А.Цэрэнтогтох хүүгийн ээж М.Болортуяа: Хүү минь намар сургуульдаа явна
Хэрэглээний газ дэлбэрсний улмаас А.Цэрэнтогтох хүү дүүгийнхээ амь насыг аварч, өөрөө 80 хувийн түлэгдэлттэй үлдсэн. Хүү Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад долдугаар сарын эхээр Солонгос улсын түлэнхийн эмнэлэгт шилжсэн билээ. Гэвч Солонгос улсад эмчлүүлэх нийт зардал 350-400 сая төгрөг шаардлагатай болсон. Монголчууд нийт нь нэгийнхээ төлөө хэрхэн нэгдэж чаддаг вэ гэдгээ харуулж, эмчилгээний зардлын 70 гаруй хувийг босгоод байгаа юм.
Энэ намар 12 дугаар ангид элсэн орж, анги хамт олонтойгоо хамт амьдралын их далайд хөл тавих байсан хүү бяцхан дүүгийнхээ төлөө хэнээс ч гарамгүй эр зориг гарган, улалзаж буй гал руу үсрэн орж, дүүгээ аварсан түүх одоо Монголчуудын дунд үлгэр, домог мэт яригдсаар. Түүнийг эдгэж байна, илааршиж байна гэсэн мэдээнд монголчууд тэр аяараа догдлон, баярлаж байна.
А.Цэрэнтогтох хүү одоо БНСУ-ын Түлэнхийн эмнэлэгт ээж М.Болортуяагийн хамт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Түүнийг эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасагт шилжсэн гэсэн баярт мэдээ дуулаад бид хүүгийн ээжтэй утсаар холбогдон, цөөн хором ярилцсанаа хүргэе.
-ХҮҮ МИНЬ ИРЭХ НАМАР СУРГУУЛЬДАА ЯВНА ГЭЖ ИТГЭЖ БАЙНА-
-Одоо хүүгийн биеийн байдал ямар байгаа вэ? Энгийн тасагт шилжлээ гэсэн мэдээ аваад монголчууд бүгд их баяртай байна?
-Харин тийм ээ. Хүү минь эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжлээ. Бид ч бас маш их баяртай байна. Уг нь өмнөх долоо хоногт гаранд нь нөхсөн арьс хайлсан гээд даваа гаригт хагалгаа хийж магадгүй гэж байсан юм. Гэтэл өчигдөр /2015.07.27/ гайгүй байна аа гээд энгийн тасагт шилжүүлсэн. Энгийн тасагт шилжүүлэхдээ олон хүнтэй өрөөнд оруулалгүй, тусдаа ганцаараа байдаг өрөөнд оруулсан. Одоогоор их мэдрэг байгаа болохоор олон хүнтэй өрөөнд орвол халдвар авч магадгүй гэсэн.
-Өнөөдрийн байдлаар яг ямар эмчилгээ хийлгэж байна?
-Дусал тариа, бас физик эмчилгээ хийлгэж байна. Өдөрт боолт солино гээд гурван өөр хүн орж ирдэг. Гар, хөлийнх нь боолтыг тус бүр өөр өөр хүн хийдэг бололтой.
-Хүү нойр хоолондоо хэр байна? Зовиур ихтэй байгаа юу?
-Зовиур нь овоо гайгүй, нойр хоолондоо ч сайн байгаа. Өдөртөө эмнэлгийн хоолоо идээд, хажуугаар нь монгол хоолуудаа хийж өгч байгаа. Эмнэлгийн хоол их хөнгөн чанарын байдаг учраас хүүгээ өлсгөх вий гэж бодоод монгол хоолуудаа хийж өгч байна.
-Эмч нар хүүг бүрэн эдгэрэх боломжтой, гэхдээ гоо сайхны асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй гэж хэлсэн гэсэн?
-Яг ч чадахгүй гэж хэлээгүй юм. Зүгээр л косметик болоод гоо сайхны асуудлыг хойш тавихаар болсон. Магадгүй зургаан сар, эсвэл жилийн дараа энэ асуудлыг ярьж болох юм. Юуны өмнө хүүгээ бүрэн эдгээх хэрэгтэй. Бүрэн эдгээсний дараа гоо сайхны асуудлыг ярихгүй бол умайж, таталдсан байдалтай эдгэрэх магадлал өндөртэй. Тиймээс одоо хийлгэж байгаа эмчилгээндээ гол анхаарлаа хандуулна.
-Солонгост байгаа монголчууд та хоёрт их тус хүргэж байгаа гэж дуулсан. Өдөр бүр л зочинтой байна уу?
-Эьнд ажиллаж, амьдардаг монголчууд бид хоёрт маш их түшиг тулгуур болж байгаа. Ажил нь бүтэн сайнд амардаг бололтой. Бүтэн сайн өдөр л их хүн ирдэг. Хоол хийчихсэн, цай чаначихсан инээгээд л хүрээд ирдэг.
