З.Энхболдын ахалсан баг алдвал алдаагаа АН руугаа шидэх үү Гол мэдээ 5-08-2015, 14:59 1043 Хуваалцах Насаараа сайдын суудалд сууна гэх ойлголт хэнд ч байхгүй л баймаарсан. Ялангуяа халаа сэлгээ, бусгаа, булгиа ихтэй өнөө цагийн улстөрийн тайзан дээр сайдын суудал гэгч нэг их хүсээд байх дүр биш бололтой. Нөгөө талаараа удирдан жолоодох чадвартай, сурсан боловсрол хийгээд хийж бүтээхийн их туршлагатай нь бус хэнд ямар ашиг өгч чадах уу, хэний үнэнч албат байж чадах уу гэх шалгуур л илүүд тавигддаг бололтой. Нөгөө талаараа өнөөгийн улс төр доторх халуухан салхитай бужигнаан бол зүгээр л нэг хөл бөмбөгийн талбай дээрх тоглолт шүү дээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн Засгийн газраа унагах болсонд харамсаж, халаглаж намын дарга руугаа сөрөг довтолгоо хийгээд байгаа ч юм биш. Үнэн чанартаа Ч.Сайханбилэг, З.Энхболд нар нэг л багийн тоглогчид шүү дээ. Харин үзэгчдэнд харагдах өнцөг эсрэг баг руугаа довтлох тоглолтын тактик нь ямар вэ гэдэгт л бүх зүйл байгаа юм. УИХ-ын ээлжит сонгуулийн их ажил ундархад тавхан сар дутуу байгаа. Энэ богино хугааанд хэн нэгэн шинэ сайд гарч ирээд унаж ганхаж байгаа яамыг хөл дээр нь босгох уу. Үгүй л байхгүй юу. Тэгэхээр Засгийн газар хийгээд Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн нөхдүүд ямар нэгэн тоглолт хийх санаатайгаар ийнхүү засгаас МАН-ыг шахаж байгаа. Шахааны сайд нар нь ч үхэн хатан суудалтайгаа зууралдах шаардлага байхгүй. Зуурдын сайдын суудал зуслангийн газар биш шүү дээ. Тоглолт эхлэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн бямба гарагт хэвлэлийнхнийг өөртөө татаж гол дүрээр тодорсон. УИХ-ын дарга энэ сарын 3-нд ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргаж, МАН- ын зургаан сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ хэмээн товлосон. Гэтэл Ерөнхий сайд нь танхимынхаа зургаан сайдыг огцруулах тогтоолыг өргөн бариагүй нь процедурын алдаа гэх шүүмжлэл гараад эхэлчихсэн байв. Харин яг энэ үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимынхаа зарим сайдыг огцруулах асуудлыг өргөн барина гэх зарыг Засгийн газрын хэвлэл мэдээллийн мэдээлээд авсан. Үүнээс өмнө Ч.Сайханбилэг сайд журмын нөхөр С.Баярцогтынхоо хамтаар Төрийн ордонд нааш цаашаа их л холхиж харагдсан. Ингэхдээ тэд З.Энхболд даргын өрөө рүү хэд хэдэн удаа орсон юм. Ийнхүү гүйцэтгэх засаглалын тэргүүн өрөөндөө орон гаран өнжсөний эцэст зургаан сайдаа огцруулах тогтоолыг биш АН-ын ҮЗХ-г хуралдуулах шаардлагыг УИХ-ын бөгөөд АН-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн юм. Олны хүлээлтээс хэт хазгай байсан ч энэ бол эрх баригч буюу АН-ынхны зөрчил дотооддоо багталгүй ил гарч байгаагийн илрэл байлаа. Үүнийг энэ намд эрх мэдлийн төлөөх дайн өнөөдөр ч үргэлжилсээр байгаагийн бодит жишээ гэж харах хүн олон байсан. Магадгүй энэ бол үзэгчдийг төөрөгдөлд оруулах анхны төлөвлөгөө байсан байж болох юм. Эсвэл Ерөнхий сайд гэх нэрнээс цаашгүй явж ирсэн Ч.Сайханбилэг үнэхээр нам дотороо нэр хүндгүй утсан хүүхэлдэй байв уу. Түүнд төдийгөөс өдий хүртэл бие даан гаргасан улс төрийн шийдвэр гэж алга. Дандаа л дохиураар ажиллаж ирлээ гэх нэгэн ч байна. Үүнээс харахад гүйцэтгэх засаглалын тэргүүнд "Засгаа бужигнуулахгүй” гээд гэдийх хэрэгч байхгүй. Ерөнхийлөгч ердөө сар гаруйхны өмнө намын бүлгийн дарга нарыг дуудаж уулзахдаа "Засгийн үйл ажиллагаа тогтвортой байх ёстой” хэмээн үүрэгдэх үеэр З.Энхболд дарга "Хэн нэг хүн загнасны төлөө бид шийдвэрээсээ ухрахгүй. АН- ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр байна” хэмээн мэдэгдсэн. Эндээс харахад АН- ын Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-ын зургаан сайдыг хөөх асуудлын найруулагч нь ч З.