Прокуроруудын хэрэг хаашаа хөтлөх вэ?

632

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, ТЕГ-ын ажилтан асан Б.Амарбаясгалан нарыг баяр наадмын өмнө цагдаагийнхан хар тамхины хэргээр баривчилсан. Өдгөө урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Х.Тамир нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү, шүүгч Х.Идэрийн ах.
 
Харин Б.Амарбаясгалан нь Х.Тамиртай их сургуулийн найзууд. Анх УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллах болсон. Энэ үедээ "Fuji Holding” ББСБ-ын захирал Т.Энхсайханд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар мөнгө төгрөг нэхсэн асуудалд холбогдож байв.
 
Түүний дараахан энэ ажлаасаа гарч буцаад  УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд очтол хууль өөрчлөгдөж, АТГ-т харьяалагдах болж тэнд ажиллаж байсан зарим ажилтны хамт ТЕГ-т очжээ. ТЕГ-аас ч удалгүй гарсан гэх мэдээлэл байгаа юм.
 
Х.Тамир, Б.Амарбаясгалан нар хар тамхины хэрэгт холбогдсон. Тэднийг өмнөд хөршөөс ирж буй "бараа”-гаа авахаар Сайншанд дээр очоод байхад нь цагдаагийнхан баривчилсан байдаг. Чухамдаа прокурор, ТЕГ-ын ажилтан асан хүмүүс ийм хэрэгт холбогдсон нь нийгмийг цочролд оруулсан.
 
Өдгөө "цагаан тахал” хэмээн нэрлэгдэх болтлоо аюул дагуулсан хар тамхины хэрэгтэй эд л тэмцдэг. Гэтэл өөрсдөө орооцолдчихоод байдаг. Нөгөө талаар хар тамхины хэрэгт орооцолдвол Монголоос бусад улс оронд өршөөлгүй. Харин Монголд газар дээрээ гардуулсан ч бултаад гарчихаж магадгүй ажээ.
 
Учир нь Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг улс төрийн зорилгоор баривчилжээ гэх мэдээлэл цацагдаад эхэллээ. Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийг яллуулахын тулд АТГ энэ бүхнийг зохион байгуулж байгаа гэж байна. Өөрөөр хэлбэл, прокурор Х.Тамирын дүү Х.Идэр шүүгч дээр Л.Гансүхийн хэрэг хуваарилагдсан.
 
Х.Идэр л Л.Гансүхэд ял оноох эсэхийг шийднэ гэсэн үг. Тиймээс АТГ ажил хийсэн болж харагдахын тулд Х.Тамирыг нь цагдаагийнхнаар баривчлуулж Х.Идэр шүүгчид шахалт үзүүлэхээр бэлтгэсэн операци гэх маягийн мэдээллийг хэвлэлүүдээр цацаж байгаа.
 
Асуудлыг ингээд харахаар Х.Тамир нарын хар тамхины хэрэг халхлагдаад ирж байгаа юм. Олны анхаарлыг ингэж өөр тийш хандуулаад араар нь эрхэм прокурорын холбогдсон хар тамхины хэрэг замхарч магад гэдгийг эх сурвалж хэлж байна.
 
Б.Дамдин 
Эх сурвалж: 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>