-Анх ирж байсан үеэ санахад одоо юу бодогдож байна вэ?
-Хүүгээ амьд гарах болов уу гэж бодож байсан үеийг бодвол одоо бүх зүйл маш сайхан байна. Хүүгийн минь бие нь улам л сайжирч байна.
-Хүүгийн тань сэтгэл санаа хэр байна?
-Хүүгийн маань сэтгэл санаа өөдрөг, сайхан байгаа. Эмчилгээгээ мундаг хийлгэж, хоол унд, нойр хоолондоо ч сайн байна.
-Та хоёр Монголдоо хэдийд эргэж ирэхээр байна? Эмчилгээ яаж таарч байгаа вэ?
-Би өнөөдөр эмчээс асуусан. Үлдсэн эмчилгээнд хэр их хугацаа шаардах вэ гэхэд сар орчмын эмчилгээ байгаа гэсэн. Мэдээж эмчилгээ наана нь дуусч, хүүгийн минь бие сайжирвал бид хоёр Монгол руугаа хурдхан буцахсан гэж бодож, ярьж байгаа.
-Цэрэнтогтох энэ жил 12 дугаар ангид орж, төгсөх ёстой байсан. Намар сургуульдаа явж чадах болов уу?
-Хүү минь энэ намар сургуульдаа явж чадна гэж итгэж, найдаж байгаа. Өнөөдөр эмч нь орж ирээд хүүг хөл дээр нь гишгүүлж үзсэн. Хүү минь хөл дээрээ муухан гишгэж байна лээ. Гэхдээ тун удахгүй хөл дээрээ зогсчихно шүү дээ. Миний хүүгийн төлөө ийм олон хүн залбирч, ийм олон хүн санаа тавьж, энэ хүртэл эмчлүүлэхээр явуулсан байхад эмчилгээгээ сайн хийлгээд, хурдхан эдгэх болно оо.
-Дүү нь хөдөө аавтайгаа байгаа гэж байсан. Арьс нь цэвэрхэн сайхан эдгэж байна уу?
-Дүү нь одоо боолт хийлгэхээ больсон шүү дээ. Тосон түрхлэг түрхээд л, даралттай боолт тавьж байгаа. Нэгэнт энд байгаагийнх дүүгийнх нь зургийг, түрхэж байгаа тосных нь хамт эндэхийн эмчид харуулаад амжсан. Багын маань гар нь нилээд түлэгдсэн, түлэгдэлт яг үен дээр нь таарчихсан. Эмч хэлэхдээ тосоо сайн түрхэхгүй бол жоохон хүүхдийн арьс эдгэхдээ умайж, таталдаж эдгэх магадлал өндөр байдаг шүү гэж анхааруулсан. Том хүүгээ сайн асрахын хажуугаар бага хүүдээ ч санаа зовж байна. Боломж олдвол эмчийн хэлээд байгаа сайн тосыг нь эндээс аваад явуулчих юмсан гэсэн бодолтой л сууна.
-Эмчилгээний зардалд анх 350 сая орчим төгрөг хэрэгтэй гэж хэлж байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 70 орчим хувь нь бүрдсэн тухай мэдээллэж байна. Энэ үнэн үү?
-Зардал тооцооны асуудлыг би үнэндээ сайн мэдэхгүй байна. Юутай ч бид Монголд байхдаа 10 гаруй сая төгрөг зарсан. Наашаа анх ирэхэд бид хоёрт буруу эмнэлэг зуучилж өгснөөс болоод хоёр хоног алдаж, буруу газарт байхдаа 12 сая 138 мянган вонн зарсан. Тэр эмнэлэг нь одоогийн энэ эмнэлэгтэй харьцуулахад эмчилгээний хувьд ч их дутмаг байсан. 12 сая 138 мянган вонн гэдэг маш их мөнгө шүү дээ. Гэтэл бид хоёрыг сайн мэдэхгүйг далимдуулсан юм уу, мэдэхгүй буруу эмнэлэг зуучилж өгсөн байсан.
-Сайны хажуугаар саар гэж байх юм даа. Та хоёр биеэ сайн бодож, эмчилгээгээ сайн хийлгээрэй.
-Тэгэлгүй яахав. Энэ дашрамд Монголынхоо бүх ард түмэнд чин сэтгэлээсээ дахин дахин баярлалаа гэж хэлье. Хүүгийн минь төлөө залбирч байгаа та бүхний төлөө би ч бас залбирч байгаа. Баярлалаа.
Дансны дугаар: ХААН БАНК-ны 5018042275
Данс эзэмшигч: Мягмарын Дэлгэрмаа /Нагац эгч/