Ч.Сайханбилэгийн сүүлчийн найдвар нь ҮЗХ юу

940
Ч.Сайханбилэгийн сүүлчийн найдвар нь ҮЗХ юуАН-ынхан Ч.Сайханбилэгийн Засгийн газраас МАН-ын сайд нарыг гаргах асуудлыг хаврын чуулган завсарлахаас өмнө тавьсан. УИХ дахь намын бүлэгт яригдсан энэ асуудал Гүйцэтгэх зөвлөлийн анхааралд өртөж мэдэгдэл гаргаснаар үргэлжилсэн. Түүгээр ч зогсохгүй УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулган зарлаж, хамгийн түрүүнд дээрх асуудлыг хэлэлцэхээр болоод байв. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намын дарга болох З.Энхболдод шаардлага хүргүүлж, "Нэг бол намын даргаа өг. Үгүй бол Ерөнхий сайдын суудлаа ав” хэмээн "тулган шаардав”. 

Ийнхүү шаардлага хүргүүлснээр Ерөнхий сайдын рейтинг нэлээд өсөв бололтой. Харин түүний шаардлагыг хэлэлцэх ҮЗХ-ны хуралдаан товлогдоогүй л байна.  Уг нь АН-ын ҮЗХ жагсаал авсан цэргүүд шиг цуглацгаадаг байсан. Гэтэл дээрх асуудалд хойрго хандаж байна. Магадгүй ҮЗХ хуралдлаа гэхэд Ч.Сайханбилэгийн шаардлага нэг их газар авахгүй л болов уу. Учир нь олон фракцитай АН-д ноёрхлоо тогтоож явсан "Алтангадас” сураг тасрахдаа дөхсөн энэ үед өөрийг нь намын дарга болгоё гэж гар өргөх хүн ҮЗХ-нд хэр олон бол гэдгийг Ч.Сайханбилэг бодсон л байх учиртай. Үндсэндээ намын дарга нь зарлаагүй цагт тус хорооныхон цуглахгүй нь ойлгомжтой. 

Үүнийг нь ч мэдэрсэн бололтой З.Энхболд ээлжит бус чуулганы хуралдаанд үг хэлэхдээ "Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын  төслийг өргөн мэдүүлэх асуудал хуульд заасан процессын дагуу явагдаж байгаа гэж мэдэгдсэн тул энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орж байна. Уг асуудлыг хуулийн дагуу өргөн мэдүүлсний дараа үргэлжлүүлэн хэлэлцэх болно” хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч Ч.Сайханбилэг зургаан сайдаа огцруулах асуудлыг өргөн барих бололтой. Үндсэндээ ҮЗХ Ч.Сайханбилэгийн сүүлчийн найдвар байсан гэж үзвэл энэ нь эхлэхээсээ өмнө талаар болчихлоо гэж хэлж болохоор байна. 

Ямартай ч ээлжит бус чуулганы нээлтийн үеэр  УИХ-ын дарга З.Энхболд Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаагаа дуулгасан. Тиймээс ажиглагчид Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын үзэглэсэн АН, МАХН-ын нууц гэрээний хувилбар өршөөлийн хууль. Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр,  "Нүүрс” хөтөлбөрийн хэргээр шүүхэд дуудагдаад байгаа Л.Гансүх нар цагаадаж, МАН-ын эсрэг МАХН гэсэн прогноз хийгдэнэ гэх таамгийг дэвшүүлээд байгаа юм. Тэгэхээр үндсэндээ хэдийнэ цаагуураа тохирчихсон асуудалд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэчнээн шаардлага хүргүүлээд амжилт олохгүй бололтой. 



Г.НАРАН 

Эх сурвалж http://www.info.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>