Давхар дээлийг эсэргүүцэгчид давхар дээлийг хүсэмжилсэн нь
Засгийн газрын гишүүнд нэр дэвшигч УИХ-ын зургаан гишүүнийг давхар дээлний асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаад дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Ерөнхий сайдын тухайд Засгийн газрын гишүүнд нөхөн томилогдох сайд нарын асуудлаар Ерөнхийлөгчтэй нэгэнт зөвшилцөж, санал солилцсон тул эцсийн байдлаар Ерөнхийлөгчийн дэмжихгүй гэдэг байр суурь тийм ч чухал биш аж. Ерөнхийдөө ээлжит бус чуулганаар Засгийн газрын зургаан сайдыг асуудалгүй нөхөн томилоод явчих болов уу гэдэг таамаг улс төрийн хүрээнд байна.
Давхар дээл өмсөхийг М.Зоригт, Г.Баярсайхан нар эсэргүүцэж байсан нь...
Ерөнхийлөгчийн зүгээс 2014 оны хавар давхар дээлийг тайлуулах тухай хуулийн төслийг санаачилж, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын албан тушаалыг нэг хүн давхардуулан хашиж болохгүй гэдэг зарчмын байр суурийг илэрхийлж байлаа. Ц.Элбэгдоржийн анхлан дэвшүүлж байсан давхар дээлийг тайлуулах тухай хуулийн төслийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Шийдлийн Засгийн газрыг огцруулах улс төрийн ээлжит явуулга байсан гэдгийг өдгөө ч илэрхийлсээр буй.
Тэгвэл 2014 оны хаврын чуулганаар давхар дээлтэй холбоотой хуулийн төслийг их хурлаар хэлэлцүүлж байх үед уг хуулийг хамгийн ихээр алга ташин дэмжиж байсан хүмүүс бол АН дахь МоАХ фракцынхан бөгөөд Х.Баттулга ч өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлж сайдын суудлаасаа татгалзаж давхар дээлээ тайлж буйгаа зарлаж байлаа. Харин түүний тайлсан дээлийг яаран давхарласан Ш.Түвдэндоржийг тэрбээр "алсын хараагүй улстөрч” хэмээн хэвлэлээр дамжуулан зэмлээд фракцаасаа хөөсөн юм.
Эргэн сануулахад хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр тухайн үед Засгийн газрын сайд нарыг давхар дээлээ нэн даруй тайлахыг Р.Бурмаа, Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт нар уриалаад, эцэстээ намынхаа байр суурийн эсрэг кноп дарсан гэх үндэслэлээр АН-аас хөөгдөх хэмжээний асуудалд ороогдож байлаа.
Тэгвэл давхар дээлийг тайлуулах тухай халуун сэдэв хараахан хөрж амжаагүй шахам байхад эсэргүү гишүүдээс хамгийн түрүүнд сайд болсон нь Р.Бурмаа болов. Харин өдгөө түүний араас М.Зоригт сайдын суудалд санаархаж, давхар дээл хөдрөхөөр зэхэж сууна. Түүний жиргээ хуудастаа бичсэнээр бол өөрөө сайд болох хүсэлтээ Ерөнхий сайд хийгээд намын бүлэгтээ илэрхийлснээр уг асуудал ногоон гэрлээр дэмжигдсэн аж.
2014 онд М.Зоригт хэвлэлд "Би давхар дээлийг дэмжихгүй” гэсэн малгай гарчигтайгаар өгсөн ярилцлагадаа, "Засгийн газрын гишүүд тэр аяараа шахуу УИХ-ын гишүүн болчихоор Засгийн газрын гишүүдийн УИХ-даа нөлөөлөх нөлөөлөл нь маш өндөр болчихоод байгаа юм. Тэгэхээр Засгийн газар нь хуралдаад байна уу, УИХ нь юм уу гэдэг нь ялгагдахаа больчихож байна шүү дээ. Зарим байнгын хороо, нам, бүлгийн хурал хоорондоо бараг ялгаагүй болчих жишээтэй. Жишээ нь, Ардчилсан намын зарим хурлыг ялгахад хэцүү байдалтай байгаа. Зүй нь энэ бүхний зааг салж байж, УИХ нь бодлогын чанартай ажлаа хийх боломжтой болно. Хяналт тавих боломж нь дээшилнэ. УИХ Засгийн газрыг шахаж, түлхэж ташуурдаж ажиллах боломж нь бүрдэх боломжтой болно гээд эерэг үр дүн их. Давхар дээлийг тайлуулж, УИХ, Засгийн газар нь үндсэн үүргээрээ ажиллах эрүүл систем рүү түрүүлж орох нь монголчууд бидэнд л хожоотой” хэмээн ярилцлага өгсөн хэвлэлийн хуудас шарлаж ч амжаагүй байна.
