Улс төрийн намын удирдлагуудын уулзалт болж байна Улс төр 3-09-2015, 14:49 1101 Хуваалцах МАН-ын санаачилсан улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт өнөөдөр Төрийн ордны "Б” танхимд болж байна. Энэхүү уулзалтад парламентад суудалтай болон суудалгүй 18 намын төлөөлөл хүрэлцэн иржээ. Өөрөөр хэлбэл уулзалтын ирц 80 хувьтай байгаа юм. Улс төрийн намын удирдлагуудын уулзалт товлосон цагтаа амжилттай эхэллээ. МАН 27 дугаар Их хурлаасаа улс орныхоо язгуур эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэж, эх орноо хөгжүүлэхийн тулд улс төрийн бүх нам, иргэний нийгмийн байгууллагуудтай үндэсний зөвшилцөлд хүрч хамтран ажиллах санаачилга гаргасан билээ. Энэ хүрээнд МАН-ын даргын санаачилгаар улс төрийн намуудын дарга нарын түвшинд таван удаа, Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд зургаан удаагийн уулзалт зохион байгуулаад байгаа ажээ. Уулзалтын салхийг хагалж МАН-ын дарга М.Энхболд үг хэлэхдээ " Өнөөдрийн энэ уулзалтаар Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийн талаар санал бодлоо солилцохоор цуглаад байна. Үндсэн хуулийн тухайд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Үндсэндээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар холбогдох байгууллагаас нь санал авч, гишүүд нь гарын үсэг зураад УИХ-д өргөн барих бэлтгэл хангагдаж байгаа. Өнөөдрийн улс төрийн хямралт нөхцөл байдлаас гарахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал маш чухал. Сонгуулийн хуулийн тухайд гэвэл 1992 оноос хойш УИХ-ын зургаан удаагийн сонгууль болсон. Ер нь сонгууль болохын өмнө Сонгуулийн хуулийг байнга өөрчилж байсан. Өмнө нь болсон зургаан удаагийн сонгуулийн тав нь мажоритар, 2012 оных холимог тогтолцоогоор болж өнгөрсөн. Сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлага байна гэж үзэж УИХ-д суудалтай намуудын оролцоог бий болгосон ажлын хэсэг байгуулсан. Харамсалтай нь ажлын хэсэг боловсруулсан хуулийн төслөө өнөөдрийг хүртэл санал авах, УИХ-д өргөн барих ажлыг хийгээгүй байна. Сонгуулийн тогтолцоо ямар байх вэ гэдэгт өнөөдөр бид саналаа хуваалцаж таарна. Иргэд олон түмэн 2012 оны сонгуулийн тогтолцоог төдийлөн таашааж үзэхгүй байгаа. МАН-ын зүгээс өнгөрсөн дөрөвдүгээр сард сонгуулийн тогтолцооны талаар ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг Засгийн газраас санал авч УИХ-д өргөн барьсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Сонгуулийн автоматжуулсан тогтолцоог 2012 оны сонгуулиар нэвтрүүлсэн. Гэвч үүнд иргэд ч улс төрийн намууд ч итгэл алдарсан зүйл байгаа. Тиймээс хар машинаар тоолох явдлыг хэрхэн үзэж байгааг намуудын саналыг сонсоно” гэлээ. Үүний дараа танхимд хүрэлцэн ирсэн улс төрийн намуудын төлөөлөл Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Улс төрийн намуудын удирдлагуудын уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Ц.Анир 1101 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 2-09-2015, 10:01 АH, МАХН-ын дарга нарыг “Үндэсний зөвшилцөл”-д урив… 1-09-2015, 13:42 МАН улс төрийн намуудын удирдлагуудтай уулзана… 14-05-2015, 10:15 МАН ард түмнээсээ асуух тогтоолын төслөө өргөн мэдүүлэв… 17-04-2015, 13:19 Ж.МӨНХБАТ : АРД ТҮМЭН УИХ ГИШҮҮДИЙГ ӨӨРСДӨӨ Л СОНГОДОГ БАЙХЫГ ХҮСЭЖ БАЙГАА НЬ ОРОН НУТГУУДААР ЯВХАД ИЛТ ХАРАГДАЖ БАЙНА… 10-04-2015, 09:48 АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛЛЭЭ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.