Одоо "Шившиг"-ийн Засгийн газрын ээлж

855
Одоо "Шившиг"-ийн Засгийн газрын ээлжОрон гарсан сайд нарынхаа учрыг олох гэж хэдэн сар "орон гарантсан” Ерөнхий сайд маань одоо л нэг учрыг нь олж, хужрыг нь тунгаах нь гэсэн чинь Ерөнхийлөгч зөвшилцөхийг хүссэнгүй. Тэрбээр "Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондын хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүнд давхардуулж хашиж болохгүй гэсэн зарчмын байр сууриа дахин нотолж, дээрх томилгоог дэмжихгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин зөвшилцөхийг хүсье” хэмээжээ. Гэвч АН, "Шударга ёс” эвсэл чичирсээр байгаад зургаан сайдаа томилчихлоо. Хамгийн гайхалтай нь давхар дээлийг яс махнаасаа үзэн яддаг хэд хэдэн хүн сайдын суудалд "чичир”-сээр байгаад суух юм. Жишээ нь, М.Зоригт гишүүн давхар дээлийн асуудлыг маш их ярьдаг, шүүмжилдэг байв. Гэтэл өнөөдөр өөрөө давхар дээл өмсчихсөн сууж байгааг ард түмэн үнэндээ л ойлгодоггүй. Нөгөө яриад байдаг улс төр гээч нь энэ юм болов уу. Энэ байдлаас үзэхэд шинэхэн сайдын ой санамж, хэдхэн сарын "нас”-тай бололтой. "Мэдээж цаашид миний байр суурь хэвээр байх болно. УИХ-ын   "Давхар дээл”-ийг тайлахад олон гишүүн санал нэгдэж байсан”-ярилцлага/. Тэрбээр сайд болохоосоо хэдхэн сарын өмнө ингэж ярьсан байх юм. Харин өнөөдөр сайд болчихсон дан дээлээ давхар болгоод зуд нүүрлэсэн ч тоохооргүй тун чиг додьгор сууж байна.

Г.Баярсайхан гишүүн ч ялгаагүй давхар дээлийн асуудлыг эсэргүүцдэг байсан гишүүдийн нэг. Гэхдээ түүнд нэг давуу тал байгаа нь хоёр удаа УИХ-д сонгогдож, нэг ч удаа Засгийн газрын гишүүн болж байгаагүй. АН-ын сайдад нэр дэвшигчдийн шалгуурт бүрэн тэнцэж байгаа ч ардчилсан Ерөнхийлөгчийн давхар дээлийн асуудалд бол бүдрэхээр байгаа нь тод харагдана. Үе үе "синдром” нь хөдөлж Ерөнхий сайдынхаа өөдөөс "салаавч” гаргачихгүй л байгаасай билээ. 2012 оны УИХ-ын сонгуулиар Архангай аймгаас бараг луйвардах нь холгүй сонгогдсон Б.Болор гишүүн үлдсэн хугацаанд Монголын хөрөнгийн санг атгах нь. Гэвч өмнөх сангийн сайд Ж.Эрдэнэбатын дайнд хүрч ажиллаж чадах эсэх нь эргэлзээтэй. Шийдлийн Засгийн газрын үед МАН-аас томилогдсон зургаан сайдаас хамгийн сайн ажилласан нь Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд Б.Цогтбаатар нар байсныг Ерөнхий сайд өөрөө ч онцолсон. Монголын эдийн засаг хүндхэн байгаа энэ үед Сангийн яамыг толгойлно гэдэг тийм ч амар зүйл биш. Ядаж байхад ГОК алдагдалтай ажиллаж байхаар түр азная хэмээн яригдаж байгаа энэ үед бол бүр л хэцүү. Иймэрхүү нуман тулгуурт орчихсон байгаа хүнд үед арай туршлагатай хүнээр Сангийн сайд тавьж болоогүй юм байх даа гэсэн дам яриа шаргал ордон дотор "сэлгүүцэж” явна. Нөгөөтэйгүүр заавал "Б.Болор байхдаа ч яахав дээ. Р.Амаржаргал гишүүнийг Сангийн сайд болгочихгүй” гэсэн яриа ч чих дэлсэнэ. Ардчилсан намаас сайдын суудал горилогч гурван эрхэм гурвуулаа давхар дээл өмсөх нь нэгэнт тодорхой боллоо.

Харин нөгөө талаас "Шударга ёс”-чууд гурван хүнээ сайдад "сойсон”. МАХН-ын даргын хүү Э.Батшугар Шадар сайдын суудалд сар гаруй хугацаанд яригдсан нь түмний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн. Нийгмийн энэхүү уур амьсгалыг мэдэрсэн "Шударга ёс” эвсэл, тэр дундаа МАХН ирэх сонгуулийн сургаар арай дөнгүүр, нэр цэвэр Ц.Оюунбаатарыг Шадар сайдад нэр дэвшүүлэв. Харин Барилга хот байгуулалтын сайдад тэс хөндлөн, ёстой л нөгөө тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг З.Баянсэлэнгэ гишүүнийг нэр дэвшүүлсэн нь МАХН-ын дарга Н.Энхбаяр "ачийг нь хариулсан” хэрэг. Уг нь бол Шинэчлэлийн ч тэр, Шийдлийн ч тэр Засгийн газарт Барилга хот байгуулалтын сайд нь тун чиг дөнгүүр ажиллаж байсан билээ. Тэр тусмаа Шийдлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байхдаа Б.Цогтбаатар сайд чамгүй олон ажил хийснийг улс төрийнхөн төдийгүй ард түмэн мэдэж байгаа. Ийм чадварлаг сайд ажиллаж байсан яамыг толгойлно гэдэг З.Баянсэлэнгэ гишүүний хувьд дааж давшгүй ачаа. Гэхдээ дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэг үг байдаг даа. Барилгын салбар битгий хэл тоосго яаж өрдөгийг мэдэхгүй хүн Барилга хот байгуулалтын яамыг толгойлно гэхээр ой тоонд нэг л бууж өгдөггүй. Зуны халуун, өвлийн хүйтнийг тоолгүй хоолой сөөтөл МАХН-ын дарга Н.Энхбаярын төлөө "хашгирсан” болохоор түүнд энэ удаагийн бялуу хуваалтаас яалт ч үгүй нэг сайдын суудал ногдов. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ дахь "Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг томилогдсон. Түүнд Монголын улс төрд, Монгол Улсад гайхуулж, гийгүүлээд байх гавьяа байхгүй. Н.Энхбаярын "шорон”-гоос хийсэн улс төрийн ачаар жагсаалтад багтаж УИХ-д суусан. Улмаар Н.Энхбаярын итгэлийг олж "Шударга ёс” эвслийн бүлгийг ахлаад зогсохгүй Шийдлийн Засгийн газрын үндсэн чиг үүргийн нэг яамыг толгойлохоор болж байна.

АН-ынхан олонхи болохоороо аливаа зүйлийг тодотгох дуртай. Энэ ч үүднээсээ Н.Алтанхуягийн Засгийн газар Шинэчлэлийн, Ч.Сайханбилэгийн МАН-тай хамтарсан засаг Шийдлийнх байсан бол энэ удаагийнх нь юу байх вэ. Шинээр томилогдсон зургаан сайдыг нь харвал "Шившиг”-ийн Засгийн газар байвал яг тохирох ч юм шиг. Хамгийн их сонирхол татаж байгаа зүйл нь "Шившиг”-ийн Засгийн газар хэдэн сар ажиллах бол гэдэг л байна даа.

 

С.БУЯН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>