ТАНИЛЦ: Өршөөлийн хуулиар суллагдах албан тушаалтнууд

1182

ТАНИЛЦ: Өршөөлийн хуулиар суллагдах албан тушаалтнууд

 

УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Нийгэм даяар хүлээлт үүсгээд байсан энэхүү хуулийн хэлэлцэн батлагдсанаар олон хүн эрх чөлөөтэй болох боломж бүрдэж байна. Эрх баригчдын гаргасан судалгаагаар одоо хорих ангид ял эдэлж буй, мөн хэрэгт шалгагдаж байгаа иргэдийн 80 гаруй хувь нь өршөөгдөнө гэсэн тоо баримт байна. Үүнд АТГ-аас гаргасан судалгаагаар АТГ-т шалгагдаж буй 55 хэргийн 45 хэрэг Өршөөлийн тухай хуульд хамрагдах юм аж.

Тодруулбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болсон Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлыг тусгасан байх ба үүнд зөвхөн Хээл хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/, Хээл хахууль зуучлах /Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар заажээ. Төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны албан тушаалын эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүд өршөөлд хамрагдахаар төсөлд тусгагдсан байна.

Ингэснээр улсад нийт 12 тэрбум 243 сая төгрөгийн хохирол учруулсан 45 албан тушаалтны хэрэг өршөөлд хамрагдаж, эзэн холбогдогчид нь эрх чөлөөтэй болох нь. Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсанаар хуульд заасан хугацаанаас өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг илэрсэн ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болох юм.

"Хүргэн хүү” Г.Дэнзэн өршөөгдөнө

ЗГХЭГ-ын дэд дарга, "Эрдэнэставантолгой” ХХК-ийн ТУЗ-ын дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн зааснаар шалгаж байгаа. Тэгвэл түүний хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа аж. Энэ тухай Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням "Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэг нь хүндэвтэр хэрэг учраас Өршөөлийн хуульд хамрагдана. Зөвхөн Г.Дэнзэн нарт холбогдох хэрэг гэлтгүй олон нийтийн анхаарлыг татсан, олны танил албан тушаалтан нарын холбогдсон хэргүүд мөн хамрагдахаар байна” гэж тайлбарлажээ. Тэгэхээр хорих ангид өлсгөлөн зарлаж, биеийн байдал нь муудаад байгаа Г.Дэнзэн тун удахгүй суллагдах нь.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх хэргээс мултарна

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг улсад 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр АТГ-т шалгаж байгаа. Тодруулбал, түүнийг "Шинэчлэлийн Засгийн газар”-аас хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэмээн АТГ-аас мэдэгдэж байсан юм. Түүний хэргийг АТГ-аас прокурорын байгууллагад шилжүүлж, прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан билээ. Шүүх хурал энэ сарын 17-нд болох хэдий ч Л.Гансүх нарт холбогдох хэрэг Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаа юм байна. Ингэснээр Л.Гансүх нарт холбогдох 13 тэрбум төгрөгийн хэрэг хэрэгсэхгүй болж, Л.Гансүх эрх чөлөөт иргэн болох аж.

АМГ-ын дарга асан Д.Батхуяг суллагдана

Авлигын хэргээр ял сонсож хорих 421 дүгээр ангид ял эдэлж буй АМГ-ын дарга асан Д.Батхуяг Өршөөлийн хуулиар суллагдах юм байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногт суллагдсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ч суллагдах хугацаа нь болоогүй байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Харин өчигдөр батлагдсан Өршөөлийн хуулиар суллагдах боломжтой болсон байна. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас гурван жилийг өршөөн хасахаар энэ хуулийн төсөлд тусгасан байна. Тэгэхээр Д.Батхуягийн хувьд энэхүү заалтад хамрагдаж байгаа юм. Д.Батхуягийг хууль бусаар 106 лицензийн зөвшөөрлийг олгосон хэрэгт буруутгаж яллаж байв.

"Татварын” Ч.Гансүхийн хэрэг Өршөөлийн хуульд хамрагдана

2013 онд Татварын ерөнхий газрын дарга нарын нэр холбогдон, 18 тэрбум төгрөгийг завшсан хэрэг дуулиан тарьж байв. Тодруулбал, Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүх нь байцаагч О.Бямбасүрэнгийн данс руу 1-2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Түүнчлэн хэрэгт холбоотойгоор Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсий дарга Н.Энхбат эхнэр н.Охиноогийнхоо дансанд дөрвөн сая ам.доллар хууль бусаар төвлөрүүлсэн гэх хэрэгт АТГ-ынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байв. Мөн Ч.Гансүхийн энэ хэрэгт түүний гэр бүлийнхэн ч холбогдогчоор татагдсан тухай хэвлэлээр мэдээлж байв. Тодруулбал, нэр дээрээ данс нээлгэж их хэмжээний мөнгө байршуулсан бага хүү Г.Ганзул, "Голомт” банкны дансаараа 16 тэрбум төгрөгийг дамжуулсан гэх Ч.Гансүхийн аав н.Чимид, мөн энэ хэрэгт шинээр сэжигтнээр татагдан баривчлагдсан түүний төрсөн эгч Ч.Даваасүрэн гэх мэтчилэн.  

Тэгвэл энэхүү хэрэгтээ 7 жилийн хорих ял сонсоод байсан Ч.Гансүх Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдах нь. Энэ тухай АТГ-аас "Энэ онд болон өнгөрсөн онд шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдэж албан тушаалын гэмт хэрэгт ял эдэлж байгаа Цэвэр агаар сангийн, Татварын албан тушаалтан нарын гэх мэт нийгэмд дуулиан тарьсан хэргийн холбогдогчид ч Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдана” гэх тайлбарыг өгчээ.

"Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх суллагдана

АТГ-аас тайлбарласан "Энэ онд болон өнгөрсөн онд шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдэж албан тушаалын гэмт хэрэгт ял эдэлж байгаа Цэвэр агаар сангийн, Татварын албан тушаалтан нарын гэх мэт нийгэмд дуулиан тарьсан хэргийн холбогдогчид ч Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдана” гэсний дагуу гурван шатны шүүхээс 7 жилийн хорих ял сонсон ялаа эдэлж буй "Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх ч Өршөөлийн хуулиар суллагдахаар болжээ. Түүнийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад төрөөс төсөвлөсөн мөнгийг хууль бус аргаар хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутган яллаж байсан юм.

Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлснээр улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр ял сонссон, шалгагдаж буй олон хэргийн эзэн холбогдогчид хэргээс мултарч, эрх чөлөөт иргэд болох нь. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн хэргийн тоон судалгаанаас үзэхэд прокурор, шүүхийн шатанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлж хянан хэлэлцэгдэж байгаа 18 хэргээс 14 хэрэг, түдгэлзүүлсэн 24 хэргээс 16 хэрэг, мөн дээр дурдсан ажиллагаанд байгаа 45 хэрэг, нийт 75 эрүүгийн хэрэг өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой байгаа юм байна. Эдгээрт хэрэгт 144 хүн холбогдогчоор татагдсан, хэргийн улмаас учирсан хохирол нь 32 тэрбум 415 сая төгрөг байгаа аж.

Б.Чимэг

Zaluu.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>