Шийдлийн Засгийн газрын өдрүүд

672

2014 оны арваннэгдүгээр сарын 5. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг огцруулав. Уг хуралдаанд 66 гишүүн оролцож, 36 нь Н.Алтанхуягийг огцруулах санал өгсөн юм. Тэрээр Засгийн газрын тамгыг Шадар сайд Д.Тэрбишдагвад хүлээлгэн өгөв.

 

2014 оны арваннэгдүгээр сарын 14-15. АН-ын Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ ээлжит бусаар хуралдав. Монгол Улсын Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал нарыг дэвшүүлэх асуудлаар нууц санал хурааж, Ч.Сайханбилэгийг 53.6 хувийн саналаар буюу 173 хүний 92 нь дэмжсэн юм. Мөн АН-ын дарга Н.Алтанхуяг үүрэгт ажлаа өгөх өргөдлөө өгөв. Түүний оронд З.Энхболд нэр дэвшиж 87.5 хувийн саналаар АН-ын дарга болсон юм.

 

2014 оны арваннэгдүгээр сарын 21. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилов. Уг чуулганд МАН-ын 26 гишүүн оролцоогүй байна. Ч.Сайханбилэгийг хуралдаанд оролцсон гишүүдийн 95.5 хувийн дэмжлэгээр ийн томилсон юм.

 

2014 оны арваннэгдүгээр сарын 29. Энэ өдрүүдэд хуралдаж байсан МАН-ын Бага хуралд Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг Засгийн газарт хамтрахыг урьсан илгээлт явуулав. Тэрээр илгээлтдээ "...Тийм учраас үүрэг хариуцлагаа ухамсарлая, хэрэгтэй шийдвэрүүдээ зориг зүрхтэй гаргацгаая, өөдрөг байж итгэл үнэмшлээ эргүүлэн олж авцгаая, хамгийн гол нь эв нэгдлийг эрхэмлэж эх орноо бодон хамтдаа зүтгэцгээе. Монгол Улсын шинэ үеийн түүхийн 28 Ерөнхий сайдын үнэмлэхүй олонхи буюу 22 –ыг нь төрүүлсэн улс төрийн ууган хүчин улс ороноо бодсон шийдвэр гаргана гэдэгт би итгэж байна” гэсэн байна.

2014 оны арванхоёрдугаар сарын 3. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт өргөн барилаа.

 

2014 оны арванхоёрдугаар сарын 5. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шийдлийн Засгийн газрын сайд нарын нэрийг УИХ-д өргөн барив. Түүний Засгийн газар 15 яам, 19 сайдтай ажиллахаар болсон юм.

 

2014 оны арванхоёрдугаар сарын 9-10. УИХ-аар Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн сайд нарыг хэлэлцэж томиллоо. Шадар сайдаар У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын даргаар С.Баярцогт, Сангийн сайдаар Ж.Эрдэнэбат, Хууль зүйн сайдаар Д.Дорлигжав, БОНХАЖ-ын сайдаар Д.Оюунхорол, Зам тээврийн сайдаар Н.Төмөрхүү, Аж үйлдвэрийн сайдаар Д.Эрдэнэбат, БСШУ-ы сайдаар Л.Гантөмөр, Эрүүл мэнд, спортын сайдаар Г.Шийлэгдамба, Хөдөлмөрийн сайдаар С.Чинзориг, Барилга, хот байгуулалтын сайдаар Д.Цогтбаатар, ХХАА-н сайдаар Р.Бурмаа, Эрчим хүчний сайдаар Д.Зоригт, Батлан хамгаалахын сайдаар Ц.Цолмон, ХАХНХ-ын сайдаар С.Эрдэнэ, Уул уурхайн сайдаар Р.Жигжид, Гадаад харилцааны сайдаар Л.Пүрэвсүрэн, Монгол Улсын сайдаар М.Энхсайханыг тус тус томилсон юм.

 

2015 оны дөрөвдүгээр сарын 23. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр "...МАН-аас томилогдсон Засгийн газрын гишүүд нийт 500 гаруй төрийн албан хаагчийг хоморголон халсан. МАН засагт хамтарсан гол зорилгоо эдийн засгийн хүндрэлээс хамтдаа гаръя, хэмнэлтийн горимд шилжинэ гэж тайлбарлаж байснаа эргэн санаж эрх мэдэл, албан тушаал, ширээ сандлын хойноос яваагүй гэдгээ ард түмэнд харуулах цаг нь ирсэн” гэж сэтгүүлчдэд мэдээлэв.

 

2015 оны зургадугаар сарын 22. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болов. Хуралдааны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд "...МАН Засгийн газарт хамтарч орсноосоо хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь харахад гэрээнд туссан асуудлаас зөвхөн албан тушаалын хуваарилалт дээр бүрэн биелсэн. Бусад асуудал дээр зөвшилцлийн шатанд, зарим нь зөвшилцөлд туссан асуудлаас эсрэг явж байгаа учраас нухацтай хэлэлцэж эцсийн шийдэл гаргах ёстой гэж үзсэн.

