Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн даргаар сайд Л.Гантөмөрийг томиллоо

1204

Монгол хэлний тухай хуулийг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан билээ. Уг хуулийн 6 дугаар бүлэг, 21 дүгээр зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Хэлний бодлогын үндэсний зөвлөл ажиллахаар заасан болно.Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулах тухай 133 дугаар зарлиг гаргаж, бүрэлдэхүүнийг баталлаа.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын өрөөнд боллоо. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хурлыг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийнхөө хүрээнд монгол хэл, түүх соёлын чиглэлээр  хийж хэрэгжүүлж байгаа ажлаас товч танилцуулъя. Түүхээ бүтэн болгох, үнэнээр нь танин мэдэхэд чиглэсэн "Монголын эх түүх” долоон ботийг эрхлэн гаргалаа. Дэлхийн хаанаас ч монгол хэл сурах, судлах, монгол хэлээ бүтэн болгоход чиглэсэн монгол хэлний онлайн хөтөлбөрийг хэрэгжүүлж "Монгол хэлний их тайлбар толь” www.mongoltoli.mn цахим хуудсыг бүтээлээ. Энэ толийн нээлт 2015 оны 12 дугаар сарын 27-нд болно. Дараагийн нэг том хариуцлага, үүрэг бол Монгол хэлний тухай хууль батлагдаж, энэ сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлснээр Ерөнхийлөгчийн дэргэд Хэлний бодлогын үндэсний зөвлөл ажиллах болж буй явдал юм” хэмээгээд цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

Хурлаар хуульд заасны дагуу зөвлөлийн орон тооны ажлын алба байгуулах тухай болон хуулиар хүлээсэн 12 зүйл үүргийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай хэлэлцлээ. Зөвлөлийн ээлжит хурлыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр ирэх сарын дундуур зарлан хуралдуулна. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх үндсэн үүрэг бүхий Хэлний бодлогын үндэсний зөвлөл ажиллаж эхэллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>