|
Видео

Шинэ мэдээ

16-10-2017, 12:11

УИХ-ЫН ДЭД ДАРГА, МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД: ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХАЛУУН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ

 УИХ-ЫН ДЭД ДАРГА, МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД: ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХАЛУУН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ

 

 

Элэг нэгт ахан дүүс ээ,

Эрхэм хүндэт наадамчид аа,

Та бүхэндээ Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье!

Бидний өвөг дээдэс найман зууны тэртээ Их Монгол Улсыг тунхаглан зарлаж, эрийн гурван наадмыг төрт ёсны уламжлалт баяр цэнгүүн болгон тэмдэглэж эхэлснээс хойш олон жарныг элээжээ.

Үндэсний их баяр наадам нь эрт дээр үеэс туурга тусгаар Монгол улсын сүр хүч, сүлд хийморь, монгол түмний эрдэм чадал, эв эеийн баталгаа, энх амгалан амьдралын илэрхийлэл болж ирсэн билээ.

 Монголын ард түмэн 1921 онд эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, ардын хувьсгалыг ялуулснаар үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлаа зарлан тунхаглаж, сэргэн мандал, хөгжил дэвшлийн замд эргэлт буцалтгүй орж, энэхүү түүхэн ялалтаа Ардаараа овоглон үндэсний их баяр наадамтайгаа хамтатган тэмдэглэсээр эдүгээ нэгэн зуунтай золгох гэж байна.

 Монголчуудын хувьд XX зуун бүрэн эрхт тусгаар тогтнолын зуун, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн зуун байсан юм. Энэ үнэт зүйлээ байлдан олж, батлан хамгаалж, бэхжүүлэн хөгжүүлэх түүхэн үүргийг  Монгол Ардын Нам манлайлан удирдаж,  манай намын  гишүүд, дэмжигчид нэр төртэй гүйцэтгэсэн билээ.

 Өвөг дээдсийн үеэс уламжлагдан ирсэн Үндэсний их баяр наадмын түүхэн тэмдэглэлт энэ өдөр төр, улс түмнийхээ төлөө  ариун үйлсэд алтан амь, амьдрал тэмцэл, хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулж, үлэмжийг бүтээж, өнөө үед буухиалан авчирсан ахмад буурлууддаа гүн хүндэтгэл илэрхийлэн мэхийн ёсолж байна.

Өнө эртнээс цогцлон бүтээсэн өв соёл, монгол жудаг, түүхэн уламжлалаа өвлүүлэх хүүхэд залуустаа ирээдүй хэмээх их ачааг үүрүүлж, итгэл найдвар хүлээлгэхийн зэрэгцээ өөрсдийн төлж чадаагүй өрөө дайх эрх бидэнд алга аа. Харин  алс  замын ачааг нь тэгшилж, татлагыг нь чангалах учиртай.

Ахмад, дунд, залуу үеийн алтан гурван хэлхээ бат бэх байхын цагт ахмадаа хүндэтгэх, залуусаа хайрлах залгамж чанар эв нэгдлийн баталгаа, эх орон цэцэглэн хөгжихийн эх үндэс болдгийг иргэн бүр ойлгож байгаа.

Монгол  орны  улс төр, эдийн засаг гүнзгий хямралд орж, ард түмний амьдрал доройтож байгаа энэ үед эх орноо хөгжүүлэх алсын хараатай хэтийн бодлого, иргэн бүрийн идэвхтэй оролцоо, төрдөө итгэх итгэл, түмнээ гэх сэтгэл, үндэсний эв нэгдэл юунаас ч илүү үнэтэй билээ.

Наадмын маргааш намар гэдэг. Иймд наадаж цэнгэхийн зэрэгцээ налайж назгайралгүйгээр намар, өвлийнхөө бэлтгэлээ базаах нүүдэлчдийн гүн ухаан, сэтгэлийн зөн совин хэн бүхний бодлын гүнд уяатай байгаа биз ээ. Манай ард түмэн "Бэлтгэл сайтын бэл арвижна” гэлцдэг нь санамсаргүй хэлсэн үг биш ээ.

Эх орон нэгт монголчууд аа,

Ирж буй онд Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын ялалтын тэгш ойн жил тохионо. Их ойгоо угтан ахин гэнэдэхгүй, алдаагаа засаж, төрийн ажлыг чамбайруулж, эдийн засгийн уналтыг тогтворжуулж, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх цэгцтэй бодлогыг хэрэгжүүлэх боломж бүрдүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг олон түмэндээ уриалж байна.

Монгол түмэн өнө мөнхөд билгүүн төгс, мэлмий тунгалаг, өлмий бат оршиж, энх тунх, амар амгалан, ажил үйлс нь өөдрөг, буян заяа тэгш дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

 Нар хур тэгширсэн, налгар зуны энэ өдрүүдэд манай дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа монголчууд болон наадамчин олон баяр цэнгэлтэй, аз жаргалтай  байж, хүчит бөхчүүд нь эвтэй эетэй, бяртай, хүлэг морьд нь шандастай, уралдаанч хүүхэд нь золбоотой, уяач эзэн нь хийморьтой, эрхий мэргэн харваачдын татсан нум нь эрчтэй, тавьсан сум нь цэцтэй байж хотол түмнээрээ сайхан наадаарай!

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА

МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.