|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 09:51

Дэлхий мартахгүй, хар мягмар гараг буюу 9 сарын 11

2001 оны 9-р сарын 11-ний Мягмар гарагийн өглөө Улаанбаатараас хагас өдрийн уртаар алслагдсан Нью-Иоркийн тэнгэр цэлмэг байжээ. Цагийн зүү 08.45 цагийг заана. Хормын дараа цэнхэр тэнгэрийн өнгө хэрхэн хувирахыг гудамжинд холхилдсон олон дүйнгэтүүлсэн нүргээнт чимээнд цочих хүртлээ гадарлаа ч үгүй биз. Америкийн агаарын тээврийн нислэгийн дугаар 11, 76 зорчигч бүхий Бойнг-767 онгоц 110 давхар "Дэлхийн худалдааны төв” гэгдэх ихэр цамхагийн хойд цамхагийн 80 давхрыг мөргөж дэлбэрлээ. "Ээ бурхан минь, юу болох нь энэ вэ” ингэж бодсон хүн магадгүй маш олон байсан байх. 18 минутын дараа нислэгийн дугаар 175, 51 зорчигч бүхий Бойнг-767 маркийн 2 дахь онгоц нөгөө цамхагийн 60  давхрыг мөргөж дэлбэрэв.

 Энэ үеийг бүгд нүднээ тод харж амжжээ. Эдгээрийн дараагаар 93-77 нислэгийн дугаартай тус бүрдээ 33, 53 зорчигч бүхий Бойнг-557 маркийн онгоцууд дээрх үйлдлийг давтсанаар ихэр цамхаг нурах нь тэр. Дээрх дөрвөн онгоц тус бүрд 4-5 тооны алан хядагч цаасны хутга гэх мэтхэнээр зэвсэглэн орж, үйл ажиллагаагаа явуулсан гэдэг. Тэдгээр амиа золиослогчдын зарим нь Америкийн нэгдсэн улсад нэгээс иүү жил амьдарсан, нисгэгчийн сургалтад сууж эл ажиллагааны тулд туршлагажиж байсан аж. Тэдгээр Ислам шашинт алан хядагчид бүгд Саудын Араб болон Арабын орнуудаас гаралтай байсан бөгөөд Осама Бин Ладенаар толгойлуулсан Аль Кайда алан хядах байгууллагын гишүүд байжээ. 
 
Тэр өдрөөс хойш Осама бин Ладен гэх нэр дэлхийн чихэнд үргэлж сонсогдох болсон юм. Алан хядагч бүлэглэлийнхэн Персийн булангийн дайнаас хойш Ойрхи дорнодод цэргээ үргэлжлүүлэн байршуулаад байсан Америкт ийнхүү хонзогносон ажээ. 2001оны 9-р сарын 11-ний 21 цагт Ерөнхийлөгч Жорж Буш телевизээр ” Алан хядагчдын халдлага бидний хоёр том барилгыг нурааснаас биш Америк орны суурийг ганхуулж чадахгүй, тэд байшингийн раам төмрийг хугалсан болохоос Америкийн зоригийг хугалж чадахгүй. Бид үүнд холбоотой ямар ч алан хядагчийг тэвчихгүй. Тэднийг хэн ч хамгаалж чадахгүй ” гэв.

 Түүний ууртай мэдэгдэл хариугаа авахаа бүрэн илэрхийлснийг дэлхийн хэвлэлүүд онцолж байлаа. Ингээд 2001 оны 10-р сарын 7-нд Афганистан дахь талибаны дэглэмийг арилгах, Осама Бин Ладены алан хядах ажиллагааны эсрэг Америкийн цэрэг Афганистанд орж ирсэн юм. Америкийн цэрэг ердөө хоёрхон сарын дотор Афганистан дахь талибаны дэглэмийг устгажээ. Дарлалаас бусдыг хамгаалах Америкийн сайхан сэтгэлийн ард Осама Бин Ладенаас хариугаа авах асар их хүсэл байсаар байсан. Тэд одоог хүртэл энэ төрлийн нэрийдлээр Ойрхи дорнодын орнуудад цэргээ байрлуулсаар буй. Гэвч өнөөдөр 12 жилийн тэртээх тэр л өдрийг зөвхөн эмгэнэж дурсъя. Нуран унасан хоёр барилгын нурангид дарагдаж 3000 хүн хорвоог орхижээ. Тэнд Нью-Иорк хотын гал сөнөөгчид, эмнэлгийн ажитнууд, цагдаагийн ажилтнууд, энгийн иргэд байсан гэдэг. Тэр гурван мянган халуун амь дунд бяцхан охины хайртай ээж, бяцхан хүүгийн хайртай аав, хэн нэгний халамжит хань, аль нэг гэр бүлийн амьдралын баталгаа болсон тэжээгч гол хүн нь ч байсан байх. Ингэж бодохын зуургүй зүрх шимширмээр. Энэ л утгаар тэр өдрийг дурсъя, хүн сэтгэлээр амь үрэгдэгсдийг хүндэлье. Шинэ зуун ингэж эмгэнэлээр эхэлсэн юм. Дэлхий мартах учиргүй. Өнөөдөр 9-р сарын 11.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.