Баянзүрх дүүргийн VII хорооны нутаг буюу Сансарын Баянцээлийн арын 30
дугаар байрны гадна хэсэг хүмүүс бөөгнөрөөд зогсчихсон маргалдаад байгаа
бололтой дор бүрнээ чанга дуугаар ярилцаж байлаа. Тэдгээр хүмүүс рүү
очиход ахмад настануудаас эхлээд хүүхдүүд хүртэл зогссон байв.
Голд нь зогсч байгаа эрэгтэй хэдэн цаас барьчихсан "Энэ манай
зөвшөөрөл” гээд үзүүлэв. Харин оршин суугчид "Бидний зөвшөөрлийг
аваагүй. Нийтийн эзэмшлийн талбайд барилга байгууламж барихдаа оршин
суугчдын 70-аас илүү хувийн саналаар шийддэг” гэлцэж байв. Мөн Баянзүрх
дүүргийн цагдаа нар хэв журам сахиулахаар иржээ.
Тэдний хооронд үүсээд байгаа маргааны гол учир нь 30, 31 дүгээр байрны
хооронд байрлах хүүхдийн тоглоомын талбайд автомашины гарааш барих гэж
байгаатай холбоотой. Үүнээс болоод оршин суугчид болон гүйцэтгэгч
компанийн хооронд маргаан үүсчээ.
"Абсолют ган констракшн” гэх компани доороо автомашины гарааш, дээрээ
хүүхдийн тоглоомын талбай бүхий байгууламж барихаар өнгөрсөн жил хоёр ч
удаа тус талбайд хашаа хатгасан аж. Энэ оролдого иргэдийн эсэргүүцэлтэй
тулгарч бүтэлгүйтжээ.
Харин энэ жил уг ажлаа хэрэгжүүлэхээр хүүхдийн тоглоомын талбайд оршин
суугчдын зөвшөөрөл, харилцан тохиролцоогүйгээр хашаа хатгасанд иргэд
бухимдаж хашааг нь буулгаж байсан юм. Тэднийг энэхүү нөхцөл байдалд ямар
байр суурьтай байгааг тодрууллаа.
П.Гансүх: /БЗД-ийн долдугаар хорооны оршин суугч/
-2012 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсан.
Нийтийн эзэмшлийн талбайг дахин төлөвлөж, бүтээн байгуулалт хийхэд оршин
суугчдын 70 хувийн санал хэрэгтэй байдаг. Үүнийг харгалзаж үзэхгүй
байгаа учраас маргаан тэмцэл гараад байгаа. Түүнээс биш юм хийж бүтээх
гэж байгаа хүмүүсийг дэмжиж байна. Би 30 дугаар байранд дөрвөн жил
амьдарч байна. Манайхаас санал аваагүй. Хувьдаа дэмжээд хурлаа хийе
гэхэд үл тоож байна. Нийтийн эзэмшлийн газрыг зөвшөөрөлгүй ашиглах нь
дээрэм.
Б.Алимаа: /31 дүгээр байрны оршин суугч/
-Би 70 настай хүн. Энэ байшин баригдаад 46 жил болж байна. Эргэн
тойронд байгаа бүх модыг үгүй болгоно. Бид үүгээр амьсгалж байна.
Хөрсийг ухвал байшин хазайна. Хэрвээ нурчихвал тэд гарааш барьснаас
боллоо гэж хэлэхгүй. Өөрсдийнхөө ашгийн төлөө явж байна. Хүүхдийн
талбай, ургамал хөрс нь тэр хэвээрээ л байг. Он удаан жил болсон байшин
доош нь хичнээн метр ухахаар яаж олиг байх вэ. Тиймээс бид зөвшөөрөхгүй.
Б.Баянжаргал: /30 дугаар байрны оршин суугч/
-Энэ жилтэй нийлээд гурав дах удаагаа ийм үйлдэл гаргаж байна. Энэ
хүнийг боль гэж гуйж байна. Биднээс зөвшөөрөл аваагүй. 240 айлаас 180 нь
зөвшөөрч байж үүнийг хийх ёстой. Тэрний оронд машин зөрөх ч зайгүй
замаа өргөсгөсөн нь дээр. Дээрээс нь гарааш барихаар нарийхан замын
ачаалал улам ихэснэ. Энэ хүний хэдэн төгрөг олох хамаагүй. Ирээдүйн
аюулгүй байдлаа бодох хэрэгтэй.
