Хубилай хааны түр үзэсгэлэн нээгдэнэ

1132
     Хубилай цэцэн хааны мэндэлсний 800 жилийг ойг тохиолдуулан "Хубилай цэцэн хааны өв” түр үзэсгэлэнг  зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн  Монголын Үндэсний Музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 15-аас 10 дугаар сарын 20-ны хооронд гаргахаар болсон байна.

      Тус үзэсгэлэнг БСШУЯ –ны "Палеонтологи, археологийн музейн шинэчлэл” төслийн нэгж  болон Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн Археологи, Антропологийн тэнхим, Үндэсний номын сан, Төрийн түүхийн музей нар хамтран нээхээр болжээ.

     Монголын эзэнт гүрний 4 дэх их хаан, Юань гүрнийг үндэслэгч Хубилай хааны түүхэн үйл хэрэг зөвхөн Хятадад нэгдсэн улс тогтсон бус Монгол, Төвд, Солонгос, Аннам гээд Азийн ихэнх орныг нэгтгэсэн Монголын эзэнт гүрэн бүрэн төгс бүрэлдэн тогтсон түүхийг олон нийтэд сурталчилан таниулахад үзэсгэлэнгийн зорилго оршиж байгаа юм.

       Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь Монгол нутгаас олдсон Юань гүрний үед холбогдох археологийн чухал дурсгалууд, бичгийн дурсгал, өв соёлыг олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүлэх юм. МөнЮань гүрэн болон Монголчуудын хэлхээ холбоог эрдэмтдийн судалгаанд үндэслэн хүргэх гэнэ. Ингэхдээ Хубилай цэцэн хааны намтрын товчоон, Юань гүрний үеийн Монголчуудын соёл, Юань гүрний үеийн гэрэлт хөшөө зэрэг олон сонирхолтой зүйлсийн дэлгэн  тавихаар бэлтгэж байгаа юм байна.

      Түүнчлэн  урьд өмнө дэлгэн тавигдаж байгаагүй олон сонирхолтой үзмэрүүд байх ажээ. Тодруулбал  "Хубилай хаан ан хийж буй нь” зургийн үед холбогдох хувцас, эдлэл, хэрэгслүүд бодитоороо үзэсгэлэнд тавигдах гэнэ.

М.Март

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>