 

МАН-аас орон даяар "Бид хамтдаа" аяныг өрнүүлж байгаа. Энэ аянд хамтарсан Засгийн газрын гишүүд өөрсдөө оролцоод Засгийн газраа болохгүй, бүтэхгүй талаас нь яриад явж байна. Хамтын ажиллагааны гэрээний хугацаанд бид мониторингийн судалгаануудыг гаргаж үзэж байна. МАН-ын байр суурь, МАН-ын бүлгийн гишүүдийнх нь илэрхийлж байгаа байр сууриудыг харахад хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг аль болох явуулахгүй тээг тавих, асуудлуудыг унагаах хандлага байгаа нь ажиглагдаж байна.” гэж ярьсан юм.

 

2015 оны зургадугаар сарын 23. АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа. Хуралдаанаас"Засгийн газарт хамтран ажиллахаар улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт даалгасугай” гэсэн тогтоол гаргажээ.

 

2015 оны зургадугаар сарын 25. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Тэрээр "...Өнөөдрийн байдлаар АН МАН-ыг засгаас хөөж, туусан албан ёсны шийдвэр гарсан зүйл ирээгүй байна. МАН-ын гишүүд төрийн ажлыг гацааж, Засгийн газраа муулж байна, болж бүтэхгүй зүйлийг МАН-ынхан ярьж байна гэж бүлгийн дарга нар нь мэдээлэл хийх үеэрээ хэлсэн. Энэ худлаа. МАН 2014 оны арванхоёрдугаар сард Засгийн газарт орохдоо бид "Хамтарсан Засгийн газарт орлоо гээд өмнөх болон шинэ Засгийн газрын хууль бус алдаа дутагдлыг хаацайлахгүй, үнэнээр нь хэлж, шаардлагаа тавина. Зөв зүйтэй зүйлийг нь дэмжээд явна” гэж хэлж байсан. Мөн МАН-ын хамтарсан Засгийн газрынхаа ачаа, хариуцлагыг үүрнэ. Түүнээс өмнөх буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын алдаа хариуцлагыг үүрэхгүй” гэв.

2015 оны зургадугаар сарын 29. УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа Гүйцэтгэх зөвлөлөөс ирүүлсэн даалгаврыг хэлэлцэн, санал дүгнэлтээ хүргүүлэхээр болжээ. АН, МАН-ын хамтран ажиллах гэрээнд тусгасан ажлуудыг нэгбүрчлэн хэлэлцсэн байна. Ингэхэд хамтын гэрээнд тусгасан ажлууд хангалтгүй дүн авсан тухай эх сурвалж мэдээлсэн юм.

 

2015 оны зургадугаар сарын 29. УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "...АН-аас өнөөдрийн бүлгийн хуралдаанаараа МАН-ыг засгаас хөөх асуудлыг ярилцаж байгаа гэсэн. АН-ынхан МАН-ыг засгаас хөөнө гэж маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ер нь бол АН дотоод асуудлаа шийдэж чадахгүй байж манай нам руу их  дайрч байна. Гэхдээ МАН -ыг засгаас хөөх эсэх нь тэдний л хэрэг. Харин МАН 2012 онд ард иргэдийн 42 хувийн саналыг авсан үүргээ биелүүлээд явна гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.

 

2015 оны долдугаар сарын 10. УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы хаалтаа хийсэнтэй холбогдуулан үг хэлэхдээ "МАН-ын зургаан сайдыг чөлөөлж, шинэ сайд нарыг нөхөн томилох асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2015 оны наймдугаар сарын 3-ны өдрөөс УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг есдүгээр сард ээлжит бус чуулган зарлаж тусгайлан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна” гэж мэдэгдэв.

 

2015 оны наймдугаар сарын 6. МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Су.Батболд нар хамтарсан Засгийн газрын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд "... АН хариуцлагагүй ажиллалаа. Хоёр тал гэрээг дүгнэж үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байсан. Гэвч АН хамтарч байгуулсан гэрээгээ үнэн бодитой байдлаар дүгнэхээс зайлсхийлээ. Хэрвээ дүгнэсэн бол энэ гэрээний өмнө хүлээсэн үүргээ АН биелүүлээгүй нь ил тод болох байсан учраас Гүйцэтгэх зөвлөлийн дүгнэлтээр цуцалсан" гэв.

 

2015 оны есдүгээр сарын 4. УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. Шадар сайдаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг,  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг,  Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Болорыг,  Барилга, хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг,  Зам, тээврийн сайдаар УИХ-ын гишүүн М.Зоригтыг,  Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг тус тус томилуулахаар өргөн мэдүүлэв.

 

2015 оны есдүгээр сарын 4. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 181 тоот захирамж гаргалаа.
Ээлжит бус чуулганыг 2015 оны есдүгээр сарын 7-18-ны өдрүүдэд хуралдуулж Засгийн газрын зарим гишүүнийг томилох болон  Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр уг захирамжид заажээ.

 

2015 оны есдүгээр сарын 4. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зарим сайдыг томилуулах саналтай танилцаж хариу өгсөн байна. Тэрээр "...Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондын хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүнд давхардуулж хашиж болохгүй гэсэн зарчмын байр сууриа дахин нотолж, дээрх томилгоог дэмжихгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин зөвшилцөхийг хүсье” хэмээжээ.


Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>