|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Наадаж дууслаа, одоо ажлаа хийцгээе

        Бөх нь хүчтэй, морьд нь хурдан, харваачид нь мэргэн байж Монгол түмэн минь хотол олноороо сайхан наадлаа. Иргэдийн олонх нь хөдөө агаар салхинд гарч хорхог, боодгоо хийцгээн уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэцгээв. Энэ жилийн наадам урьд урьдынхаас илүү олон хоног үргэлжилж, амьдрал бараг л зогсохоо шахлаа. Хуулийн шинэ заалтын ачаар тав хоног амарсан хүмүүс өнөөдрөөс ажилдаа эргэн орж байгаа ч ирэх долоо хоног хүртэл назгайрах нь тодорхой. УИХ-ын гишүүдээс эхлээд их хотын иргэдийн тэн хагас нь ээлжийн амралтаа авч хөдөө зугаалж явах хооронд юу, юугүй өвөл хаяанд ирж мэдэх нь. Энэ зуны хувьд манай орны газар нутгийн дийлэнх нь гантай зутруухан зусч байгаа. Тэр хэрээр мал тарга тэвээрэг авч чадалгүй өнгөрсөн өвлийнхөө үс ноостой намартай золгож байна. Ахмад, буурлуудын  хэлж буйгаар алдарт бичин жилийн зуд ч ирэх өвөл болж магадгүй гэх. Тэгэхээр хаа, хаанаа өвөлдөө бэлтгэх нь бидний өмнө тулгамдсан асуудал болоод байна.

 

Энэ бүхэн нь бидэнд өвөлдөө сайн бэлтгэхийг сануулж буй. Ялангуяа, намар цагт наадам тэмдэглэж айраг эргүүлэхийн оронд хадлан тариагаа арвихан хураах хэрэгтэй гэж байгааг анхааруулж байгаа юм.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аймаг, сумдын засаг дарга нарт хандан наймдугаар сарын 1-ээс хойш наадам тэмдэглэхгүй байхыг сануулж хэлсэн.  Аймгуудын баяр ирэх сарын 1-ны өдөр гэхэд жигдрэхээр байгаа ч улс төр, нийгэм, эдийн засгийн амьдрал ид өрнөнө.

 

Хямарсан эдийн засгийг сайжруулах үүрэгтэй Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хугацаа бага үлдсэн тул одооноос эхлээд эрчимтэй ажиллах хэрэгтэй болж байна. Ирэх өвөл, эдийн засгийн хямрал хоёрыг аль болох хохирол багатай туулах аргыг тэд энэ цагт л бодож олох хэрэгтэй. Гацаад буй томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөхөд одоо л бэлэн болох ёстой. Засгийн газрыг тараана гэж буй нөхдүүдэд ажил үйлсээрээ хариу бариад сууж байх хэрэгтэй билээ. Өнгөрсөн хугацаанд хангалттай хэрэлдэж, талцлаа. Одоо хийж эхэлье.

 

Нөгөөтэйгүүр манай улс зуны гурван сарын хугацаандаа бүтээн байгуулалтын ажлыг хийдэг онцлогтой. Улирлын онцлогоос шалтгаалж зуны цагт замаа тавьж, барилгаа барьж тохижилт, засвараа хийдэг. Бусад цагт нь зүгээр л амардаг. Тэгэхээр энэ хугацаандаа амрах бус илүү их ажилладаг баймаар.

 

Ээлжит бус чуулган ирэх сарын 3-ны өдөр хуралдаж хавар хэлэлцэж дуусгаагүй асуудлуудаа хэлэлцэнэ. Тэр дундаа Засгийн газрыг огцруулах асуудлыг З.Энхболдын захиалгаар АН-ын бүлэг оруулж ирнэ. Гэхдээ Засгийн газрыг огцруулах асуудлыг намын бүлэг биш Ерөнхий сайд өөрө шийднэ гэж хуулинд заасан. Энэ дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намын бүлгүүд  уг асуудлаар зөвшилцөөд шийдвэрлэчих. Үүний дараа би эрхийнхээ дагуу байр, сууриа илэрхийлнэ гэж байсан. Тиймээс намын бүлгүүд шийдэх асуудлуудаа цэгцэлж, ойлголтуудаа нэг мөр болгох хэрэгтэй. Тэгэж байж санаа амар урдах ажлуудаа хийнэ биз.



Наадмын дараа намар. Энэ үг намар болсон гэхээс илүүтэй жавар тачигнасан өвлийн бэлтгэлд ханцуй шамлан орохыг сануулдаг. Найр наадмын сарууд шувтарч өвөлтэй золгоход нийслэлчүүд тэр аяараа сая ухаан орсон гэлтэй улиг болсон утаа тэргүүтэй асуудлуудаа санадаг нь гэм биш зан болж. Түүний оронд шинээр ашиглалтад оруулхх гэж Амгалан дулааны цахилгаан станц, ажлыг яаравчилбал. Өвлийн хахир хатуу улирлаас өмнө утаанаас эхлээд үр тариагаа хурааж, хадлан тариалангаа бэлтгэх гээд хийх олон асуудал байна эрхэм дарга нар минь. Сайхан наадлаа, одоо ажилдаа ханцуй шамлан орцгооё.

Т.Энхэлээ

24tsag.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.