Энхболд байсан нь харагдаж байгаа юм. Тэрбээр хэлсэн үгэндээ хүрч, өнөөдөр хүссэн хүсээгүй тогтворгүй байдал үүсгэж чадлаа. Харин Ерөнхий сайд иргэдэд хүргэсэн мэдэгдэлдээ "Зургаан сайдыг огцруулах, чөлөөлөх асуудлын хувьд хуулийнхаа дагуу яваа. Би танхимын сайд нартайгаа уулзсан. Сайд нарыг огцруулах асуудал нэгэнт улс төрийн намын шийдвэр гарсан учраас үйл ажиллагаань процессын дагуу үргэлжлээд явна. Засгийн газрын тухай хуулийн 23.1.1-д заасны дагуу энэ асуудлыг Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Зургаан сайдыг чөлөөлснөөр асуудал өөрөө шийдэхгүй. Асуудал нээлттэй хэвээр байх болно. Тиймээс намын дарга, Ерөнхий сайд хамт байх ёстой гэдэг асуудлыг үндсэнд нь шийдэх ёстой. Одоо бид намрын чуулганаар ярих гэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, энэ чиглэлийн хариултыг улс орон даяар гаргах ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас УИХ- ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдод Ерөнхий сайдын хувьд шаардлага хүргүүллээ.” Гэж байсан. Энэ тоглолтыг өнгөцхөн харахад би намын даргын суудалаа авах ёсмтой. Тэгэхгүй бол З.Энхболд хэрээс хэтэрлээ гэж жүжиглэлт тавигдсан. Найруулагч нь муу юм уу эсвэл найруулагчгүй тоглолт бүхэнд алдаа гардаг. Нэг үгээр хэлбэл тоглолтын энэ хэсэг дээр Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын суудлаасаа хүсэлтээрээ татгалзаж байгаа хэрэг гэж нийтэд харагдах нь ойлгомжтой. Энэ шийдвэрийг тэрбээр бие даан гаргаагүй нь бүр ч тодорхой. Үүний цаана УИХ-ын дарга биш АН-ын даргын хувиар З.Энхболд шууд болон шууд бусаар оролцож байгааг учир мэдэх эрхмүүд хэлж байна. Мэдээж ингэж оролцохын цаана З.Энхболд даргад ашигтай, хэрэгтэй шийдвэр гарах учраас тэр шүү дээ. Товчхондоо, Ч.Сайханбилэг бүтэн долоон сар чив чимээгүй байсанаа гэнэтхэн л намын дарга нь Ерөнхий сайд байх Намуудын тухай хуулийн заалт хэрэгжих учиртай гэж ухаарна гэж байхгүй. Энэ бол намын бодлоготой л холбоотой тоглолт шүү дээ. Гэхдээ намын бодлого гэдэг нь цэвэр биш магадгүй бохир улс төр байж мэдэх. Тэр дундаа АН-ын дотоод зодоон, тэмцлийн илэрхийлэл ийнхүү ил гарч байж ч болох. Олон жилийн дараа засагт олонхи болсон үеэсээ эрх мэдлийн төлөө тулалдаж ирсэн АН-ынханд хугацаа бага үлдсэн ч их, бага албан тушаал одоо ч хэрэгтэй байгаа гэж дүгнэх ч ажиглагчид бий. Хэрэв З.Энхболдын ахалсан энэ баг ялагдал хүлээвэл намын дарга алдаагаа АН руугаа чихэх нь мэдээж. Гэхдээ ялагдах, ялахыг ярих цаг нь арай болоогүй байна. УИХ-ын ээлжит бус чуулган уржигдар нээлтээ хийсэн. Үргэлжлүүлэн УИХ дахь нам эвслийн бүлгүүдийн хуралдаан болж ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар байр сууриа нэгтгэж эхэлсэн. Ингээд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар "Ээлжит бус чуулганы нээлтэд МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй бөгөөд тэд хууль бус ээлжит чуулган байсан учир бүлгийн гишүүд оролцоогүй” гэсэн тайлбарыг өгч байлаа. Мөн МАН-ын зургаан сайдыг огцруулахын тулд хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэхээр халхавч хийж байна гэсэн юм. Харин зургаан сайдын суудлаас илүү цаг үеийн асуудалд, эдийн засгийн хямралыг яаж тогтворжуулах вэ, гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ гэсэн асуудлаар ээлжит бус чуулган зарласан бол МАН дэмжинэ гэдгээ ч сэтгүүлчдэд дуулгаад авсан. Мөн МАН засгаас гарахад нэг их харамсах зүйлгүй байхгүй. Бид намынхаа ирээдүйн төлөө биш улс орны хөгжлийн хандлагыг зөв тийш нь эргүүлэхийг зорьж байгаа хэмээх үгийг хэвлэлийн үеэр шидсэн нь бөмбөгөө өшиглөхөөсөө өмнө үзкэгчдэд хандаж илгээсэн дүрэмгүй тоглолтын эхлэл байж ч болох юм. Ийнхүү АН-ын баг гартаа ялалтыг авчирхад бэлэн байгаа улстөрийн тоглолт цаашидаа хэдэн хоног үргэлжлэхийг хэлж мэдэхгүй ч ялалт заримдаа алдаанаас том ачаа үүрүүлдэгийг сануулах нь зүй биз ээ. Агшин.мн 1043 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 5-08-2015, 11:51 Ч.Сайханбилэгийн сүүлчийн найдвар нь ҮЗХ юу… 3-08-2015, 18:38 С.Бямбацогт: Ээлжит бус чуулганаар эдийн засгийн чухал асуудлыг биш Засгийн газрын асуудлыг ярьж байгаа нь харамсалтай… 3-08-2015, 09:43 “Алтангадас” үнэд орлоо… 3-08-2015, 09:06 АН-ын удирдлагуудын эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл хурцадлаа… 30-10-2014, 10:33 Н.Алтанхуяг зөвхөн намын даргаа өгөхөөр болжээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.