Цагаач хүүгийн зураг дэлхийг уйлууллаа
Туркийн эрэгт цагаачдыг тээвэрлэж явсан завь хөмөрсөний дараа далайн эрэгт шидэгдсэн бага насны хүүгийн цогцосыг харуулсан зураг сошиал ертөнцөөр цацагдаж, томоохон хэмжээний асуудлыг үүсгээд байна. Тус зургийг "Dogan” гэх байгууллагын ажилтнууд авсан бөгөөд Туркийн Бодрумын ойролцоох далайн эрэгт хэвтэж буй байдалтай эрэгтэй хүүхдийн цогцос дүрслэгджээ. Энэ зураг интернэт ертөнцөд цацагдаж, мөн дэлхийн нэр хүндтэй хэвлэл бүрийн тэргүүн нүүрт гарчээ.
Тодруулбал, Английн "Daily Telegraph” сонинд "Дүрвэгсдийн хямралын жинхэнэ эмгэнэлийг харуулах аймшигт дүр зураг” хэмээн мэдээлжээ. Харин "Independent” сонин "Хэрвээ Сири хүүхдүүдийн цогцсыг харуулсан энэ эмгэнэлт зургийг аваагүй бол, Европ дүрвэгсдэд хандсан бодлогоо өөрчлөхгүй бол цаашид юу болох бол” гэсэн гарчигтайгаар нийтэлсэн байна. Мөн "Huffington Post”-д "Юу болох нь энэ вэ? Дэвид Камерон” хэмээх гарчигтайгаар нийтэлж, улс оронг нь зорин ирэх цагаачдын эсрэг хатуу бодлого баримталж буй Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероныг шүүмжилсэн байна.
Үүнээс гадна Испанийн El Pais, El Mundo, El Periodico зэрэг нэр бүхий веб сайтууд ч гэсэн тус зураг нийтлэгдсэн байна. Энэ мэтээр дэлхийн томоохон хэвлэлүүдэд бяцхан хүүгийн зураг нийтлэгдэж, дүрвэгсдийн асуудал руу дэлхий нийтийг анхаарлаа хандуулахыг уриаллаа.
Сири хүүгийн цогцсыг харуулсан гэрэл зураг сошиал ертөнцөөр тархаж дэлхий нийтийг уйлуулж байна. Талийгаач бяцхан хүү Грекийн Кос арлыг чиглэн явж байгаад өчигдөр өглөө Туркийн эрэгт живсэн цагаачдын завинд сууж яваад харамсалтайгаар амиа алдсан Сири иргэдийн нэг аж. Энэ ослоор 12 хүн нас барсаны тав нь хүүхэд, нэг нь эмэгтэй хүн байсан байна.
Б.Даваа