Б.Оюун-Төгөлдөр: /30 дугаар байрны оршин суугч/
-Байрны гадаа өчнөөн мод бий. Тэдгээрийн үндэс нь хэдэн метр явсныг бид
мэдэхгүй. Энэ хоёр байрны дундуур дулааны шугам бий. Гарааш барихаар
өвөлдөө хөлдөж ч магадгүй. Цаашлаад хүүхдүүд эрүүл хөрсөн дээр тоглох
ёстой. Хэчнээн сайхан гарааш барилаа ч цемент жинхэнэ хөрсийг гүйцэхгүй.
Гарааш нь 76 машины зогсоолтой ганцхан гарцтай болох юм гэсэн.
31 дүгээр байрны наагуур ухахаар ганхалт үүснэ. Энэ бол зөвшөөрөмгүй
асуудал. Иргэдийн саналыг 70 хувь авсан гэж худлаа яриад байна. Өнгөрсөн
жилээс эхлээд бид удаа дараалан эсэргүүцсэн. Одоо хэдэн том том
залуучууд авчирч бид нарыг дарамталж тэнцвэргүй байдал үүсгэж байна.
Иргэдээсээ санал сэтгэгдэл аваад
хамтдаа хурал зөвлөгөөн хийе гэсэн ч хийгээгүй.
Ш.Энхбаяр: /31 дүгээр байрны оршин суугч/
-Энэ үйл ажиллагааг хууль бус гэж үзэж байна. Э.Бат-Үүл дарга
зөвшөөрсөн ч хоёр байрны оршин суугчид зөвшөөрөхгүй. Хорооллын 16 дугаар
байр шиг болохгүй гэх баталгаа алга. Барилгын суурьтай тулгаж ухна
гэсэн. Тэгэх юм бол баригдаад олон жил болсон байр үнэлэгдэхгүй 15 сая ч
хүрэхээ болчихно. Би тэр хүний барьсан цаасыг худлаа гэж бодож байна.
Үнэн ч байлаа гэсэн ард түмнээс зөвшөөрөл авах ёстой. Би үүнийг
эсэргүүцэж хашааг нь нурааж байна. Өглөө ирээд ямар ч яриа хөөрөөгүй
шууд хашаагаа барьсан. Засаг даргын Тамгын газраас маш буруу юм хийж
байна. Нөхцөл байдлыг ирээд үзсэн хүн нэг ч байхгүй. Гарааж барих гээд
байгаа хүнийг гарын үсэг цуглуулаад ир гэхээр би тэгдэг хүн биш гэсэн.
С.Батнасан: /"Абсолют ган” конст-ракшны захирал/
-Бид бүх зөвшөөрлөө авсан. Авбал зохих дүүрэг хороо, нийслэл,
Мэргэжлийн хяналт, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар,
Нийслэлийн ерөнхий төлөвлгөөний газар, нийслэлийн Засаг даргын захирамж,
иргэд гээд бүгдээс нь санал авсан. Иргэдийн саналыг өнгөрсөн оны эхний
сараас хойш авсан.
Бидний бичиг баримт ямар нэгэн хууль бус шийдвэр биш. Энэ байрны СӨХ-ны
дарга хувийн ашиг сонирхлын үүднээс иргэдийг турхирч бидний ажилд саад
хийж байна. Нийслэлийн захирагчийн 2014 оны есдүгээр сарын 23-нд гарсан
журмын дагуу бид явж байгаа. СӨХ иргэдийн асуудалд оролцох эрхгүй.
Оршин суугчид бидний хатгасан хашааг буулгачихлаа. Цаашлаад хашааны
цаана явж байсан хүнийг цохиж, гэмтээх юмуу машин дээр нь том төмөр унаж
хохирол учруулсан бол хэн хариуцлага хүлээх вэ гээд асуудлууд гарч
байна. Энэ тохиодолд манайх хариуцахгүй. Бид хууль журмын дагуу явна.
Гарсан бүх хохирлоо СӨХ-өөр төлүүлнэ. Надад зөрчилтэй нэг ч зүйл байхгүй
гэв.
Э.Төвчимэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин