Р.Эмүжин: За ингээд Кремль

633



За ингээд Кремль. Улаан талбайд Донын хасагууд гоёмсог тоомсог морьдтойгоо сургуулилт хийж байхтай таарав. Нээрэн энд "Тарас Бульба" нэртэй ресторан бий. Шарсан мах нь янзтай, шар айраг нь жинтэй гэлцэх. "Дөлгөөн Дон"-ыг уншиж өссөн болоод ч тэр үү, Оросын хязгаар нутгийг хамгаалан суудаг халуун цуст Донын хасагууд сэтгэлд дотно. Москвагаас бас нэг зүйлийг анзаарав. Энд англи үг үсэг, хятад, солонгос, япон ханзаар гаднах хаягаа бичсэн үйлчилгээний газар ер тааралдахгүй юм. Тийм журамтай аж. Хуулиа мөрдөнө, мөрдүүлнэ ч гэж чанга.

Нөгөө юухны ч завсар шургаж амждаг хятад, солонгосууд хаягаа тавихдаа кирилл үсгийг ханз хэлбэрээр маяглуулан бичиж " амиа аварчээ" . Москвагийн гудамж талбайгаас Оросын улстөрчдийн эх орноо, хотоо гэсэн урвашгүй чанар илэрхий харагдах юм. Энд хооронд нь метрийн зайтай шахаж барьсан барилга, зам талбай руу түрж орж ирсэн байшин ер үгүй. Харин манай Улаанбаатараас Монголын улстөрчдийн хувиа хичээсэн мөн чанар хаа ч явсан нэвт үнэртдэг. Мэдээж, оросууд ч бас ил далд идэж уудаг л байж таарна. Гэхдээ манайхан шиг увайгүй загнаж чаддаггүйд л ялгаа нь байх шиг. Ленинээ муулаад л, Марксаа адлаад л байсан. Тийм хэдий ч хөшөөг нь зөөсөнгүй. Хөсөр хаясангүй. Алдаа оноотойгоо түүх гэдэг түүхээрээ л үлддэгийг Оросын эрх мэдэлтнүүд мэддэг нь сайхан. Аль нэгэн хөшөөг зөөж, төв талбайнхаа нэрийг солиод л алдаагаа засчихдаггүйг холыг харж, алсыг тэмтэрдэг хэн бүхэн мэдэх л учиртай.

----------------------------------------------------------------------------------------------------------

Москвад Монголтой холбоотой дурсгал олон. Улаан талбайн хажууханд орших "Метропол" зочид буудлын гол хананд ийм нэгэн түүх өгүүлсэн чулуун самбар байх. Д.Сүхбаатарыг үгүйсгэж, Москвад В.Ленинтэй уулзсаныг нь худлаа хэмээн тайлбарладаг хүн цөөнгүй. Харин энд түүхийн тэр нэгэн мөчийг ийнхүү баримтжуулжээ. Кремлийн бахархал болон хараа булаасан жанжин В.Жуковын хөшөөнд бас л Монгол зан заншил шингээстэй байдаг гэж Оросын судлаачид үздэг. Ялангуяа моринд эрэмгий монгол араншин энэ хөшөөг тодотгодог аж. Монголчууд морь унаж холыг туулахдаа дөрөөн дээрээ босч давхидаг. Харин оросууд дөрөөн дээрээ босох нь үгүй, лавхан сууж, ахиулан тухалдаг. Энэ хөшөөнд В.Жуковыг дөрөөн дээрээ боссон байдлаар дүрсэлсэн нь монгол хэв маяг гэж үзсээр иржээ.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Кремль гэдэг нь хэрэм гэсэн монгол үгнээс үүдэлтэй гэх. Тэртээ 13-р зууны үед илд агсаж, их зорилго өвөрлөсөн хээрийн салхи шиг хэнэггүй монголчууд хоёр ч удаа харвасан сум мэт дайран орж ирэхдээ Кремлийн модон хэрмийг галдан шатааж, гардан эвдсэн түүхтэй. Монголчуудын довтолгооноос хамгаалан Кремлийн ханыг дахин засварлахдаа далайсан сэлэм шиг давилуун морьтнуудыг сатааруулах гэж шатаасан тоосго ашигласан юмсанж. Кремль 868 жилийн түүхэндээ гурван удаа шатсан агаад монголчууд хоёр удаа, Напелеон Бонапарт нэг удаа агуу Оросыг чичрүүлсэн нь энэ. Монголчуудын дайралтын түүхийг өгүүлэх эл урт наст улаан хэрэмний дэргэд энэ цагийн монгол бүсгүй нэгэнтээ саатав.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>