Хоттой хонь руу нь дайрсан ирвэсийг мотоциклоор хөөж явуулжээ

282

 

Ирвэс бол "Улаан ном”-д орсон,хуулиар хамгаалагдсан дархан цаазат амьтан.

Тэгвэл нэгэн цагт Цаст цагаан хайрханы эзэн хэмээн хүндлэгдэж баргийн хүний нүдэнд үзэгддэггүй байсан уг амьтны тоо толгой эрс олширч, айлын хоттой хонь руу дайрах болсон талаар мэдээлэл гарах боллоо.

Тухайлбал, энэ сарын 10-нд Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг Сутай хайрханы өвөр Их өлзийт хэмээх газар зусч байгаа Ихэс нуур багийн малчин О.Түмэнбаяр, Ш.Хоохой, Я.Даваацэрэн нарын гадаа "цаст уулын эзэн” цоохор ирж, хоттой хонь руу нь дайрах гэж үзсэн байна. Ирвэсийг хараад гайхсан малчид гэрийнхээ ойролцоо байх ирвэсийг үргээж туух гэсэн ч амжилт олоогүй  бөгөөд арга ядахдаа зургийг нь гар утсандаа буулгаж мотоциклоор туун хотноосоо холдуулсан аж.

Энэ талаар малчин О.Түмэнбаяр "Манай энд ирвэс үзэгдэхгүй байсан. Харин Дарвийн нуруу талд Гүүтийн цахир, Хоёр худагт байнга мал барьдаг боллоо. Одоо наашаа хоолой гатлан гарч ирж байгаа юм шиг байна. Хоёр хоногийн өмнө айлын хотноос ямаа идсэн нь уг ирвэс байсан бололтой” гэжээ.

Энэ анхны удаа биш юм. Хоёр жилийн өмнө буюу 2013 оны 11 сарын 19-нд мөн л Дарви сумын  Мөнгөн-аяга багийн нутаг Бумбат хайрханы  урд энгэрийн Хүртэн хэмээх газар өвөлжиж байсан тус сумын Мөрөн багийн иргэн Д.Ганбатын гэр дээр  ирвэсний зулзага гарч гэр дээрх ууттай махыг нь идсэн байсан юм.

Тэгвэл өнөөдөр зөвхөн наймдугаар сар гарсаар ирвэс малчны хотруу дайрсан тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн байна. Үүнийг нутгийн иргэд ирвэсийн тоо олширлоо хэмээн тайлбарлаж байгаа ч судлаачид "Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс бий, тоо толгой нь өсөхгүй байгаа" хэмээгээд тал газар бууж, айлын хотруу дайрах болсон шалтгааныг "Сүүлийн үед ирвэсийн гол идэш тэжээл аргаль, янгир, тарвагын тоо эрс цөөрснөөс хоол тэжээлийн хомсдолд орох болсон байна.

Тиймээс аргагүйн эрхэнд Цаст манханы оройгоос бууж, хүний хоттой малруу дайрах болжээ.

Тарвага,аргаль бараг үзэгдэхгүй болсныг малчид бүгдээрээ мэдэж байгаа. Үнэн хэрэгтээ бид л замбараагүй агнаснаас болж уул,талаар дүүрэн бэлчдэг байсан амьтад цөөрч зарим нь устахын ирмэгт очоод байгаа шүү дээ.

Идэш тэжээл болсон амьтад нь цөөрөөд,бараг байхгүй болчихоор ирвэс яах вэ. Ямар өлсч үхэлтэй нь биш,хоолны эрэлд гарч таарна. Ингэж явах замд нь таарсан мал зоог болдог. Өнөөдрийн бодит дүр зураг энэ. Бас малчид ирвэсийн эзэмшил нутагт мал сүргээ бэлчээх болсон нь өөрсдөө ирвэсэнд зоог бэлдэж өгч байгаа хэрэг юм" хэмээн тайлбарласан байна.

Угтаа өөрийн гэсэн том эзэмшил нутагтай ирвэсийн хувьд нэг ууланд хэдэн зуугаараа амьдрах байгалийн хууль байхгүй. Учир нь, өөрийн төрүүлсэн гүегнүүдийн хамгийн дорой, хүч чадал муутайг өөрөө устгадаг нь хэдэн ирвэс энэ ууланд байх ёстойг мэддэг,хянадаг ухаантай амьтан гэгддэг ажээ.

2013 онд айлын гэр дээр гарсан ирвэс

Х.Маргад

Эх сурвалж: www.TODAY.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.