Сэтгүүлч С.Баттулга: Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бууны нохой биш
"Ноёд” группийн захирал Г.Буяндорж, сэтгүүлч С.Баттулга, Ч.Ууганбаяр, Г.Буяндоржийн ах Г.Дамдиндорж нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх хуралдаан өнөөдөр ч үргэлжилж байгаа юм.
Шүүх хурлын үеэр шүүгдэгчийн хэрхэн мэдүүлсэнийг хүргэж байна.
Шүүгдэгч Г.Буяндорж "13 жил хөдөлмөрлөж босгосон бизнесээ энэ хүнд алдсаны улмаас хуулийн байгууллагад хандсан. Гэтэл эргээд хүн гүтгэсэн хэрэгт шүүгдэж байна. Харин С.Билэгтэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгочихсон. С.Баттулга сэтгүүлчийн тухайд энэ бүх баримтыг бичсэнээрээ өнөөдөр буруудчихаад байна. Уг нь түүнд ямар ч буруу байхгүй. Сэтгүүлчийн бичсэн нийтлэлд хуурамч худлаа зүйл огт байхгүй. Мөн би хуурамч нотлох баримт бүрдүүлж хүн гүтгээгүй. Тиймээс ялласан зүйл ангийг зөвшөөрөхгүй байна” гэв.
Сэтгүүлч С.Баттулга: "Хувь хүний болоод мэргэжлийн нэр хүндэд халдаж байгаа гомдолтой байна. Сэтгүүлч хүн нотлох баримтыг чухалчилдаг. Өмнө нь С.Билэгттэй холбоотой олон мэдээлэл ирдэг байсан. Шүүхээр шийдэгдээгүй хувь хүний нэр хүндэд халдсан байх магадлалтай гээд буцаадаг байсан. Харин Г.Буяндорж нотлох баримттай, шүүхийн шийдвэрийн дугаартай материал барьж надад хандсан. Тиймээс би иргэн хүний эрхийг бодолцож сэрэмжлүүлэг болгох үүднээс материалаа бичсэн. Түүнээс С.Билэгт гэгч хүнтэй ашиг сонирхолын зөрчил байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бууны нохой биш. Сэтгүүлзүй С.Билэгт, Г.Буяндоржоор дуусахгүй. Олон нийтэд үйлчилдэг учраас олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэдэг юм. Энэ үүргээ гүйцэтгэсний төлөө яллаж байгаад хүлээн зөвшөөрөхгүй байна” гэлээ.
Тэрбээр "Эрэн сурвалжлагдаж буй иргэдээс 5.4 тэрбум төгрөг залилсан С.Билэгтийн тухай ноцтой баримтуудыг хүргэж байна” гэсэн гарчигтэй мэдээлэл нийтлүүлсэнийхээ төлөө ийнхүү шүүгдэж байна.