МАН-ын урилгаар улс төрийн 20 намын удирдлагууд өнөөдөр Төрийн ордонд
цуглаж, Сонгуулийн хууль болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар
нээлттэй санал бодлоо солилцлоо. Энэ удаагийн уулзалтад МАН-ын дарга
М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, АН-ын Ерөнхий нарийн
бичгийн дарга Л.Эрхэмбаяр, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, ИЗНН-ын
дарга Ц. Ганхуяг, УИХ-ын гишүүн Л.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, МҮАН-ын
намын дарга М.Энхсайхан болон парламентад суудалгүй намын удирдлагуудын
төлөөлөл оролцлоо. "Үндэсний зөвшилцөл” уулзалтын үр дүнд Монголын бүх
улс төрийн намууд хамтдаа Сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлын
хэсэг байгуулж, ирэх сарын 1-ны өдөр гэхэд УИХ-д өргөн барих
төлөвлөгөөтэй ажиллахаар боллоо. МАН-аас энэхүү ажлын хэсэгт Ерөнхий
нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат орж ажиллах юм байна. Уулзалтын үеэр
Өршөөлийн тухай хуульд МАН ямар байр суурьтай байгааг төлөөлөгчид нэлээд
сонирхож байлаа. Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт МАН-ын Удирдах зөвлөл
хуралдаж Өршөөлийн тухай хуулийн авлига, албан тушаалтай холбоотой
хэсгийг дэмжихгүй гэдэг шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, авлига,
албан тушаалтнуудыг Өршөөлийн хуульд хамруулахыг дэмжээгүй гэсэн үг.
МАН-ын дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд хэлсэн үгэндээ "Зөвшилцөх
уулзалтыг зохион байгуулж байгаа намын даргын хувьд хувьсгал тэмцэлд
уриалсан өнгө аястай хандлагыг дэмжихгүй гэдгээ хэлмээр байна. Үндсэн
хуулийн тухайд парламентад суудалгүй улс төрийн намууд үндсэндээ байр
сууриа нэгтгэчихсэн юм байна гэж ойлголоо. Нэлээн хэдэн намын даргын
ярианд гарч байна. Ер нь энэ УИХ маш хариуцлагагүй байгаа. Энэ өнгө аяс ч
дарга нарын үгэнд нэлээд цухалзаж байна. Өнөөдөр яригдсан Сонгуулийн
хуультай холбоотой зүйлсийг нэгтгэж , нийлүүлээд бодитой хууль эрхзүйн
орчин болгохын тулд хоёр үе шаттай ерөнхий механизмтай байх хэрэгтэй юм
байна гэж бодлоо. Нэгдүгээрт, энд ирсэн 20 нам, хараахан ирж амжаагүй
хоёр нам, бүгдээрээ нийлээд ажлын хэсэг байгуулах дээр санал нэг байна.
Хоёрдугаарт, парламентад байгаа улс төрийн намууд, эвслийн бүлгүүдийн
төвшинд намуудын боловсруулсан төслийг нэлээн сайн ярилцаж, тэндээ
ойлголцолд хүрэх юм бол УИХ-ын гишүүд бүлэг бүлгийнхээ шийдвэртэйгээр
энэ хуулийг санаачилж болно. Тэгээд ирэх сарын 1 гэхэд Сонгуулийн тухай
хуулийг УИХ-д өргөн барья. Энэ 30 хоног дотор ажиллах боломж байна”
гэлээ. "Үндэсний зөвшилцөл” уулзалтаар улс төрийн намууд зарчмын хэд
хэдэн асуудалд байр сууриа нэгтгэсэн юм. Тодруулбал, намуудын олонхи нь
сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байсан юм. Бүсчилсэн журмаар явбал
зөрчил их үүснэ гэж хэд хэдэн намын төлөөлөл шүүмжилж байлаа. Ард
иргэдийн саналыг хар машинаар тоолсон ч давхар хяналтын тооллого
зайлшгүй байх ёстойг төлөөлөгчид хэлж байсан. Нэр дэвшигчидтэй холбоотой
маргаан гарлаа гэхэд үүнийг шүүх, цагдаа дээр шийдвэрлэх юм уу
сонгуулийн эрх бүхий байгууллага зохицуулах уу гэдгийг тодорхой болгох
шаардлагатай байгааг ч онцолсон. Түүнчлэн сонгуульд орж байгаа намууд
хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ижил гараанаас өрсөлдөх сонирхолтой
буйгаа ч илэрхийлсэн юм.