Харин өнгөрөгч 2014 оны хаврын чуулганаар "УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын сайдаар ажиллах нь чуулганы хуралдаандаа суудаггүй, хурал тасалдаг, өгсөн үүрэг даалгаварт хойрго ханддаг. Иймд одоогоос хуулийг хэрэгжүүлээд явах ёстой” хэмээх байр суурийг илэрхийлж явсан Г.Баярсайхан мөн л одоогоос хоёр сарын өмнө АН МАН-ын сайд нарыг Засгийн газраас гаргах тухай асуудал ид яригдаж байх үед, "Ажлаа хийж чадахгүй байгаа МАН-ын сайд нарыг Засгийн газраас гаргасан нь зөв байх. Харин оронд салбараа мэддэг мэргэжлийн хүмүүсийг сайдаар томилох нь зүйтэй. Миний тухайд сайд дарга болж, давхар дээл өмсөх ямар ч сонирхол алга” гэдгээ илэрхийлсэн тэрбээр өдгөө Хөдөлмөрийн сайд болохоор Төрийн ордонд манаргаж явна.
Тэгвэл чуулганы хуралдаан дундуур Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй татварын бодлогыг хүчтэй шүүмжилж байсан гишүүн Б.Болор мөн л шүүмжилж байснаа таг мартчихаад Ч.Сайханбилэгийн танхимд татварын асуудал эрхэлсэн Сангийн сайдаар нь ажиллахаар яригдаж явааг юу гэлтэй.
Г.Баярсайханы тухайд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах санал хураалтаас чуулганы хуралдаанаас бултах замаар дэмжлэг үзүүлсэн гишүүдийн нэг яах аргагүй мөн. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулснаар давхар дээлтэй болсон Р.Бурмаа, өдгөө давхар дээл өмсөхөөр зэхэж буй М.Зоригт нар мөн л тухайн үед МАН-ын 26, Шударга ёс эвслийн 2 гишүүн дээр нэмэгдэж огцруулах кноп дарсан АН-ын найман гишүүдийн нэг гэдгийг өдгөө олон нийт мартчихсан хэмээн тэд бодож яваа бололтой.
Намын даргадаа үнэнч байсны төлөөх шагнал
Мөн л сар гаруйнхны өмнө "Сайд болох хүсэлгүй” тухайгаа сэтгүүчдэд хуучилж суусан гишүүн З.Баянсэлэнгэ энэ удаад Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшээд явж байна. Шударга ёс эвслээс сайд хийгээд явчих Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог гэх мэтийн гишүүд харагдаж байгаа ч "Үндэсний удирдагч” энэ удаад өөрт нь үнэнч байсан албатуудаа сайд ч болгож чаддаг, өөрөөс нь урвасан хүмүүсийг гудамжид ч гаргаж чаддаг гэдгээ харуулахыг хүссэний тодорхой жишээ нь З.Баянсэлэнгэ бололтой.
Н.Энхбаярт үнэнч байж түүнийг УИХ-д орж ирсэн тохиолдолд өөрийн суудлаараа найр тавихад бэлэн гэдгээ өнгөрсөн хугацаанд хангалттай илэрхийлсэн Ц.Оюунбаатарыг ч намын дарга нь өөрт нь үнэнч байсны төлөө Шадар сайдын суудлаар шагнаж байгаа аж. Түүний тухайд С.Ганбаатарт, Г.Уянга нартай хамтран өмнөх удаад Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээг байгуулсных нь төлөө эсэргүүцэж, шаардлагатай гэж үзвэл огцруулах нь зүйтэй хэмээн илэрхийлж явсан нэгэн.
Н.Батцэрэгийг Ц.Оюунбаатарын оронд Шадар сайдаар томилогдож болох арай дөнгүүр нэгэн гэдэгтэй тоймчид санал нэгдэж буй. Даанч тэрбээр эвсэл дотроо давуу эрх эдэлдэг МАХН-ын гишүүн биш МҮАН-ынх учир энэ удаад Шадар сайд бус Байгаль, орчин ногоон хөгжлийн яамны сайдын суудал оногдож буй бололтой. Түүний тухайд мөн л давхар дээл өмсөхийг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг. Гэвч давхар дээл өмсөж үзэхээр шийдсэн нь энэ ажээ.
Үндсэндээ Засгийн газрын сайдад нэр дэвшигдэж буй УИХ-ын зургаан гишүүний ой санамжийг цухас уудлахад ийм байна. Тэд өчигдөрхөн давхар дээл, Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг эсэргүүцэж байсан бол өнөөдөр харин эсрэгээрээ.