монгол Улсын Төрийн далбааны өдөр” маргааш тохионо. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд санаачлан батлуулсан юм.

Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон юм. Мөн 2012 оноос эхлэн Төрийн далбаанд стандарт нэвтрүүлж эхэлсэн билээ.

Тэгвэл маргааш тохиох Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал энэ сарын 10-нд болно. Цэргийн ёслолын жагсаалд оролцогчид өнөө шөнийн 04.00 цагт Чингисийн талбайд бэлтгэлээ базаана. Жагсаалын бэлтгэлийн явцтай УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын удирдлагууд танилцана.

Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын дэд дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай командалж байна. Харин Тугийн чиглүүлэгчээр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, Бригадын генерал Б.Амгаланбаатар, Тугчнаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, Бригадын генерал Д.Ганзориг, Тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан, Удирдлага холбооны хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар нар ажиллаж буй юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.