Төгрөг үнэгүйдэхийн хэрээр шатахуун "хямдарчээ"

1005

Төгрөг үнэгүйдэхийн хэрээр шатахуун "хямдарчээ""Бензиний үнэ маргааш дахиад л өсөх гэнэ. Машины банкаа дүүргэхээс” гэх энэ үг танил сонсогдож байна уу? Гурваас дөрвөн жилийн өмнө бензиний ханш нэг өдрийн дотор 50-100 төгрөгөөр огцом өсчихдөг байлаа. Үүнтэй зэрэгцээд талх, гурил, будаанаас аваад өнөөх өргөн хэрэглээний бүтээгдэхүүний сагсанд багтдаг хүнсний барааны үнэ талийчихдаг байв. Ямартай ч тухайн үед эдийн засгийг тээврийн зардлаас үүдсэн нийлүүлэлтийн гаралтай инфляци гэх "вирус” өвчлүүлсэн л гэж оношилсон юмдаг.

Дурсамж төдий дээрх өгүүлбэрээ баталж, дараах тоон дүнг танилцуулъя. Тухайлбал, 2005 онд нэг литр бензинийг бид дунджаар 750 төгрөгөөр худалдан авдаг байжээ. Бензиний үнэ он дарааллан 100 гаруй төгрөгөөр өссөн статистик байдаг юм билээ. Ингээд 2008 онд гэнэтхэн л 1321 төгрөгтэй тэнцэв. Тодруулбал, өмнөх оны үнийн түвшингээс 38.7 хувиар буюу 369 төгрөгөөр өсчээ. Үүнийг дагаад гурилын үнэ килограмм тутамдаа 58 хувиар өсөх жишээтэй. Нэг жилийн дотор шүү дээ.

Бизнесийнхэн төлөвлөгөөгөө боловсруулахад ч хялбар

Бензиний үнэ дандаа ч өссөнгүй. Эдийн засаг хумигдсан 2009 онд шатахууны жижиглэнгийн үнэ буурсан тооцоо бий. Тэгэхдээ үүнээс хойш байнга шахуу өссөөр 2012 онтой золгожээ. Тухайн үед шатахууны жижиглэнгийн үнэ литр тутамдаа 1600 төгрөгөөс давав. Өдгөө 2015 оны есдүгээр сар эхэлж, намар цагийн налгар өдрүүд үргэлжилж байна. Энэ үеэр бид нэг литр АИ-92 маркийн бензинийг 1660 төгрөгөөр авсан хэвээр. Өөрөөр хэлбэл, бензиний үнэ тогтворжсоныг дээрх статистик харуулна.

Үнэ тогтворжоод гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд дэлхийн зах зээлд нефтийн ханш хаашаа ч чиглэсэн манай шатахууны үнэ тогтвортой хэвээр. Хэт "тогтворжсон”-ыг буруутгах хүн ч бий. Учир нь дэлхийн зах зээл дэх нефтийн ханш шалдаа буугаад бараг бүтэн жил өнгөрч байхад манайд бахь байдгаараа 1660 төгрөгтэй тэнцсээр.

Манайхан "Нефтийн үнийн уналтаас болж төсвийн орлого буурах нь” гэх прогноз хийх атлаа шатахууны жижиглэнгийн ханш яагаад хямдрахгүй байгааг ойлгомжтой бөгөөд зоригтойгоор тайлбарлах хүн алга. Монгол банкны Үнэ тогтворжуулах хөтөлбөрт бурууг нь өгчхөөд л сууж байна.

Тэгтэл тартагтаа тулсан нефтийн үнэтэй зэрэгцээд манай төгрөг үнэгүйдсэнийг яах вэ? Өнгөрсөн оны байдлаар гэхэд л ам.долларын эсрэг манай төгрөг 13, он гарсаар таван хувиар тус бүр буурсан байгаа юм. Харин дэлхийн зах зээлд өнөөх нефтийн бүтээгдэхүүнийг ам.доллараар хэмждэгийг мартаж болохгүй.

"Ноён ногоон”-оор илэрхийлсэн нефтийн ханш унахтай зэрэгцээд, "үнэгүйдсэн” төгрөгөөр тооцсон шатахууны ханш тогтворжсоныг харуулна. Өөрөөр хэлбэл, 2012 оны 1660 болон өнөөдрийн 1660 төгрөгийн хооронд үлэмж хэмжээний зай бий гэсэн үг.

Мэдээж шатахууны үнэ "хэт тогтворжсон”-ы үндсэн шалтгаан нь ам.долларын чангаралт биш болов уу. Энэ талаар салбарынхан судлаад, томьёолох биз. Харин дээрх "хэт тогтворжилт”-ын энэ үед бидэнд ямар боломж байгааг хамтдаа анзаарцгаая.

Эхний ээлжид байсхийгээд л өсчихдөг өргөн хэрэглээний барааны үнийг хазаарлахад тус болно. Тодорхой хэлбэл, төгрөг "үнэгүйдээд”, бид эвлэрсэн энэ цагт бүтээгдэхүүний үнийг буулгах боломж хомс ч, ханшийг энэ хэвээр нь хадгалах боломж байгааг сануулъя.

Шатахууны үнэ 38.7 хувиар өсөхөд, гурилынх 58 хувиар өссөн түүхтэй

Ханш тогтвортой байснаар бизнесийнхэн төсөв төлөвлөгөөгөө боловсруулахад ч хялбар болох юм. Төр засгийн тогтворгүй бодлого гэж ирээд л ярьдгийн цаана бүтээгдэхүүний үнийн өсөлт л оршдог шүү дээ. Бүтээгдэхүүний орц найрлагаа тооцоод, зардлын баримжаандаа үндэслэж үнээ тогтоох нь бизнесийнхэнд хэт хэцүү байсан бололтой. Харин өдгөө тогтвортой тоонд суурилаад, зардлын задаргаагаа бэлдэх нь.

Хамгийн гол нь шатахууны жижиглэнгийн үнэ тогтворжоогүй бол бидэнд юу тохиолдох байсан нь сонирхол татаад байгаа юм. Өнөөдөр үнээ нэмчихээд, маргааш нь буулгах ухаан дутдаг "made in mongolia” маягийн бизнестэй эдийн засаг хаашаа зүглэх байсан бол. Дахин сануулахад, 2009 онд шатахууны үнэ буурсан дүнгээсээ буцаж өгсөөд л инфляц гэх өвчинд ороогдсон түүхтэй шүү дээ.

Э.Хулан

Засгийн газрын мэдээ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>