Хямдарч байгаа байрны үнэд бага урьдчилгаа нөлөөлөх үү

1047
Хямдарч байгаа байрны үнэд бага урьдчилгаа нөлөөлөх үүЗасгийн газраас найман хувийн зээлийг урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох шийдвэр гаргасан. Үүнд зориулсан мөнгийг Хөгжлийн банкнаас гаргахаар болсон. Урдчилгаа төлбөр багасвал иргэдийн худалдан авалт ихэснэ гэж байгаа. Гэвч харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдал арай өөр байна. Монголбанкнаас орон сууцны үнийн өсөлтийн индексийн судалгааг олон нийтэд сар бүр танилцуулдаг. Уг судалгаанаас иргэдийн сууц худалдан авах чадвар буурсан бөгөөд үнэ нь унасан гэсэн дүгнэлт гарчээ.

Харин энэ байдал удаан үргэлжилвэл орон сууцны үнэ нэлээд буурч, тогтворжих нь ажиглагдсан бөгөөд орон сууцны худалдан авалт тааруу байгаа нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Мөн орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох нь бага зэрэг буурч байгаа орон сууцны үнийг өсгөж магадгүй гэсэн битүүхэн айдас байна. Орон сууцны үнэ өмнөх оны мөн  үетэй харьцуулахад 6.7 хувиар буурчээ. Мөн зах зээлийн дундаж үнэлгээгээр шинэ орон сууцны нэг ам.метр талбайн үиэ 2 сая 170 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 4,8 хувиар, хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ 96 сая 28 мянган төгрөг болжээ. Энэ нь мөн оны өмнөх үетэй жишэхэд 5.8 хувиар буурсан юм.

Ингэснээр нийслэлд борлуулагдаж байгаа орон сууцны үнийн өсөлт найм дахь сардаа дараалан буурч байгаа юм. Мэргэжлтнүүдийн таамаглаж буйгаар энэхүү үнийн уналт цаашдаа ч үргэлжлэх хандлагатай байгаа. Хамгийн гол нь буурч байгаа үнийг урьдчилгаа төлбөр багассанаар буцаагаад хөөрөгдөх вий.

Өмнөх онуудад тогтмол өсөлттэй буюу дунджаар 28 орчим хувиар өсч байсан орон сууцны үнэ сүүлийн хэдэн сарын хугацаанд тогтмол унах болсон шалтгааныг янз бүрийн өнцөгөөс тайлбарлаж байна. Гэтэл тэрхүү хэрэгжүүлсэн найман хувийн хүүтэй зээлд хамрагдах санхүүгийн чадавхитай хэсгийн эрэлт дуусах тийшээ хандсан зэрэг нь орон сууцны худалдан авалтыг байхгүй болгож улмаар үнэ буурахад нөлөөлсөн. Тэгвэл урьдчилгаа буурсанаар эрэлт буцаад эхэснэ гэдгийг холбогдох яамныхан нь тооцоолох хэрэгтэй.

Ер нь хямд зээл, хямд үнэ нь зах зээлдээ харин ч сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа. Борлуулалтгүй болсон барилгын компаниуд авсан зээлээ төлж чадахгүй, авсан ажилчдынхаа цалинг өгөх боломжгүй болно. Ийм байдал үргэлжилэх юм бол манай орны барилгын салбарт АНУ-д үүсч байсан шиг үнээс үүдэлтэй хямрал үүсч болох юм.

30 хувийг төлөөд орон сууцанд орох иргэдийн тоо дууссан учир боломж бололцоо тааруу иргэдэд ийнхүү дахин нэг боломж олгож байгаа нь сайн хэрэг. Харин энэхүү ажлаа зөв зохистой хийх нь чухал. Энэ шийдвэрийг дагаад үнийн хэт өсөлт, банкны шалгуур болон магадгүй төр өөрөө ч өрөнд орох магадлалтай. Тиймээс бодлогоо зөв тодорхойлох цаг болсон.

Г.Бат

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>