Ногоон өнгийн зөвшөөрөлтэй автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Мөн энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчиддаа зориулж Мишээл экспо төв рүү нийт 10 чиглэлийн 82 автобус, Дүнжингарав төв рүү 22 чиглэлийн 121 автобус үйлчлэх гэнэ. Мишээл экспо төв болон Дүнжингарав худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү "Мишээл экспо- Төв цэнгэлдэх хүрээлэн-Дүнжингарав худалдааны төв” чиглэлд 15 автобус гурван минут тутамд, рейлбусны зорчигчдыг "Урбанек”-ийн зогсоолоос Төв цэнгэлдэх рүү хүргэх "Дунд гол-Төв цэнгэлдэх” чиглэлийн таван автобус дөрвөн минут тутамд, Хүй долоон худагт рейлбусны зогсоолоос Морь барианы газар хүртэл "Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн таван автобус дөрвөн минут тутамд тус тус богино эргэлтээр үнэ төлбөргүй үйлчилнэ.
Мөн 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 13,14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу ”МУБИС”-ийн баруун талын автобусны зогсоолоос их багтаамжийн 20 автобус, "3,4 дүгээр хороолол”, "7 буудал", "5 шар”, "ХМК”, "Офицерүүдийн ордон"-ы зогсоолуудаас нийт 20 бага багтаамжийн автобус тус тус Хүй долоон худаг руу үнэгүй үйлчлэх аж.
Харин Хүй долоон худаг руу рейлбус 500 төгрөгөөр, автобус 1000 төгрөгөөр үйлчлэх юм байна. Мөн тээврийн хэрэгсэл гурван өнгийн зөвшөөрөлтэй байх бөгөөд ногоон өнгийн зөвшөөрөлтэй нь үнэгүй үйлчилнэ, улаан нь 500, шар нь 1000 төгрөгөөр үйлчлэх юм байна.