Ардын намын амьсгаа...

578

Цасан цагаан талд морины хурдан, сэлэмний хурц, нум сумын мэргэнийг барьсан эрчүүд уухайлан давхилдаж ав хоморго хийж буй кино байдаг даа. Хашгиралдаан, өрсөлдөөнд сэтгэл нь хөөрсөн эрчүүл хөлөө зөөх тэнхэлгүй годройтон унасан гөрөөсийг хүзүүг ид хав болгон хуга мушгина. Энэ үйл явдлыг Монгол хэлний их тайлбар толинд "Отог омгоороо нийлэн ан хийхийг  их ав хоморго гэнэ” хэмээн нэрийдсэн бий.

 

Үүнтэй адилхан үйл явдал Монгол Улсын өнөөгийн нийгэмд үргэлжилсээр  байгаа юм шиг санагдах болов. Өнөө цагт морины хурдныг унаж, сэлэмний хурц, нум сумны мэргэнийг барьсан эрхмүүд бол сонгуулиар ялалт байгуулсан улс төрийн хүчин. Эртний баатрын нум сумны оронд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэлэмний хурц нь хууль хүчний байгууллага  болчихжээ. Тэдний ялалтын уухайн түрлэг, согтууран хашгирах нь эзлэгдсэн хотын иргэд шиг  төрийн албан хаагч нарт айдас, түгшүүрийг авчирдаг.

 

Их хаан олзны эд агуурсаас хишиг түгээж байгаатай адил  ялсан намынхан албан тушаал, байгууллагаа хувиарлан авна. Зарим нэгэн нь албан тушаал, байгууллага дутангуут энд тэндээс тасдан шинээр байгуулж өгнө. Яг л Хорчи ноёнд гучин эхнэр олж өгдөг шиг. Ингээд намаасаа албан тушаалаар  шагнуулсан эрхмүүд очсон байгууллагадаа  халаа сэлээг хийж эхэлдэг билээ. Хамгийн эхэнд намын харьяалал, хамаатан садан, аль аймаг,сум гэдгээр нь халж эхэлнэ. "МАН-ын амьсгаануудыг хална”  гэх томьёололд орсон албан хаагчид ямар ч аврал байхгүй.

 

АН-ын гэсэн тодотголтой нөхдүүдийн дуу бүдүүрч, цэвэрлэгч бол нярав,  боловсон хүчин Тамгын газрын дарга болон дэвшицгээнэ. Харин МАН-ын угшилтай нөхдүүд яаж албан тушаал дээрээ үлдэх вэ гэсэн амь дүйсэн бодолд шаналдаг билээ. Арай гэж ажилд орсон, байрны лизингтэй залуусыг их ав хоморго арчаад л өнгөрнө. Дараагийн сонгууль хүртэл амьд байхын тулд сэргэлэн нэгэн нь лизингтэй байраа түрээслээд хадмынхаа нэргүй зарц болно.

 

Саяхан л зангиа зүүгээд, машинаа асаагаад гардаг байсан төрийн албан хаагч гэр хороололд усны тэрэг түрчихсэн гүйж явах жишээтэй. 2012 онд АН сонгуульд ялангуутаа их ав хоморго явууллаа. Ямар сайндаа МАН-ын дарга  М.Энхболд "АН-ынхан намын харьяаллаар хомроглон халж байна” гэх вэ дээ. 2012 оноос хойш АН-ынхан 80 мянган хүн шинээр ажилд авсан байдаг. Энэ тооны цаана МАН-ын гишүүний хувь заяа ядуурал, ажилгүйдэл, архидалт, гэр бүл салалт руу өнхөрч яваа хэрэг л дээ.

 

АН-ын дарга тамгаа авсан өдрөө "Надтай ажиллаж чадахгүй гэсэн нөхдүүд өргөдлөө өг” гэж дарамтлана. Дараа нь шүүх цагдаад өгч шалгуулахаа мэдэгдэнэ дээ. МАН-аас угшилтай цэвэрлэгчийг эхлээд зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмжтэй ажлаас халагдах өргөдөл өгүүлэх гэж хичнээнэ. Өргөдлөө өгөхгүй бол айлгах, дарамтлах, хамт олноор нь хавчин гадуурхах үйл ажиллагаа явуулж тэсгэл алдуулдаг юм билээ.

 

Ардын намын гишүүд гэсэн тодотголтой хэдэн нөхдүүд тусдаа ширээнд сууж байх жишээтэй. АН-ынхан жигшин зэвүүцсэн харцаар харж яаж хөөж явуулах тухайгаа бодох юм. Сүүлийн жилүүдэд цагаан зээр шиг төрийн албан хаагч нарыг цусны шинжилгээ өгүүлэх шахам бужигнуулж их ав хоморго хийлээ дээ, АН-ынхан. Засаг төр солигдох болгонд жирийн албан хаагч нар "хядуулж”ядуурал руу цувцгааж байна.

 

Энэ долоо хоногт Ч.Сайханбилэгийн Засгийн газарт шинээр зургаан сайд томилогдоно. Шинэ сайд очсон даруйдаа "МАН-ын амьсгаануудыг хална” гэж орилно. Тэгэх болгонд  "амьд” үлдсэн нөхдүүд бүлтэгнэн орох байх газраа олж ядах биз.  Аргаа барахдаа Өршөөлийн хуулинд МАН-ын гишүүдийг  ажилд нь үлдээж өршөөнө” гэж зүйл заалт оруулах юмсан гэж санаашрах вэ. Өндөр албан тушаалтны зүйл заалтыг 4,5,6 гэж хүндрүүлээд халж болно. Цэвэрлэгч, жижүүр, мэргэжилтэн, лизингтэй ажилтнуудыг  анх удаа, санамсар болгоомжгүйгээс МАН-д элссэн, хөнгөн гэмт хэрэгт хамруулж өршөөлд хамруулж болмоор санагдах юм.

 

 

М.ГАНБААТАР


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>