Хоёр намын хамтарсан гэрээг АН дангаараа цуцаллаа

937
Хоёр намын хамтарсан гэрээг АН дангаараа цуцаллаа Монгол Ардын намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт болон хамтран ажиллах гэрээг байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Су.Батболд нар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Ардын намын дарга М.Энхболд АН-ынхан Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрээр түрий барьж, хамтран ажиллах гэрээг бодитоор дүгнэж чадаагүй гэсэн юм. Уг нь анх гэрээг байгуулахдаа эдийн засагтай холбоотой заалтуудыг чухалчилж байсан. Тиймээс ч Ч.Сайханбилэг чуулганы индрээс эдийн засагт бүх анхаарлаа хандуулахаа мэдэгдэж байлаа. Энэ хүрээнд МАН-ын бүлгийн гишүүд өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах олон хуулийн төслийг санаачилж, идэвх зүтгэлтэй ажиллажээ. Шийдлийн Засгийн газарт ажилласан МАН-ын сайд нар асуудлыг шийдвэрлэхээр бүх боломжийг ашиглан зүтгэсэн гэдгийг энэ үеэр онцолж байлаа. Сангийн сайд Ж.Эрдэнэбат гэхэд Өрийн удирдлага, менежментыг боловсронгуй болгох, хууль эрхзүйн орчинг нь сайжруулах талд анхаарсныг онцоллоо. АН, МАН-тай хамтрахдаа Тавантолгой, Оюутолгойн төслийг өмнөх гэрээний нөхцлийг нь муутгахгүйгээр урагшлуулна гэсэн ч АН-ын гишүүдийн зөрчлөөс үүдэж бодитой үр дүнд хүрээгүй билээ. Уг нь хамтарч ажиллах гэрээний хүрээнд УИХ-ын гишүүн Н.Батбаярын ахалж байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай, Р.Бурмаа гишүүний ахалсан Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх учиртай байв. Гэсэн ч өнөөдрийг хүртэл энэ хуулийн төслүүдийг гацаанд орчихоод байна. Эндээс АН-ынхны хариуцсан томоохон хуулийн төслүүд ахиц дэвшил огтхон ч гараагүй гэдэг нь тодорхой харагдаж байна. АН-ынхан гэрээг дангаараа цуцалж, МАН-ын сайд нарыг огцруулсан нь хамтарсан ширээний ард хамт суугаад гэрээгээ дүгнэх зориггүй байгаагийн баталгаа биз ээ. Түүнчлэн "МАН-ын гишүүд хуулийн төслүүдийг эсэргүүцэж, төрийн ажлыг удаашруулж байна” гэдэг шүүмжлэлийг АН-ынхан байнга хэлдэг. Үүнд МАН-ын дарга М.Энхболд "Бид засагт хамтрахдаа амаа үдүүлнэ гээгүй. Зөвийг нь дэмжиж, бурууг нь засч залруулахаа мэдэгсэн”гэж хариулсан юм. Түүнээс гадначуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийн үг хэлэх бүрэн эрхэд халдаж, "Надад таалагдахгүй байна”гэж цензурдаж, парламентад олон жил суусан, тулхтай түшээдийг уймраагаар нь дуудсаныг ёсзүйгүй үйлдэл гэж үзэж буйгаа ч энэ үеэр хэллээ. АН-ын бүлгийн дарга Ц.Гарамгайбаатар хоёр намын хамтарч ажиллах гэрээг дүгнэчихсэн мэтээр ярьж байгаа нь өрөөсгөл гэдгийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлсэн. Уг нь хамтарч ажиллах гэрээг дангаараа цуцлахыг хориглосон заалт гэрээнд байгаа юм байна. Гэвч "Биднийг шүүмжиллээ” гэдэг шалтгаанаар АН-ынхан хамтран байгуулсан гэрээгээ дангаараа цуцалж байна. АН-ынхан гэрээгээ бодитоор дүгнэхээс яагаад айгаад байгаа нь улам бүр сонирхол татаж байна. Тэд Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээ барьж, асуудлаас бултаж байгаа нь өнгөрсөн хугацаанд АН-ынхан өөрсдөө хангалттай ажиллаж чадаагүйн илрэл бизээ.


 

 

 

Ж.Мөнхбат:Бид АН-ыг муулаагүй, бодит үнэнийг хэлсэн

МАН-ын дарга М.Энхболд,Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат,УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон АН, МАН-ын хамтарч ажиллах гэрээг байгуулах ажлын хэсгийн ахлагч Су.Батболд нар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл өглөө. АН-ынхан МАН-ын гишүүдийг "Засгийн газрыг муулж, АН-ын нэр хүндийг унагаж байна” хэмээн бухимдаж байгаа юм. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ "МАН орон даяар "Бид хамтдаа" аяныг зохион байгуулж байгаа нь үнэн. Энэ аяныг зохион байгуулах хүрээнд аймаг, суманд очиж иргэдтэй уулзахад сонгогчид УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүдээс нэг зүйлийг асуудаг юм. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хямрал яагаад нүүрлэв, цалин тэтгэврээ яагаад тавьж чадахгүйд хүрэв, Чингис, Самурай бондын зарцуулалт юу болов, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 3.4 их наяд төгрөгийн үр дүн гарсан уу гэхмэтчилэн олон асуултыг иргэд сонгогчид тавьдаг юм. Үүнд иргэдтэй уулзалт хийж яваа УИХ, Засгийн газар болон намын удирдлагууд үнэн зөвөөр нь хариулсан. Бид нэг ч зүйлийг санаанаасаа зохиож яриагүй. Бодитой мэдээллийг тоо баримт, өдөр судартай нь хэлсэн” гэлээ. МАН-ын гишүүд анх засагт хамтрахдаа зөвийг нь дэмжиж, бурууг нь засч залруулна гэдгээ хэлж байсан. Тиймээс албан тушаалаар амаа таглуулахгүй гэж Ж.Мөнхбат дарга мэдэгдсэн удаатай. Иргэдийг бодит үнэнийг хэлсний төлөө АН-ынхан бухимдаж байгааг хэвлэлийн хурлын үеэр хэллээ.


 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>